Хөдөөг сонгосон залуу гэр бүл

Хуучирсан мэдээ: 2019.07.24-нд нийтлэгдсэн

Хөдөөг сонгосон залуу гэр бүл

Хөдөөг сонгосон залуу гэр бүл

Монголчууд бид нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Гэвч дөрвөн уулаар хүрээлэгдсэн хотгор газар бүхий нийслэлдээ шахалдан амьдарсаар байна. Иргэд нь өвөлдөө утаа, зундаа хөрсний бохирдолд өртөж, элдэв төрлийн өвчинд дарлуулна. Дөнгөж төрсөн нярай хүртэл хорт хавдартай амь тэмцэж, аврал эрнэ.

Төрийн эрх барьж буй удирдлагууд үүнийг шууд шийдэж чадахгүй тул иргэдэд хоёр сонголт байна. Нүдээ аньж, чихээ таглан, амаа хаагаад, нийслэл хотдоо шахалдан амьдрах эс бол иргэний зориг гарган хөдөө очиж амьдрах юм. Сүүлийн сонголтыг хийхэд хамгийн том бэрхшээл бол ажлын байр. Энэ л шалтгаанаас үүдээд ихэнх залуус сургуулиа төгсөөд нутагтаа очиж ажилладаггүй.

Энэ асуудлыг өөрийн амьдралаар үлгэрлэн шийдэж, хөдөөг зорьсон айл бол Ч.Ерөөлтүвшингийнх. Эднийх саяхнаас Төв аймгийн Батсүмбэр суманд амьдрах болжээ. Ам бүл дөрөв. Өрхийн тэргүүн Э.Ерөөлтүвшин эрх зүйч, хуульч мэргэжилтэй бол эхнэр С.Буянтогтох хоол зүйч мэргэжилтэй. Хостой хөөрөлдөж, хөдөө амьдрах хэр боломжтой талаар сонирхлоо.

-ХӨДӨӨ ХОТООС Ч ИЛҮҮ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙНА-

Танайх яагаад хөдөө нүүх болов? Ийм шийдвэр, зориг гаргах хэцүү байв уу?

Е.Ч: -Миний хувьд сүүлийн 10 жилийн хугацаанд эрүүл амьдралын энгийн аргачлалуудыг судалж, амьдралдаа хэвшүүлсэн хүн. Энэ чиглэлээр судлах явцдаа хүн эрүүл амьдрахад цэвэр агаар, байгаль ямар их чухал нөлөөтэй болохыг гүнзгий ойлгох болсон. Манай Монгол орон шиг цэвэр агаартай, онгон сайхан байгальтай улс өнөө үед дэлхийд цөөхөн болжээ. Гэтэл монголчууд бид өөрсдөө энэ сайхан зүйлээ анзаарахаа байж, утаа, хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн Улаанбаатартаа бөөгнөрөн амьдарч, өөрсдийнхөө эрүүл мэндээ хохироож байгаа нь харамсалтай санагддаг. Мөн одоо цагт хот, хөдөөгийн ялгаа огт гарахаа байжээ. Харин эсрэгээрээ хөдөө нутагтаа байгаль цэвэр агаарт интернэттэй орчинд хүссэн мэдлэг мэдээлэл авч, хүн эрүүл аз жаргалтай амьдарч болно гэдгийг олж харсан. Эдгээр шалтгааны улмаас гэр бүлээрээ хөдөө орон нутагт амьдрахаар Төв аймгийн Батсүмбэр суманд шилжиж ирээд байна.

С.Б:Би саяхан төрсөн. Охин минь одоо 3 сартай юм. Мэргэжлийнхээ хүрээнд олон хүнд эрүүл амьдралын хэв маягийг зааж зөвлөж, зөв зохистой хооллолт, шим тэжээлийн талаар хичээл ордог. Гэтэл жирэмсэн байх хугацаандаа Улаанбаатарт амьсгалах цэвэр агаар байхгүйн улмаас охиндоо хүчилтөрөгч өгөхийн тулд байнга хотоос гарах шаардлагатай болсон. Ялангуяа ураг хэвлийд бүрэлдэх үеэс дархлаа нь бүрэн тогтох эхний гурван жилийн хугацаанд хамгийн чухал зүйл нь хүчилтөрөгчтэй агаар байдаг. Үүнийг мэдсээр байж хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хохироохгүйн тулд нөхөртэйгөө ярилцаад шууд л хөдөө нүүх шийдвэр гаргасан. Ямар ч ээж хүүхдийнхээ төлөө шийдвэр гаргадаг болов уу. Тийм болохоор зориг гэхээсээ илүү шаардлагаа харсан. Одоо хүү маань дөрөв, охин маань гурван сартай.

