Наадмаар дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Хуучирсан мэдээ: 2015.07.06-нд нийтлэгдсэн

Наадмаар дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Дугаарын хязгаарлалт баярын өдрүүдэд буюу энэ сарын 11-15 ны хооронд үйлчлэхгүй. Гэхдээ баярын өдрөөр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн морь барианы орчинд 100 метрээс дотогш тээврийн хэрэгсэл оруулахгүй байх зохицуулалтыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас хийжээ. Энэ нь наадамчин олон явганаар чөлөөтэй баярлах, ногоон орчин буюу автомашингүй бүсийг бүрдүүлэх зорилготой юм.  Харин замын ачааллаас шалтгаалан шаардлагатай тохиолдолд долдугаар сарын 11-ний өглөө наадмын нээлт эхлэхээс хоёр цагийн өмнө Замын цагдаагийн газрын баруун урд уулзвараас урагш “Баянмонгол” хорооллын баруун уулзвар хүртэл тээврийн хэрэгслүүдийг нэг чигийн хөдөлгөөнд оролцуулна. Мөн маргааш нь буюу долдугаар сарын 12-ны өглөө "Соёолон" морьдын уралдаан эхлэхэд Архангайн салдаг уулзвараас "Г", "Ү" зогсоол руу эргэдэг гарц хүртэлх замыг 07.00-09.00 цагийн хооронд зүүнээс баруун тийш, морьд уралдаж ирсний дараа "Г", "Ү" зогсоолоос Архангайн салдаг уулзвар хүртэл баруунаас зүүн тийш чиглэлд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын хөдөлгөөнийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Харин баярын өдрүүдэд жолооч нар Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын томоохон авто зогсоолуудыг ашиглахаас гадна Дүнжингарав худалдааны төвийн 4500-аас их, Мишээл экспо төвийн гадна талбайд 700-800 автомашины гаргасан  зогсоолыг үнэ төлбөргүй үйлчлэх  юм. Улмаар "Дүнжингарав-Төв цэнгэлдэх-Мишээл экспо" гэсэн чиглэлд автобус үнэгүй зорчино. Төв цэнгэлдэхэд нийт 2000 гаруй цагдаагийн албан хаагч хамгаалалтад гарч ажиллах бол Хүй долоон худагт 3000 гаруй цагдаа, 500 сонсогч хамгаалалтанд гарах юм. Мөн баярын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс төрийн болон төрийн бус байгууллагууд жижүүрлэн эргүүл хийнэ.


Баяр наадмын зөвшөөрлийн тухайд  Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, хурдан морины бариа явах тээврийн хэрэгслүүдэд А,Ж,DK,Ү,Г,М /хөх, улаан/ гэсэн долоон төрлийн зөвшөөрөл олгогдоно. "А"-зөвшөөрлийг баяр наадмын зохион байгуулах төв комисс, "Ж"- зөвшөөрлийг нийслэлийн Аялал жуулчлалын газар, "D"-Гадаад харилцааны яам, "Ү"-дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хэлтэс, "Г"хөх, улаан "М"-зөвшөөрлийг Замын цагдаагийн газрын дүүргүүд дахв Замын цагдаагийн тасгаас олгох юм.


"А" зогсоол нь хоёр талбайтай. Эхний зогсоол нь Цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы баруун талд байрлана. Дээрх зогсоол руу орж ирэхдээ Чингисийн өргөн чөлөөгөөр Энхтайваны гүүрээр нэвтэрч, 120 мянгатын автобусны буудлын хойд уулзвараар баруун гар тийш эргэж "Оюунтүлхүүр" сангийн хашаанд зогсоно. Харин хоёр дахь зогсоол нь ЗЦГ-ын баруун урд уулзвараар нэвтэрч ХУД-ийн Гандийн гудамжаар яваад "DK" зогсоолын хойд барилгын талбайд байрлана.

"Ж" зөвшөөрөл нь  "А" зөвшөөрлийн нэгэн адил чиглэлүүдээс ирэх боломжтой. Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойд талд тэмдэгт заасан газар байрлуулна.

"D" зөвшөөрөл "А","Ж" зогсоолын нэгэн адил замаар явж, Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд тэмдэгт заасан газар байрлуулна.

"Ү","Г" зөвшөөрөл ЗЦГ-ын баруун урд уулзвараар нэвтэрч Их Монгол Улсын гудамжаар яваад баруун гар тийш нийслэлийн гудамж руу эргээд "Хурд" хорооллын урд зогсоол болоод "Суруга Монгол" компанийн зогсоол дээр байрлуулна. Харин Чингисийн өргөн чөлөөгөөр ирж буй тээврийн хэрэгсэл Зайсангийн гудамжаар явж, Зайсангийн арын замаар Маршалын гүүр, Олимпийн гудамж,  Их Монгол Улсын гудамжаар явж зогсоолын талбайд байрлуулна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж