Олон улсын сансрын станцад байрлаж буй хүмүүст хоол хүнс, ус, хүчилтөрөгч болон бусад хангамж хүргэх пуужин хөөргөлт удаа дараа бүтэлгүйтсэн ч эцэст зорьсондоо хүрчээ. ОХУ өнгөрсөн баасан гаригт Казахстан дахь Байконур сансрын буудлаас хангамж ачсан пуужин хөөргөсөн юм.
Улмаар нисэгчгүй сансрын хөлөг өчигдөр /VII.5/ олон улсын сансрын станцад амжилттай залгагдсан байна. Олон улсын сансрын станцад ОХУ-ын Геннадий Падалка, Михаил Корниенко, НАСА-гийн Скотт Келли нар хангамжаа хүлээн авчээ. Хангамжаа авсныхаа дараа сансрын нисгэгчид “долдугаар сард Зул сар болсон мэт санагдаж байна” хэмээн баярын сэтгэгдэлээ хуваалцжээ.
Өмнө нь хангамж ачсан ОХУ-ын “Progress 59” пуужин өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр хөөрснийхөө дараа удирдлагагүй болж, дэлхийд эргэж буухдаа шатсан юм. Мөн өнгөрсөн сард НАСА Флоридагаас “SpaceX” пуужинг хөөргөх үеэр дэлбэрч бүтэлгүйтсэн билээ.
Үүний зэрэгцээ ОХУ энэ долдугаар сард олон улсын сансрын станц руу гурван хүнийг нэмж илгээхээр бэлтгэж байна. Олон улсын сансрын станц дэлхийгээс 400 км зайтай байрлан 90 минут тутамд дэлхийг тойрдог аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: CNN