ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2019.07.23/ Төв аймгийн шүүхэд болсон ч ирэх наймдугаар сарын 12-ны өдрийг хүртэл хойшиллоо. Учир нь, шүүгдэгчдийн талаас шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул шүүх хурлыг ийнхүү хойшлуулсан байна.
Энэ удаагийн хуралд шүүгчээр Ц.Отгонжаргал, Ю.Энхмаа, Т.Батжаргал нар оролцсон ч ийнхүү шүүгдэгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзжээ. Тэдний хүсэлтийг хүлээж авах эсэхийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн шийдэх аж.
Шүүх хуралд хохирогчоор Б.Булган, Т.Чимгээ, Б.Содномдаржаа, гэрчээр ялтан Ц.Амгаланбаатар, шүүгдэгчээр Б.Хурц, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нар оролцлоо. Иймд манай сурвалжлах баг Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дараах сурвалжлагыг бэлтгэлээ.
ТӨВ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛСАН ШАЛТГААНАА ТАЙЛБАРЛАВ
Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан. 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тус хэрэгт Урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг товлон зарлаж, шүүх хуралдааныг хаалттай явуулахаар тогтоосон.
Шүүгдэгч Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан маш нууцын зэрэглэлтэй хэрэг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг дараахь тохиолдолд бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулна “ гэж, мөн зүйлийн 2.1-т “төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт шүүх хуралдааныг хаалттайгаар хянан шийдвэрлэхээр товлосон байна.
Шүүх хуралдааныг бүрэлдэхүүнтэйгээр 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч, гэрч, шинжээч бүхий 39 оролцогчтойгоор гэм буруугийн шүүх хуралдааныг эхлүүлэхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч, шүүгдэгч нараас шүүх хуралдаанд “гэрч Ц.Амгаланбаатарыг оролцуулах” тухай хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шүүх хуралдааныг 14 цаг хүртэл хойшлуулж, товлосон цагтаа эхлүүлэхэд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүх хуралдаанд Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн нь шүүх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “…энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа" гэж зааснаар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан.
Шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу татгалзан гаргах шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч багтаж байгаа, эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тухай тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ”
гэж зааснаар хүлээн авах үндэслэлтэй, дээрх үндэслэлээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй болсон тул шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж хэлэлцүүлэхээр шүүх хуралдааныг 2019 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 9.00 цаг хүртэл хойшлуулсан болно.
Б.ХУРЦ: БИ ТУШААЛ ӨГӨӨГҮЙ
Шүүх хурлын завсарлагааны үеэр генерал Б.Хурц "Эрүүдэн шүүх тушаал та өгсөн үү" хэмээн асуухад тэрбээр "Тийм зүйл байхгүй. Тушаал өгөөгүй. Шүүх хурал дуусаагүй байна" хэмээн хариулсан юм.
Энэ үеэр Б.Хурц нарын есөн хүний нэгийнх нь өмгөөлөгч Г.Батбаяр өөрийн байр суурийг илэрхийлсэн. Тэрбээр нууцын зэрэглэлтэй хэрэгт оролцож байгаа учир яг хэнийг өмгөөлж байгаагаа хэлэх боломжгүй гэв.
Өмгөөлөгч Г.Батбаяр "Энэ хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн байр суурьтай оролцож байгаа. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх этгээд нь хоригдол Ц.Амгаланбаатар шүү дээ. Тиймээс үүнийг мэдсээр байж мөрдөн байцаагчид мэтээр иргэдэд ойлгуулж болохгүй. Онц хүнд гэмт хэргийг илрүүлсэн хуулийнхныг буруутгаж болохгүй" гэв.
Б.СОДНОМДАРЖААГИЙН ЭЭЖ Л. ЖАВЗМАА "МИНИЙ ХҮҮГ ХЭЛМЭГДҮҮЛСЭН"
-Сүүлийн үед танай гэр бүлд УИХ-ын гишүүд анхаарлаа хандуулж байна. Нөхцөл байдал өөрчлөгдөж байна уу?Хамгийн сүүлд хүүтэйгээ уулзахад биеийн байдал нь ямар байсан бэ?