Хөдөө, орон нутагт амьдрахын давуу тал юу байна вэ?

Е.Ч: -Хотод амьдрах уу, эсвэл хөдөө амьдрах уу гэхээс илүү хүн эрүүл, аз жаргалтай амьдрах нь чухал болов уу. Хөдөө гэдэг нь товчхондоо байгальдаа амьдарна гэсэн үг.  Өнөө цагийн Монголын хөдөө нутгийг хуучин цаг үеийн мэдээллээс хол, дэд бүтэц муу, бүдүүлэг харанхуй хөдөө гэж хэлэхээргүй болжээ. Интернет, харилцаа холбоо, зам тээврийн хөгжил ийм сайхан болсон цаг үед хөдөө нутаг маань харин ч эсрэгээрээ монгол хүн эрүүл сайхан амьдарч болохоор болжээ. Угаасаа дэлхийн хөгжлийн чиг хандлага ч байгальдаа ойртсон, байгалийн хуульд нийцсэн, минималист амьдралын хэв маягийг илүүд үздэг болсон байна. Энд л илүү аз жаргалыг мэдэрч байна.

С.Б: -Хөдөө амьдрахын давуу тал ийм их гэдгийг ирж амьдарсан хойноо л мэдлээ.  Хамгийн том давуу тал гэвэл сэтгэл санааны хувьд стрессгүй, тайван байдал. Түгжирнэ, яарна, утаа униар, чимээ шуугиан гэх зүйлс байхгүй. Хүүхдүүд хүртэл байгальтайгаа ойрхон, цэвэр агаарт аюулгүй өснө. Хүү маань суманд ирснээс хойш хашаандаа өдөржин тоглоод, бие нь чийрэгжиж, илт дархлаа нь сайжирсан. Мөн амьжиргааны зардал тун бага. Чанартай, баталгаатай, органик ногоо, мах, сүү цагаан идээг хямд үнээр нутгийн хүмүүсээс л худалдаад авчихна. Олдоц ч их юм. Хүмүүс нь хүртэл тайван, яарсан адгасан зүйлгүй зэрэг үнэхээр сайхан.

Хөдөөгийн нэг өдрийн амьдрал хэрхэн өрнөдөг вэ? Зарим нь хөдөө амьдрах уйтгартай гэдэг?

Е.Ч: –Бидний хувьд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлсэн учраас хотод яаж амьдарч байсан тэр хэмнэлээрээ л амьдарч байна. Нар жаргахад унтаж, нар мандахад сэрдэг. Хүүхдүүдээ унтаж байхад нь босоод, хамтдаа хашаандаа дасгал хийж, өдрийг эхлүүлдэг болсон. Аргалаа түүнэ, түлээгээ хагална, сүү өрмөө авна, таргаа бүрнэ гээд л хөдөөгийн айлын нэг өдөр тун сонирхолтой. Хотод байсныг бодвол биеийн хөдөлгөөн ихсэж, сэтгэл зүйн хувьд их тайван болсон. Тэр болгон утсаа шагайгаад суухгүй, уулын бараа ширтээд л хүүхдүүдтэйгээ хашаандаа тоглоод, амьд харилцаа улам тэлсэн. Бид онлайн бизнес эрхэлдэг тул ажил төрлөө ямар ч асуудалгүй, уйтгарлах завгүй, харин ч таатай орчинд  хийж байна.

-“Зүлгэн дээр гэрээ бариад, зүгээр сайхан амьдрахсан” гэх жишгээр амьдарч байгаа юм байна. Монгол гэрт амьдарч байгаа юу?

С.Б: -Бид хашаанд дөрвөн өрөө байшинд амьдарч байгаа. Улаанбаатарт байрлал сайтай газар их үнэтэй байдаг бол суманд хүссэн газраа үнэгүй авч болдог юм байна. Хашаа маань том тул бид олон гоё зүйл хийх төлөвлөгөө гаргасан. Хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, саун, теннисний талбай гээд дуртай зүйлсээ хашаандаа хийхээр догдолж сууна.

Бүсгүйчүүд ялангуяа хөдөө очихоор гоо сайхандаа анхаарч чадахгүй гэсэн бодолтой байдаг?

