Улаанбаатар хотын түгжрэл ихээр үүсдэг орон сууцны хороолол, худалдаа үйлчилгээний төвүүд орчмын зарим хөдөлгөөнийг маргаашаас /2019.07.25/ нэг чигийн хөдөлгөөний зохион байгуулалтад шилжүүлэхийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Тиймээс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар нэг чигийн замын хөдөлгөөний чиглэл, зохион байгуулалтад бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо буюу “Ард” кино театр, 23 дугаар сургууль, Мөнгөн завьяа орчмын орон сууцны хороолол дундуур өнгөрдөг зарим замуудыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгож буй аж.
Мөн Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороо буюу “Голомт” банк, “Компьютер ланд” төв орчмын зарим замууд болон Баянзүрх дүүргийн зургадугаар хороо буюу “Баянзүрх” захын баруун, урд гудамж, тус дүүргийн дөрөвдүгээр хороо буюу Жуковоос “Гялс” төв хүртэлх замуудыг долдугаар сарын 25-наас нэг чигийн хөдөлгөөний зохицуулалтад оруулах юм.
Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр “Улаанбаатар хотын зарим нэг орон сууцны хороолол, худалдаа үйлчилгээний төвүүд орчмын хөдөлгөөнийг маргаашаас /2019.07.25/ эхлэн нэг чигийн хөдөлгөөний зохион байгуулалтад шилжүүлнэ.Өөрөөр хэлбэл орон сууцны дундах сөрөг хөдөлгөөнтэй хоёр эгнээ замд өөд өөдөөсөө автомашинууд хараад зогсчихдог шүү дээ. Тиймээс нэг чигийн хөдөлгөөнтэй болгон зохицуулж байгаа юм. Ойролцоогоор 10 орчим газар бий” гэв.
А.СҮРЭН