ОХУ-ын Эрхүү хотноо энэ сарын 13-20-ны өдрүүдэд УБТЗ-ын 70 жилийн ойд зориулсан “Найрамдлын зам 1949-2019” нэртэй архивын түүхэн баримтын үзэсгэлэнг дэлгэн үзүүллээ. Энэхүү үзэсгэлэнг ОХУ-ын Төрийн төв архив, ОХУ-ын Засгийн газрын Архивын агентлаг, ОХУ-ын Түүхийн төв архив, ОХУ-ын Эдийн засгийн төв архив, Эрхүү мужийн архивын агентлаг, Монгол Улсын Архивын ерөнхий газар, Монгол Улсын Үндэсний төв архив, УБТЗ-ын төрөлжсөн архив, УБТЗ-ын түүхийн музей хамтран зохион байгуулсан юм. Үзэсгэлэнд Оросын хаант улсын үеэс эдүгээг хүртэлх манай улсын төмөр замын салбарын үүсэл хөгжилтэй холбоотой түүхийн ховор баримт, гэрэл зургийг дэлгэн үзүүллээ.
Үзэсгэлэнгийн эхний хэсэг болох “Оросын хаант улс ба Монгол Улсын хооронд төмөр зам тавих төсөл” нэртэй хэсэгт 19-р зууны сүүлчээс 20-р зууны эхэн үед Транссибирийн төмөр замыг Монголоор дайруулан тавих зорилготой анхны төсөл, 1911 онд Богд хаант Монгол улсын төлөөлөгчид Москвад айлчлахдаа монголд төмөр зам барих ажилд туслалцаа хүсч улмаар 1914 онд Оросын хаант засаг ба Монголын засгийн газар хооронд төмөр зам барих тухай гэрээ байгуулсан зэрэг түүхийн сонирхолтой баримтуудыг үзүүлсэн байна. Үзэсгэлэнгийн хоёр дахь хэсэг болох “ЗСБНХУ-ын тусламжтайгаар Монголд төмөр зам барих ажил” нэртэй хэсэгт 1930-аад оны дундаас Монгол улсад анхны нарийн царигтай төмөр замыг Улаанбаатар-Налайхын хооронд зөвлөлтийн хөнгөлөлттэй зээлээр улаан армийн тусгай анги тавьсан тухай болон монголын нутаг дэвсгэр дээр цэргийн зориулалттай хэд хэдэн нарийн царигтай төмөр зам тавьсан тухай баримтуудыг үзүүллээ. Төн 1947 оноос Наушка-Улаанбаатарын хооронд төмөр зам тавих ажлыг эхлүүлж, зөвлөлтийн ДХЯ энэ ажлыг 505-р ангиар хоёрхон жилийн дотор бариулж, улмаар 1949 оны 6-р сарын 6-нд ЗСБНХУ, БНМАУ-ын Засгийн газар хооронд “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурж УБТЗ-ын түүх эхэлсэн тухай түүхийн чухал баримтуудыг үзүүлсэн байна. Үзэсгэлэнгийн гурав дахь хэсэг болох “Улаанбаатар төмөр зам” нэртэй хэсэгт тус нийгэмлэгийн үүсэл хөгжлийн тухай маш чухал архивын баримт, гэрэл зургуудыг хөгжлийнх нь он дарааллаар тодорхой үзүүлсэн байна.
“Найрамдлын зам” үзэсгэлэнд манай улсын холбогдох архивуудаас нийтдээ 100 гаруй баримт бичиг, гэрэл зургийг оролцуулсан юм.Тэрчлэн Улаанбаатар төмөр замын 70 жилийн ойд оросын тал өндөр ач холбогдол өгсөн нь ОХУ-ын Засгийн газрын Архивын агентлаг, Төрийн төв архив, ГХЯ-ны Түүх баримтын газрын харъяа Гадаад бодлогын архив, Кино, гэрэл зураг баримтын төв архив зэрэг маш чухал газруудыг татан оролцуулж өөрийн сан хөмрөгөөс үзүүлсэн явдал юм. Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсын төмөр замын салбарын хөгжил, тэр дундаа УБТЗ-ын хөгжлийн түүхийг маш тодоор нээн харуулж, түүхийн маш ховор баримтуудыг дэлгэн үзүүлснээрээ өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Үзэсгэлэнгийн үеэр хоёр улсын Засгийн газар хоорондын архивын салбарт хамтран ажиллах комиссын 24-р ээлжит хуралдаан боллоо. Эдгээр арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлж Монгол Улсын Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, УБТЗ-ын даргын зөвлөх хөдөлмөрийн баатар, гавъяат тээвэрчин Р.Раш тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
“Улаанбаатар төмөр зам” ХНН
Холбоотой мэдээ