Мөрөн хотын 210 жилийн ой, Хотгойдын хурд 4 наадмыг зохион байгуулах ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн хөлбөмбөгийн талбай болон баяр наадмын төв талбай, мөн шинээр байгуулсан “Гэрэлт гудамж"-ийг олон улсын стандартад нийцсэн орчин үеийн гэрэлтүүлгээр тоноглолоо.
Энэ ажлыг УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн санаачилга дэмжлэгээр нийт 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ нь зөвхөн баяр наадмын үйл ажиллагаанд өнгө гэрэл нэмээд зогсохгүй Хөвсгөлчүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хүүхэд залуучууд ая тухтай орчинд спортоор хичээллэх, бие бялдрын хувьд өв тэгш хөгжих, тамирчдын бэлтгэл сургуулилтын нөхцөл сайжирч, амжилтад нь эерэгээр нөлөөлөх боломжтой зэрэг олон чухал ач холбогдолтой юм.
Гэрэлтүүлгийн онцлог нь 25 метрийн өндөртэй 36 лед гэрэл бүхий 4 багц гэрэлтүүлгийн цамхаг барьж байгуулжээ. Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан байгуулсан тус цамхгийн гэрэлтүүлэг нь эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй ЭКО гэрэлтүүлэг бөгөөд, засвар үйлчилгээ хийх тохиолдолд цамхгийн суурийг нь 2 метр хүртэл буулгаж болдог, ашиглахад хялбар ухаалаг шийдэлтэй аж.
“Хотгойдын хурд -4” наадмын нээлтийн ёслолыг 2019 оны 7 дугаар сарын 26-ны 21:00 цагт шинэ гэрэлтүүлэг хийсэн талбайдаа зохион байгуулах бөгөөд энэ нь Монголд анх удаа шөнө хийх баяр наадмын нээлтийн ёслол болох юм.
Мөн түүнчлэн энэ жил Хөвсгөл аймгийн Хөлбөмбөгийн холбооны 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд ирэх 8 дугаар сарын 5-15-ны өдрүүдэд 21 аймгийн хөл бөмбөгчдийн ”Цомын төлөөх” тэмцээн Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор Хөвсгөл аймагт анх удаа зохион байгуулагдах юм.
Эх орныхоо өнцөг булан бүрээс зорин ирэх баг тамирчид, зочид төлөөлөгчдөө олон улсын стандартын шаардлага хангасан шинэхэн гэрэлтүүлэгтэй талбайдаа угтан авч үндэсний хэмжээний томоохон тэмцээнийг зохион байгуулах боломж Хөвсгөлчүүдийн өмнө нээгдлээ.
Хөвсгөл аймгийн Хөлбөмбөгийн холбооны тэргүүн, одоогийн эрчим хүчний сайдын зөвлөх Т.Болдбаатар энэ ажлын гүйцэтгэлийг гардан зохион байгуулж байгаа бөгөөд, тэрээр аймгийнхаа хөлбөмбөгийн талбайн зүлэг, гүйлтийн зам байгуулж өгч байв.
Шинэ гэрэлтүүлгийн ажлыг ”ФИЛИПС ГЭРЭЛТҮҮЛЭГ”ХХК гүйцэтгэсэн бөгөөд энэ төрлийн гэрэлтүүлгийг Сүхбаатарын талбай, "Чингис хаан" нисэх онгоцны буудал зэрэг томоохон байгууламжид суурилуулж байсан туршлагатай хамт олон юм.
Аливаа баяр наадмыг зохион байгуулсны дараа энд тэндгүй хог хаягдал хөглөрөн орчныг бохирдуулдаг байдал ард хоцорч, иргэдийн ухамсар өөрчлөгдөж зохион байгуулагчдын үүрэг хариуцлага, бүтээлч байдал ч улам нэмэгдсэний нэгэн жишээ нь энэхүү гэрэлтүүлгийн ажил байлаа.
Хотгойдын хурд бүсийн наадам нь уяачдын чанар чансааг ахиулж, унаач хүүхдүүдийн ур чадвар, туршлагыг нэмэгдүүлэх, хурдан морьдын угшлыг сайжруулах зэрэг үндэсний спортын хөгжилд чухал нөлөөтэйгөөс гадна Хөвсгөл аймгийн нийгэм, соёл, аялал жуулчлал, бизнесийн салбарт болон нутгийн иргэдэд эдийн засгийн хувьд ч үр өгөөжтэй томоохон наадам болдог билээ.
Тус наадмыг санаачлан дөрөв дэх удаагаа зохион байгуулахтай холбоотой бүхий л ажлын ард тууштай байж, Хөвсгөл аймгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулан, шинэлэг бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон түүний ажлын алба, баг хамт олонд наадамчин олныхоо өмнөөс талархал илэрхийлье.
Холбоотой мэдээ