21 аймгийг дугуйгаар ганцаараа туулсан Отгонцагааны Баяндалайтай ярилцлаа. Тэрбээр тавдугаар сарын 9-ий өдөр Дархан хотоос аяллаа эхэлж, долдугаар сарын 21-нд Улаанбаатарт дуусгахдаа нийт 6300 км зам туулжээ.
Энэ жил 25 настай О.Баяндалай Баян-Өлгий аймгийн харьяат бөгөөд боксын спортын мастер цолтой, урианхай сурын харваагаар сумын мэргэн ажээ.
-21 аймгийг дугуйгаар амжилттай туулсанд баяр хүргэе. Энэхүү урт аяллыг яагаад эхлэх болов. Эндээс яриагаа эхэлье?
-Баярлалаа. Дугуйгаар аялах нь бага насны минь мөрөөдөл байсан. Спортоор хичээллэх дуртай хүүхэд байлаа. Гүйлтээр хичээллэж, бокс тоглож, бас барилдаж байсан болохоор спортод их ойр өссөн. Олон жилийн мөрөөдлөө энэ жил биелүүлж чадсандаа баяртай байна. Уг нь би өнгөрсөн жил 21 аймгаа тойрон дугуйгаар аялъя гэж бодож байтал чадаагүй юм. Тэгээд 2019 он гаргаад 2-5 сарын хооронд ажил хийж байгаад, санхүүжилтээ олж аялалдаа гарсан даа.
-Анх төлөвлөж байснаас аялал хэр амжилтай болсон бэ?
-Үнэнийг хэлэхэд хоёр сарын хугацаанд амжихгүй байх гэсэн амжуулчихлаа. Би бараг энэ жилдээ амжихгүй байх гэж бодож байсан. Яваад байсан чинь өөр байдаг юм билээ. Замд таарсан хүмүүс их урамшуулахаар зориг ороод эхэлсэн шүү. Нийт 6300 км замыг хоёр сар, 10 хоногт туулсан. Арай л хурдан явчихав уу даа гэж бодогдлоо.
-Аль нутагт зам хүндрэлтэй байсан бэ? Аяллын дундаас шантрах үе байсан уу?
-Дархан аймгаас анх эхэлсэн. Баруун аймаг, говийн нутгийн зам хүндрэлтэй байсан. Баруун аймагт даваа ихтэй ядрах үе их гарсан. Хөвсгөл аймагт тавдугаар сард явж байхад цас орж саатсан үе бий. Говийн нутагт явахад бас хүндрэлтэй юм билээ. Энэ удаагийн аялал надад их зүйлийг нээж өгсөн. Шантрах үе байсан. Замын дундаас буцмаар үе гарч байсан ч өөрийн зорилгоо сайн биелүүлж чадлаа.
-Байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэх цаг гаргаж чадаж байв уу?
-Замд явж байхад байгалийн үзэсгэлэнт газрууд олныг үзлээ. Мэдээж зорьж очих боломж байхгүй. Миний хувьд замын ачаалал болон өөрийн төлөвлөсөн төлөвлөгөө байсан учраас замаас хазайж үзэх боломж байгаагүй. Эхэндээ замд их ядарсан. Тэр үед бодогддог юм билээ. Ер нь би энэ жилдээ амжих болов уу гэж өөрөөсөө асууна. Гэхдээ зам зуурт таарч байгаа зүйл бас бодлыг минь өөрчилж, урагшлуулсан.
-Өдөрт хэдэн км зам туулж байсан бэ?
-130 км зам өдөрт туулна. Бага явлаа гэхэд 80 км зам туулна. Гэхдээ янз бүрийн зүйл тохиолдоно. Салхи, шуурга, бороотой гээд үе үе зам саатах зүйл гарна. Өдрийн норм 120-130 км гэж тогтоож байсан. Зарим үед 200 км явж байсан. Гэхдээ хэцүү замтай, бас салхитай үе их байсан. 200 км замыг дөрвөн өдөр туулах хүнд үе байлаа.
-21 аймгийг туулсан дугуйг сонирхож байна. Ямар брэндийн дугуй сонгож унав?
-/инээв.сурв/. Үнэнийг хэлэхэд том брэндийн дугуй биш ээ. Би энэ аялалд гарахын тулд дугуйгаа өөрөө угсарсан.