С.Б: –Миний хувьд мэдээж тэр болгон гоо сайхны салон ороод байх боломжгүй л дээ. Гэхдээ үүнийг зөв талаас нь харахыг хичээж байна. Химийн найрлагагүй, байгалийн ургамал ногоог яаж гоо сайхандаа ашиглаж болохыг сурч байна. Жишээ нь, халгайтай усаар үсээ угаах, тараг, зөгийн балаар нүүрэндээ маск тавих гээд олон. Би одоо naturopath буюу байгалийн зүйлсээр хүнийг эмчлэх чиглэлээр мэргэшиж байгаа болохоор ийм зүйлс турших нь улам сонирхолтой санагддаг.

Заримдаа хотод буцаад очмоор санагдах уу?

Ч.Е: -Улаанбаатар хотод эргэж амьдрах хүсэл үнэхээр алга аа. Ер нь аз жаргалтай, амжилттай амьдрах гэдэг хоёр өөр ойлголт юм. Амжилттай амьдарна гэдэгт ерөнхийдөө материаллаг талын зүйлсийг оруулж үздэг. Үнэнийг хэлэхэд, Улаанбаатар хотод материаллаг талын амьдралыг сайхан амьдрал гэж үзээд байна. Гэтэл хүн аз жаргалтай сайхан амьдрахад материаллаг зүйлс чухал биш юм. Монгол хүний бардам, хүнд муугаа үзүүлэхгүй юмсан гэсэн нэрэлхүү зан Улаанбаатарчуудын эрүүл мэндийг сүйтгэж байна. Өнөөдөр нийслэл хот өвөлдөө агаарын бохирдолтой, утаа нь гамшгийн хэмжээнд хүрсэн. Хөрс нь доош 50 метр бохирдсон, зундаа цэвэрлэх байгууламж, гэр хорооллын жорлонгийн ялгадасны үнэрт хүн эрүүл амьдарч, хүүхэд эрүүл өсөх боломжгүй болсон. Дээр нь материаллаг амьдралыг зорилго болгосон хүмүүс бүгд лизинг өр зээлтэй. Түүнийхээ төлөө цаг, наргүй ажилладаг. Олдсон жаахан чөлөөт цаг, мөнгө төгрөгөө баар цэнгээний газарт зарцуулж, шөнө унтахаа больсон. Өдрийн талыг замын түгжрээнд бухимдаж өнгөрөөдөг. Өөрийн амьдралын боломж бололцоогоо тооцохгүй, эрүүл мэндээ умартан, нэгэнтэйгээ барьцсан утгагүй амьдралаар амьдарч буйгаа анзаарахгүй болсон олон залуучууд байна. Энэхүү эмгэнэлтэй байдлаа анзаарч харахгүй бол Улаанбаатарт олон монгол хүн амьдралаараа хохирсоор байна.

Хамгийн гол нь залуус ажлын байранд уягдаад байна л даа. Хөдөө очвол ажил олдохгүй гэсэн айдас бий?

С.Б: -Хөдөө орон нутагт амьдрал байна уу гэж хүмүүс их асуух юм. Монгол Улсын хүн амын 60 хувь нь одоо ч орон нутагтаа амьдарч байна. Хүн өөрөө л голохгүй бол ажлын байр, амьдрах боломж хөдөө орон нутагт их байна. Мөн онлайн орчинд бизнес эрхлэх, уул уурхайн чиглэлээр ажиллах, төрийн байгууллагад ажиллах, өрхийн аж ахуй, газар тариалан эрхлэх гээд ажиллах боломж их. Цэцэрлэг сургууль нь ч ачаалал багатай, олон жилийн туршлагатай багш нар их байдаг.

Хотоос хөдөөг чиглэх залуусын түүчээ болж буй та нараар бахархаж байна. Төр засгийн зүгээс юун дээр анхаараасай гэж хүсэж байна вэ?

Е.Ч: –Манай гэр бүлийн хувьд монгол хүн хөдөө орон нутагтаа сайхан амьдарч болно гэдгийг амьдралаараа үлгэрчлэн харуулах, мөн эрүүл амьдралын энгийн аргачлалуудыг бусдад түгээх үндсэн хоёр зорилготой ирсэн. Хоёр дахь зорилгын хүрээнд бид сургалтын төв байгуулахаар төсөл бичин, төр засгаасаа дэмжлэг авахаар “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” хөтөлбөрт хандаад байна.

С.Б: -Мэдлэг боловсролтой залуучуудаа дэмжсэн улсын бодлого хэрэгтэй байна. Харин бяцхан үрсэд маань энэ сайхан хөдөөгийн цэвэр агаар л хамгийн чухал хэрэгтэй байна даа.

Ц.АРИУНЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
119
ЗөвЗөв
10
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж