Манай сайт өчигдөр /7.23/-ийн дугаартаа “Тендер шалгаруулж чаддаггүй төр” гэсэн нийтлэл бэлтгэн хүргэсэн билээ. Аялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд нуур, голын эрэг дагуу амарч, зугаалах нь элбэг. Гэвч хог хаягдал их, энд тэндгүй ил задгай бие засаж буй талаар цахим орчинд мэдээлэл түгсээр буй.
Үүний дагуу бид БОАЖЯ-наас тодруулга мэдээ авсан бөгөөд яамны зүгээс “Өгийнуур”, “Ганга” нуурыг хамгаалж, тохижуулахад зориулж төсөв баталж, тендер шалгаруулж байгаа талаар мэдээлсэн билээ. Тодруулбал, “Өгий нуур”-ыг хамгаалахад 2019 оны төсөвт хоёр тэрбум, “Ганга нуур”-ын хувьд тэрбум гаруй төгрөг төсөвлөсөн аж. Энэ дагуу Төрийн өмчийн хорооноос эхний тендерийг гуравдугаар сарын 21-нд зарласан боловч өдийг хүртэл ажил нь эхлээгүй байна.
БОАЖЯ-ны газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар ярихдаа “Яам бодлогоор тухайн засаг, захиргааны нэгжид усны ай сав газрын эко системийн хамгаалалтын асуудлыг хариуцаж ажиллах эрх мэдлийг шилжүүлсэн. Тиймээс сайдын тушаалаар аймгууд өөрсдөө Төсвийн тухай хуулиа баримтлан төсвөө зарцуулна” гэсэн юм.
Тендерийн шалгаруулалт хийгээд, төсвийн зарцуулалт, хийгдэх ажлын талаар мэдээлэл авахаар Архангай аймгийн ЗДТГ-ын “Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Энхтайвантай холбогдлоо. Тэрбээр яриахдаа “Өгийнуурын хамгаалалтын ажилд нийтдээ дөрвөн тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс 2019 онд хоёр тэрбумын ажил хийгдэнэ. Уг тендерт “Эвт-Уул” компани долдугаар сарын 18-нд шалгарсан боловч гэрээ байгуулаагүй, хугацаагаа хүлээж байна.
Шалгарсан компани “Өгий нуур”-ын усны төвшинг нэмэгдүүлэх зорилгоор “Орхон” голоос суваг, шуудуу татах, нуураа хамгаалахын тулд тойруулаад бетон цементээр хашлага хийх, ойр хавьд байгаа айлуудад худаг гаргах зэрэг олон ажил хийнэ” гэсэн юм. Тэрбээр хэдэн айлд худаг гаргах тухайгаа хэлээгүй боловч нэг худгийг дор хаяж 20 сая төгрөгөөр хийнэ гэлээ.
“Өгий нуур”-ыг хамгаалах хоёр тэрбумаар хийгдэх ажлын жагсаалт цахим сайтад байршуулсан гэсний дагуу www.tender.gov.mn сайт руу орж үзвэл “Өгий нуурыг хашиж хамгаалах, тохижуулах хогийн цэг байгуулахад 50 сая, Өгий нуур суманд нийтийн биеийн тамирын талбай байгуулахад 15 сая, мөн сумын Зэгстэй багт явган хүний зам тавьж, тохижуулахад 17 сая, Ахмадын өргөө барихад 70 сая төгрөгийн тендер тус тус зарлагдсан байв.
“Өгий нуур”-ын тохижилт, хамгаалалтад зориулсан төсвийг ингээд сумын хэмжээнд арай цацчихаагүй байгаа гэсэн эргэлзээ төрөв. Дөрвөн тэрбум гэдэг их мөнгө. 2019 онд суусан хоёр тэрбум ч бас бага биш. Зориулалтаар нь зарцуулбал нуур хамгаалах, арчлах асуудал ядаж л боловсон нойл, хогийн цэг хийхэд хангалттай хүрэх төсөв. Ирэх зун иргэд ч хоггүй, ялгадасгүй баярлана.
“Ганга” нуурын хамгаалалт, тендерийн асуудлаар бид мөн Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын өрөөний 7051-8674 дугаар луу олон дахин залгасан боловч утсаа авсангүй.
Байгаль орчин, газрын харилцааны бодлогын мэргэжилтний 7051-8237 дугаарт залгаж, хариуцсан мэргэжилтэн Б.Учралтай холбогдлоо. Тэрбээр “Төрийн өмчийн хорооноос дөрвөн сард зарлагдсан тендер шаардлага хангаагүй гээд буцсан. Хийгдэх ажлын даалгаврыг Яамнаас Төрийн өмчийн хороонд өгсөн. Энэ талаар бидэнд мэдэх зүйл огт байхгүй. Миний ярьсан бүгд бас баталгаагүй шүү” гэлээ. Уг нь “Энэ сэдвээр хариулах мэргэжилтэн би байна” гээд утсаа авсан юм. Яг мэдээлэл өгөх болохоор мэдэхгүй болоод хувирчихав.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар л бүхнийг мэднэ гэж хэлсний дагуу тус газар луу залгахад өөдөөс “Манайх зөвхөн техникийн асуудлыг хариуцдаг, тендер зарласан газар л бүх мэдээллээ өгөх ёстой. Бид мэдэхгүй” гэсэн хариулт авлаа. Үүний дагуу www.tender.gov.mn хаяг руу орж үзвэл Захиалагч нь “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, санхүүжилт-Улсын төсөв, нийт төсөвт өртөг хоёр тэрбум, зарлагдсан хугацаа 2019.03.21 гэсэн байв. Тэгэхээр “Ганга нуур”-ыг хамгаалах төсөвт өртөг тэрбум гаруй бус хоёр тэрбум болж байна.
БОАЖЯ-ны газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар “Тендерийн маргааны улмаас багагүй цаг алдсаны эцэст “Шимт газар” гэх компани шалгарсан. Тендер цагтаа шалгарсан бол таван сар гэхэд гүйцэтгэл дуусах байлаа” гэв.
Тайлбар нэмэхэд, “Ганга нуур” нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас 12 км зайд орших байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар юм. Энд намар мянган хунгийн чуулган болдог. Түүнийг үзэхээр дотоод, гадаадын олон жуулчин цугладаг. Гэвч сүүлийн үед “Ганга нуур ширгэлээ” хэмээн нутгийн иргэд ихээр ярьж, тэмцэх болсон юм. Тендерээ хүлээж байх хооронд энэ сайхан нуур ширгэж л байг уу?
Ц.АРИУНЗАЯА
Холбоотой мэдээ