-Замд дугуй хагарах гээд бэрхшээлүүд гарч байсан уу?
-Говийн нутагт явж байхад дугуй байсхийгээд хагарсан. Тухайн үед хурдан нөхөөд, цааш замаа дуусгана. Очсон газар бүр бороотой байсан.
-Аймгуудад удах тохиолдол байсан уу?
-Замын төлөвлөгөөний дагуу аль болох удахгүй байхыг зорьж байсан. Харин төрсөн нутаг Баян-Өлгийд очоод дөрөв хоночихсон. Өмнөговь аймагт гурав хоносон. Ёлын амыг үзэх, Улаанбаатараас ирж байгаа гэр бүлийн дугуйн аяллыг хүлээгээд, гурав хоносон. Хөдөө орон нутагт парк байгуулсан байсан нь сайхан санагдсан шүү.
-21 аймгийг тойрох зорилгоо биелүүллээ. Одоо ямар аялалд гарахаар төлөвлөж байна вэ?
-Одоо дугуйтай болчихлоо /инээв.сурв/. Миний энэ зүтгэлийг үнэлж “Атилла” хааны хилэнт азаргыг бэлгэдэн гаргасан дугуйтай болсон. Ойрын өдрүүдэд зураг авалт хийх болохоор эргээд дараагийн аялалдаа бэлтгэж байна. Боломж гарвал холын аялалд явах зорилготой байна. Би Монголынхоо нутгаар явж байгаа хэрнээ гадаадын олон аялагчтай таарлаа. Тэд бүгд дугуйтай явж байсан. Гадаадын аялагч нар баруун аймгуудыг их сонгодог юм байна. Финланд, АНУ гээд олон орны дугуйтай аялагчид таарсан. Эдгээр аялагч дунд дөрвөн жил явж байна гэсэн аялагч ч байсан. Олон орноор дугуйгаар аяладаг аялагч нартай таарч, улам л өөрийгөө зоригжуулсан даа.
-Энэ жил холын аялал эхлүүлэхэд юу нөлөөлсөн бэ?
-Дугуйн спорт Монголд хөгжиж байна. Аялагч нар их болсон байна. Миний хувьд багаасаа аялах дуртай байсан болохоор энэ аяллыг хийхэд нөлөөлсөн. Гадаадад унадаг дугуйн спорт хөгжиж байхад манай улсад яагаад хөгжиж болохгүй вэ гэсэн зорилготойгоор аяллаа эхлүүлсэн. Залуу хүний хувьд зориглоод үзье гэж их бодсон. Тэгээд энэ жил биелүүлж чадлаа. Мэдээж надад гадаадад аялах хүсэл тэмүүлэл байна. Удахгүй холын том аялалд гарна гэж бодож байдаг. Би спортод дуртай болохоор ингэж явна. Эхлээд Монголынхоо газар нутгаар яваад үзчихлээ. Энэ аялал миний хувьд маш том туршлага болсон. Монголд аялах бас хэцүү юм билээ. Миний дараагийн зорилго гадаадын холын аялалд гарах.
-Үндэсний их баяр наадмын үеэр аяллаа хийсээр байсан. Наадмын бөхөө үзэж чадсан уу?
-Долдугаар сарын 12-нд Дорноговиос Сүхбаатар руу явсан. Бөхийн барилдааныг үзэх гээд их хичээсэн шүү. Сүхбаатар аймгийн Түмэнцэгт сум орохын өмнө бөхийн барилдааны тавын давааны барилдааныг үзэж эхэлсэн. Нутгийн бөх аймгийн арслан Н.Мустафаг дэмжиж байлаа. Начны даваанд түрүү бөх, Улсын аварга Э.Оюунболдтой таарсан шүү дээ. Хэрвээ аваргаас өөр бөхтэй таарсан бол яах ч байсан юм билээ. Э.Оюунболд аварга бол үнэхээр бяртай байна лээ.
-Багадаа боксоор хичээллэдэг байсан гэсэн шүү дээ. Яагаад үргэлжлүүлж энэ спортоор хичээллээгүй юм бэ?
