- Цэнгэлдэх хүрээлэн: “London” цэнгэлдэх 60,000 хүний суудалтай
- Дасгалжуулагч: Мануэл Пеллегрини
- Багийн ахлагч: Марк Нобль
- Лигийн аварга: 0
- Цомын аварга: 2 удаа
- Холбоодын цом: 1 удаа
- Лига кап цом: 0
- Европын тавцанд үзүүлсэн амжилт: Цомтой багуудын цомыг 1 удаа
125 жилийн түүхтэй Лондон хотын Вест Хэм Юнайтед клуб 2016 оноос олимпийн цэнгэлдэх хүрээлэн эзэмших болсноор Английн томоохон цэнгэлдэх хүрээлэнтэй клубын нэг болсон. Үзэгчдийн багтаамж ихтэй цэнгэлдэх хүрээлэнтэй боловч Вест Хэм Юнайтед клубын амжилт тийм ч арвин биш. “Алх”-нууд 100 гаруй жилийн түүхэндээ Английн хөлбөмбөгийн дээд лигийн цомыг өргөж үзээгүй байна. Харин энэ клубээс Ф.Лампард, Ж.Коул, Ж.Терри нарын олон шилдэг тамирчид төрөн гарсан бол К.Тевес, Х.Машерано зэрэг Өмнөд Америкаас тодрон гарсан хэд хэдэн хөлбөмбөгчид Европыг зорихдоо анхлан Вест Хэм Юнайтед клубт ирж байсан. Энэ мэтчилэн Вест Хэм Юнайтед клуб тоглогчдын хувьд дунджаас дээгүүр, Европын тавцанд нэрээ гаргасан тоглогчдыг төрүүлдэг, анхлан дамжин өнгөрүүлдэг шилдэг клуб юм.
Өнгөрсөн улиралд М.Пеллегринигийн Вест Хэм Юнайтед клуб лигийн 38 тоглолтоос 15 хожил авсны дотор Тоттенхэм Хотспур, Арсенал болон Манчестер Юнайтед зэрэг ТОП клубуудыг буулгаж авсан бол Ливерпүүл, Челси клубуудтэй тэнцэж оноо салгасан зэрэг амттай тоглолтууд бий. Одоогийн Вест Хэм Юнайтед клубын бүрэлдэхүүн бол тогтмол лигийн хүснэгтийн эхний 10-т багтах, цаашлаад дээш өрсөлдөх боломжтой. Багийн бүрэлдэхүүн ч муугүй. Энэ зун багийн гол довтлогч М.Арнатовичийг Хятадын лиг рүү зарсан нь сонирхолтой солилцоо болсон. Австри довтлогч М.Арнатович Вест Хэм Юнайтед клубт 2 жил тоглохдоо лигийн 59 тоглолтонд 21 гоол оруулж клубын мэргэн бууч болж байсан. Гэвч түүнийг энэ зун Хятад руу 23 сая паундаар арилжив. Түүнээс гадна Франц хагас хамгаалагч С.Насри, Англи довтлогч Э.Карролл, Испани хаалгач Адриан нарыг багаас хассан. Харин одоогоор клубын түүхэн дэх хамгийн өндөр үнэ болох 45 сая паундаар Франц довтлогч С.Аллег Германы Айнтрахт Франкфурт багаас авчирсан бол довтолгоог дэмжиж тоглодог Испани залуу Паблог Вильярреал клубээс аваад байна. Хийгдээд буй солилцоонууд нь довтолгооны тоглогчид байна.
Клуб тогтвортой амжилт үзүүлэх гэвэл хамгаалалтандаа хүч нэмэх шаардлагатай. А.Огбонано, И.Диоп болон Ф.Балбуена нар төвийн хамгаалалтанд тоглодог ч найдвартай бус байгаа. Дундаж болон доогуур багуудтай тоглоход боломжийн тоглодог ч том клубуудтэй тоглоход эсрэг багийн довтолгоог найдвартай зогсоож чадахгүй байна. Манчестер Сити клубтэй тоглоход эхний гоолыг оруулсан ч 4 гоол алдсан. Эндээс хамгаалалт сайнгүй байгааг харуулж байна. Үр дүнгээ хамгаалж чадахгүй гоол алдаж байгаа нь арын шугам илүү найдвартай тоглох шаардагатайг харуулж байна. Хэрвээ арын хамгаалалтандаа хүч нэмж чадвал том багуудад ирэх улирлаас аюултай өрсөлдөгч болохуйц бүрэлдэхүүн Вест Хэм Юнайтед клубт бий.
Б.БЯМБАБАЯР