Узбекистаны чөлөөт бөхийн тамирчин байсан олимпийн аварга Артур Таймазовын “Лондон 2012”-ын аваргын алтан медалийг хураахаар болсон талаар BBC агентлаг мэдээлжээ.
Олон улсын олимпийн хорооноос “Лондон 2012” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 120 кг-ын жинд түрүүлсэн Артур Таймазоваас авсан шинжилгээгээр дахин туринабол илэрчээ. Тиймээс түүний аваргын алтан медалийг хураахаар болсон байна. Мөн мөнгөн медаль хүртээд байсан Гүржийн Давит Модзманашвили допингийн асуудлаас болж, медалиа хураалгаад байгаа билээ. Энэ жинд хүрэл медалийг ОХУ-ын Билял Махов, Ираны Комейл Гасщми нар хүртсэн юм. Одоогоор энэ жингийн медалийг хуваарилах асуудлыг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос шийдэх аж.
Сонирхолтой нь, энэ жинд өрсөлдсөн Монголын тамирчин Ж.Чулуунбат шагналт долдугаар байр эзэлсэн. Түүний хувьд Сенегалын бөхийг ялж, ОХУ-ын Б.Маховд ялагдсан ч цааш дагах барилдаан гараагүй юм. Учир нь Махов хагас шигшээд мөн допингийн асуудалд медалиа хураалгасан Гүржийн Давит Модзманашвилид ялагдсан. Энэ жингийн алт, мөнгөн медаль болон хүрэл медалийн эздийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гаргахаар болжээ.
Допингийн асуудлаас болж аваргын алтан медалиа хураалгах болсон Артур Таймазов “Бээжин 2008” олимпийн наадмын медалиа хураалгаад байсан юм. Түүний хувьд 2000, 2004, 2008, 2012 оны олимпийн наадамд дараалан финалд үлдэж байсан ч хоёр алтан медалиа хураалгаад байна. Артур Таймазовт “Сидней 2000”-ын мөнгө, “Афин 2004”-ын алтан медаль үлдлээ.
Өдгөө 40 настай Таймазов ОХУ-ын Төрийн Думын депутатын алба хашиж байгаа бөгөөд Олон улсын олимпийн хорооны шийдвэрийг хүлээж авахгүйгээ мэдэгдэж, давж заалдахаар болжээ.
ЭХ СУРВАЛЖ: https://www.bbc.com