-Би боксын спортоор 7-8 жил хичээллэсэн. Баян-Өлгийд Х.Хайнар багшийн удирдлага дор хичээллэж байгаад, Улаанбаатарт ирж үргэлжлүүлж бэлтгэл хийсэн. Одоогийн боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн багш дээр хоёр жил орчим бэлтгэл хийсэн. Боксын спортыг орхисны дараа харамсах зүйл байгаагүй. Спортоор явна гэдэг бас амаргүй шүү дээ. Тодорхой хэмжээгээр санхүүгийн сайн дэмжлэгтэй байж сайн явах юм байна гэдгийг маш сайн ойлгосон.
-Танай гэр бүлийнхэн хэр дэмжиж байна вэ?
-Манайх Баянзүрх дүүрэгт амьдардаг. Аав, ээж маань маш сайн дэмжинэ. Аав маань гүйнэ, бас барилддаг байсан. 1970, 80-аад онд Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно гэдэг дэлхийд өрсөлдсөнтэй адил баярладаг байсан юм билээ. Аав минь хөдөөнөөс хотод ирж тэмцээнд оролцдог байсан болохоор олон жил хичээллээгүй. Тиймээс аав маань намайг маш сайн дэмждэг. Намайг спорттой ойр байхад их дуртай. Тиймээс би өөрийн хүслээ биелүүлж явна.
-Энэ удаагийн холын аяллыг хийсний дараа мэргэжлийн дугуйчидтай өрсөлдөх бодол төрөв үү?
-Үгүй байх аа. Би сонирхлоороо 21 аймгийг туулчихлаа. Хэрвээ мэргэжлийн дугуйчидтай өрсөлдвөл надад маш хэцүү байх болно. Тамирчид өөр байдлаар зам туулна. Би сонирхогч учраас бага хэмжээгээр зам туулж, бэлтгэл ч өөр байна. Багш нараас тэмцээн уралдаанд оролцооч гэсэн санал хэлж байсан. Миний хувьд спортыг мэдэх учраас одоо бол сонирхогчийн хэмжээнд байна. Мэдээж шууд амжилтад хүрнэ гэж байхгүй. Спортоор хамгийн багадаа таван жил тууштай хичээллэж байж амжилтад хүрнэ. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль авна гэдэг хүнд асуудал шүү дээ. Би энэ удаа 21 аймгийг дугуйгаар туулсан ч тамирчны хэмжээнд бэлтгэгдэж чадаагүй байна. Тамирчин хүн бол олон жилийн хөдөлмөрийн үр дүнд амжилтад хүрдэг.
-Ямар мэргэжилтэй билээ?
-Би тогооч мэргэжилтэй. Энэ мэргэжлээр хоёр жил орчим ажилласан. 2019 он гараад аяллын санхүүжилтээ олох гэж янз бүрийн ажил хийлээ. 2-5 сар хүртэл ажил хийж байгаад, аялалдаа гарсан. Өнөөдөр өөрийн зорьж байсан зорилгынхоо ард гарсандаа баяртай байна. Цаашид бүр гадаадын орноор аялах итгэл зоригтой болж ирлээ. Монголынхоо үзэсгэлэнт газруудыг үзэж, замын ачааллыг даах чадвартай боллоо. Энэ аяллаас маш их зүйл сурсан.
-Хоёр сарын хугацаанд 21 аймгийг ганцаараа дугуйгаар туулахын тулд санхүүгийн дэмжлэг бас чухал шүү дээ?
-Аяллаа Дарханаас эхлээд, баруун аймгуудаар явж байхад хүмүүс маш сайн дэмжиж эхэлсэн. Баян-Өлгийд очсоны дараа Хайнер багш маань миний мэдээллийг оруулж, олон нийтэд хүргэсэн. Аймаг бүрт очиход тусалсан хүмүүс маш их байна. Энэ талаар хэлмээр байгаа ч цаг их гарна. Би өөрийн Баяндалай Баянаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээллийг байнга оруулаад явсан болохоор хүмүүс мэдээлэл сайн авсан байх. Надад тусалж байсан бүгдэд баярлалаа гэж хэлмээр байна. "Хүннү" брэндийн нарны туяанаас хамгаалдаг амьсгалдаг цамцаар тусалсан гээд миний хувьд талархсан олон хүн бий. Хотод ирээд гэртээ нэг хонолоо. Дараагийн аялал бас төлөвлөсөн зүйл байгаа болохоор дахин дугуйгаа унаад аялалдаа гарлаа.
Холбоотой мэдээ