Солонгос, Японы зөрчлийг хурцатгах ашиг сонирхол

Хуучирсан мэдээ: 2019.07.24-нд нийтлэгдсэн

Солонгос, Японы зөрчлийг хурцатгах ашиг сонирхол

Солонгос, Японы зөрчлийг хурцатгах ашиг сонирхол

Өмнөд Солонгосын нисэх хүчин Мягмар гаригт агаарын орон зайд нь нэвтэрсэн ОХУ-ын байлдааны нисэх онгоцонд анхааруулга өгөх зорилгоор 360 удаа сум тавьсныг Сөүлийн албаныхан мэдэгдлээ. Оросын хоёр ширхэг ТУ-95 бөмбөгдөгч болон “A-50” нисэх онгоц Өмнөд Солонгосын зүүн эргийн ойролцоо нисч явахдаа агаарын хилийг нь нэвтэрсэн аж.

ОХУ-ын талаас хоёр ширхэг ТУ-95 бөмбөгдөгч нь өөрийн чиглэлийн дагуу далай тэнгисийн дундын бүсэд нислэг үйлдэж явсан гэж мэдэгджээ. Мөн тус улсын байлдааны онгоц мэргэжлийн бус маневр хийснээс Өмнөд Солонгосын талд заналхийлэл мэт харагдсан бололтой. Гэхдээ Өмнөд Солонгосын талаас гал нээгээгүй гэж мэдэгдсэн байна.

Сөүл дэх ОХУ-ын Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Максим Волков ба Өмнөд Солонгосын улс төрийн асуудал хариуцсан дэд сайд Юн Сон Гу

Сөүлийн албаныхны мэдээлснээр, Оросын байлдааны нисэх онгоцууд тус улсын агаарын хилд хоёр удаа нэвтэрснээр нийт 360 удаа сум тавьсан гэжээ. Эхний удаа Өмнөд Солонгосын нисэх хүчний “F-16” байлдааны онгоцууд хил зөрчигчийн эсрэг 10 удаа анхааруулах гал нээсэн ба газраас 80 удаа бууджээ. Дараа нь дахин Оросын нисэх онгоц агаарын орон зайд нь нэвтрэх үед байлдааны нисэх онгоцноос 10 удаа, газраас 280 удаа буудсан аж.

Сөүлийн талаас мэдээлснээр, энэ нь 1950-1953 оны хооронд Солонгосын хойгт дайн өрнөснөөс хойш Оросын байлдааны нисэх онгоц тус улсын агаарын хилийг нэвтэрсэн анхны тохиолдол болжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам болон армийн жанжин штабаас Оросын Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч болон цэргийн атташег дуудан тайлбар авсан аж.

Хөх ордноос мэдээлснээр, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөх Чун Еү Ён Оросын аюулгүй байдлын албан тушаалтан Николай Патрушевтай уулзаж, тус улсын байлдааны нисэх онгоц дахин ноцтойгоор агаарын хилийг нь зөрчвөл хүчтэй хариу арга хэмжээ авахыг анхааруулжээ.

ТҮҮХ СӨХВӨЛ

ОХУ-ын хуучин Зөвлөлт засаг нь олон сая хүний амь хохирсон хойгийн дайны үед Хойд Солонгосыг дэмжин зэр зэвсгээр хангаж байсан билээ. Мөн 1983 онд Зөвлөлтийн нисэх хүчний байлдааны нисэх онгоцноос харвасан агаар-агаар ангиллын пуужинд тус улсын дээгүүр нисч явсан Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн нисэх онгоц оногдож, 269 хүн амь үрэгдэж байжээ. Үүний дараа 1990 онд Зөвлөлт засаг нуран унахын өмнө Сөүл болон Москвагийн хооронд дипломат харилцаа тогтоосноор хоёр орны харилцаа эрс сайжирсан байна.

ТОХИОЛДОЛ УУ?

Оросын байлдааны нисэх онгоц нэвтэрсэн агаарын бүс нь Япон болон Өмнөд Солонгос хоёр орны хооронд газар нутгийн маргаантай бүлэг арлын Сөүлийн тал аж. Сонирхолтой нь, Өмнөд Солонгосын агаарын орон зайд нэвтэрсэн Оросын гурван нисэх онгоцыг Хятадын хоёр бөмбөгдөгч дагаж явжээ. Хэдийгээр Хятадын байлдааны нисэх онгоцууд тухайн үед зөрчил гаргаагүй ч сүүлийн үед агаарын танин мэдэгдэх бүсэд нэвтрэх  нь нэмэгдсэн аж.

Одоогоор холбоотон ОХУ болон Хятад улс нь албаар ийм үйлдэл гаргасан эсэх нь тодорхойгүй байна. Энэ хэргийн дараа Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам болон армийн жанжин штабаас Хятадын Элчин сайд болон цэргийн атташег мөн л дуудан тайлбар авсан ба үүнийг Бээжин эсэргүүцжээ. Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хуа Чунейн хэлэхдээ нөхцөл байдлыг сайн судалж мэдээгүй байгаа ч “агаарын танин мэдэгдэх бүс нь тус улсын агаарын орон зай биш” гэдгийг онцолжээ.

ЯПОНЫ ХАРИУ ҮЙЛДЭЛ

Энэ хооронд Японы талаас Оросын байлдааны нисэх онгоцыг тус улсын агаарын орон зайг зөрчсөн болон Өмнөд Солонгосын талаас гал нээснийг эсэргүүцэн мэдэгдэл хийжээ. Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга сэтгүүлчдэд хандан Өмнөд Солонгосоос хоёр орны хилийн маргаантай Такешима (солонгосчууд Докто арал гэдэг) арлын ойролцоо анхааруулах гал нээсэн нь хүлээн зөвшөөрөх аргагүй үйлдэл гэж мэдэгджээ. Энэ үйлдэл дахин давтагдахгүй байхыг сануулах үүднээс Япон улсаас дипломат шугамаар дамжуулан Өмнөд Солонгос, ОХУ-д хатуу анхааруулга өгсөн гэж тэрбээр мэдэгдсэн аж.

ЖОН БОЛТОН СӨҮЛД АЙЛЧЛАВ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Мягмар гаригт Сөүлд айлчлав. Тэрбээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Инийг Японтой байгуулсан тагнуулын мэдээлэл солилцох гэрээгээ цуцлахгүй байхыг ятгахаар ирсэн аж.

АНУ болон Өмнөд Солонгосын цэргийнхний дунд Мун Жэ Иний засгийн газар Японы эсрэг үзлийг улам өдөөж магадгүй гэж болгоомжилж байгаа аж.

Жон Болтон Өмнөд Солонгосын Осан агаарын баазаас хөөрсний дараа, үр дүнтэй уулзалт хийсэн талаараа “Твиттерт” жиргэжээ. “GSOMIA” гэх аюулгүй байдлын ерөнхий мэдээлэл солилцох гэрээ нь 2016 онд АНУ-ын удаан хугацааны ятгалгаар байгуулагдсан аж. Тус гэрээ нь хоёр орны аль нэг нь хугацаа дуусахаас 90 хоногийн өмнө цуцлахаа мэдэгдэхгүй бол ирэх наймдугаар сарын 24-нд автоматаар сунгагдах юм байна. Хэдийгээр зарлан мэдэгдэх хугацаа хэдийнэ өнгөрсөн боловч Японтой зөрчил хурцадвал Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч хэдийд ч гэрээг цуцалж магадгүй ажээ.

СӨҮЛ, ТОКИОГИЙН МӨНХИЙН МАРГААН

Өмнөд Солонгосын засгийн газраас дэлхийн II дайны үед Японы үйлдвэрүүдэд албадан хөдөлмөр эрхэлсэн ажилчид болон бэлгийн мөлжлөгт өртсөн хохирогч эмэгтэйчүүдэд нөхөн төлбөр олгохыг шаардсанаас хоёр орны харилцаа зөрчилдөх болсон юм. Харин Японы талаас өмнөх дэглэмийн үед Өмнөд Солонгосын талд олон сая ам.доллар төлж, гэрээ байгуулснаар эцэслэгдсэн асуудлыг дахин сөхөж буйг эсэргүүцэж байна.

Японы талаас Өмнөд Солонгосын цахилгаан бараа үйлдвэрлэлд өргөнөөр хэрэглэгддэг гурван төрлийн химийн бодисын экспортын нөхцөлөө чангатгажээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин энэ хэргээр Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргасан ба Сөүлийн албаныхан дээрх тагнуулын мэдээлэл солилцох гэрээг цуцална гэж мэдэгджээ.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS, THE DAILY BEAST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж