Тиймээс Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах шинэ зохицуулалтыг өчигдөр /2019.07.23/ нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар болон холбогдох байгууллагаас танилцууллаа.
Шинэ зохицуулалтаар нийслэлийн замын хөдөлгөөнийг А, В, С гэсэн гурван бүсчлэлд хуваах юм. А, В бүсчлэлд байгаа бүх авто зогсоолыг төлбөртэй болгохоос гадна татвараа төлөөгүй, торгуультай, өнгө үзэмжгүй, үзлэгт хамрагдаагүй, тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаагүй автомашиныг нэвтрүүлэхгүй байхаар тусгажээ.
Ингэснээр хотын А, В бүс дэх автомашины хөдөлгөөн 50 хүртэл хувиар буурна гэдгийг албаныхан онцолж байв. Бүсчлэлийн тэмдгүүд нь замын хөдөлгөөний дүрмийн стандартад орсон албан ёсны тэмдэглэгээ байх юм. Энэ тэмдгийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар тэмдэг тэмдэглэлийн заалт зөрчсөн гэдэг заалтаар хариуцлага хүлээнэ гэдгийг албаныхан санууллаа.
Автозамын бүсчлэлийн талбай:
- А бүс: УБИС-ийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэл
- Б бүс: Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл.
- С бүс: дээр дурдсанаас гадуурх хэсгийг хамрах юм.
Нийслэлийн автозамыг гурван бүсчлэлд хуваахад ямар эерэг үр дүн гарах талаар нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр тайлбарлахдаа “Том зургаар нь харвал иргэд автомашины зөв хэрэглээ рүү орж байгаа юм. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад бид маш олон аргачлалыг судалж үзсэн. Замын бүсчлэлийг саяхнаас олон нийтэд мэдэгдэж байгаа боловч сүүлийн хэдэн жил хийсэн судалгаа төлөвлөгөө юм. Гэхдээ одоогийн байдлаар бид бүсчлэлийг эхний байдлаар хэрэгжүүлснээр түгжрэлийг бууруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, иргэд цаг хугацааны хувьд хязгаарлалт байхгүйгээр хүн бүр автомашинаа унаад явахаар 70 орчим хувь нь ганцхан жолооч л суугаад явж байдаг дүр зураг ажиглагдаж байна.
Анх дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлж эхлэхэд иргэдийн 80 гаруй хувь нь эсэргүүцэж байсан бол одоо дэмжээд, хэрэгжүүлээд явж байна. Тиймээс бид энэ бүсчлэлтэй дасан зохицох хэрэгтэй. Жолооч нар торгуульгүй байхын тулд дүрмээрээ явж эхэлнэ. Дүрмээрээ явж эхлэхээр зам тээврийн осол, түгжрэл багасна. Бидний бухимдал, эрсдэл байхгүй болно. Бид ирэх наймдугаар сараас замын бүсчлэлийн ажлаа хэрэгжүүлнэ” гэв.
Улаанбаатар хотод 2018 оны арванхоёрдугаар сарын байдлаар 89 мянга 400 тээврийн хэрэгсэл нэмэгдэж, 3330 тээврийн хэрэгсэл хасагдаж байгаа үзүүлэлт гарчээ. Жилд дунджаар 80 орчим мянган тээврийн хэрэгслээр нэмэгдэж байна гэсэн үг. Хэрвээ энэ үзүүлэлтээрээ бид цаашид явбал бид удахгүй тэг зогсолтод тулгарна гэдгийг албаныхан онцолж байлаа.
Замын бүсчлэлийг хэрэгжүүлэхээр нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон Газрын алба, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар гээд энэ асуудалтай холбоотой бүх агентлагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулжээ.
Уг ажлын хэсгээс сарын хугацаанд иргэдээс санал асуулга авч, 70 орчим хувь нь дэмжсэн гэдгийг хэлж байгаа юм. “Бид ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол болохгүй ээ. Бид сөрөг хандлагаас айгаад яваад байвал түгжрээд л байгаад байна. Энэ өөрчлөлтийн эхний алхам бол замын бүсчлэл. Бидний хамгийн бага зардлаар хамгийн зөв менежментийг хийж байна” гэдгийг С.Энхтөр дарга хэлж байв.
ГУРВАН БҮСЧЛЭЛИЙГ ЗӨВХӨН АЖЛЫН ЦАГААР ХЭРЭГЖҮҮЛНЭ
Тэрбээр “Замын бүсчлэлийг зөвхөн ажлын цагаар хэрэгжүүлнэ. Бид зөвхөн хотын замын хөдөлгөөнийг бүсчлэлээр нь хуваагаад орхихгүй. Нийтийн тээврийн хүртээмж, сүлжээ, ашиглалтыг сайжруулна. Хүмүүс автомашинаа хэрэглэх боломжгүй үедээ нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлнэ. Ингэхийн тулд нийтийн тээвэр хурдан, хүртээмжтэй, цагаа барьдаг, аюулгүй байх шаардлагатай.
Судлаачдын гаргасан дүгнэлтээр Улаанбаатар хотын Их тойруу дотор 20-30 минут алхах энэ зайнд 190 мянган оршин суугч амьдардаг. Тэгэхээр явган хүний зам, унадаг дугуйн замыг сайжруулахаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, бид иргэдийнхээ автомашингүй зорчих нөхцөлийг нь бүрдүүлж өгөхөөр анхаарч ажиллана” гэдгийг хэлсэн юм.
Цаашдаа Улаанбаатар хотын замын хөдөлгөөний замын системийг ухаалаг болгоно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв. Одоогоор механик ажиллагаатай байгаа гэрлэн дохио автомашин ихтэй хэсэгт мэдрэгчээрээ ногоон гэрэл түлхүү асах бол цөөн автомашинтай газар богино хугацаанд асах юм байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