-Шударга гишүүд, шударга телевизийн хүчээр арга хэмжээ авч байна гэж ойлгож байна. Хүний эрхийг зөрчиж, миний хүүг дөрвөн жил хэлмэгдүүлж, хорин хэдэн жилийн ял өгчихөөд, ингээд байж байгаад Монголын ард түмэн, эцэг эх, ах дүү төрөл садан нь хэцүү байна шүү дээ. Тийм учраас өнөөдрийн энэ хурлыг маш сайхан болох байх аа гэж би итгэж найдаж байна. Шударга улсууд гарч ирж бидний зовж зүдэрч буй байдлыг ойлгож бидэнд хүч өгч буйд үнэхээр баярлаж байна.
-Шүүхэд та хэр итгэж байна. Өнгөрсөн хугацаанд таны шүүхэд итгэх итгэл буурсан байх?
-Өнгөрсөн хугацаанд шүүхэд итгэх итгэл өчүүхэн төдий ч байгаагүй. Дандаа хэлмэгдүүлж байсан. Миний хүүгээр барахгүй С.Зоригийг хөнөөсөн хэргийн төлөө гэхэд арваад хүнийг хэлмэгдүүлж, урсгалаар явж байсан. Одоо шүүхийг сольж, эрх мэдлийг өөрчилж, ардчиллыг байгуулж байгаа хүмүүстээ баярлаж байна.
-Та хүүтэйгээ хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Би түрүүчийн долоо хоногт уулзсан. Хүүгийн эргэлт байсан учраас уулзсан. Хүү маань үнэн мөн нь олдох байх гэсэн итгэлтэй байсан.
-Танай хүүг шоронд дарамталж байгаа гэв үү?
-Одоо дарамтлаагүй л дээ. Эмнэлэгт ирсэн.
-Танай гэр бүлийг дарамтлах явдал гарч байв уу?
Эхний үед орох орон байтугай гэртээ байхад ч хэцүү байсан. Тагнуулынхан дандаа тагнадаг байсан. Гэхдээ намайг хориогүй. Хоёр жилийн өмнө тагнуулынхан харж байдаг, гэрээс гарахад хэцүү байсан. Захиалгаар хүүг минь хэлмэгдүүлсэн.
Г.ЭРДЭНЭБАТ: ЯЛТНУУДЫГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ТУХАЙ МЭДЭЭГҮЙ
Хурал 14:00 цаг хүртэл завсарлах үеэр шүүгдэгч Г.Эрдэнэбатаас байр суурийг нь сонслоо. Тэрбээр “Ялтнуудыг эрүүдэн шүүсэн тухай мэдээгүй. Бидэнд мэдэх боломжгүй зүйлс гэж бий. Хэргийг хэрэгсэхгүй болгох талаар ч би мэдэхгүй. Тэр бол өмгөөлөгчийн байр суурь байх” гэсэн тайлбар өгсөн юм.
Б.БУЛГАНЫ ӨМГӨӨЛӨГЧ Ц.ГҮЕНБАТ: МАНАЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН
С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булган тус шүүх хуралдаанд хохирогчоор оролцлоо. Тэрбээр хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлэхээс татгалзсан бол түүний өмгөөлөгч Ц.Гүенбат дараах тайлбарыг хэлэв. Тэрбээр "Манай үйлчлүүлэгчийг 2015 оны арваннэгдүгээр сард С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт холбогдуулан цагдан хорьсон.
Хорьж байх хугацаандаа эрүүдэн шүүсэн. Хэрэв эрүүдэн шүүсэн бол цагдан хорьсон нь ч бас хууль бус гэсэн үг. Мөрдөн байцаах алба болон прокурорын зүгээс Б.Булганыг хохирогчоор оролцуулах санал гаргасан юм билээ. Үүний дагуу хохирогчоор оролцож байна” гэлээ.
Ийнхүү шүүх хуралдаанд оролцогчид 16.00 цагийн орчимд шүүх танхимаас гарч ирсэн бөгөөд шүүх хуралдаан ирэх сарын 12-ныг хүртэл хойшлов.
Э.АРИУН
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН
Холбоотой мэдээ