Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл, санал болон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх ажлын хэсгийг байгуулсан билээ. Зөвшилцөх ажлын хэсэг энэ өдрүүдэд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөөр хэлэлцүүлэг хийж байгаа юм. Өчигдөр /2019.07.22/ Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах сэдвээр хэлэлцүүлэг хийсэн бол өнөөдөр /2019.07.23/ Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлгийг улс төрийн намуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагынхны дунд хийж байна. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцож буй.
УИХ-аар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах” чиглэлээр хуулийг нийт гишүүдийн олонхийн саналаар батлах, Улсын Их Хурлын 4-5 гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж болох хязгаарыг тогтоох, Улсын Их Хурал Засгийн газрын гишүүдийг нэг бүрчлэн томилдог томилгооны эрхээсээ татгалзах, Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр төсвийн зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй байх, мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах зэрэг бүрэн эрхтэй хянан шалгах түр хороо байгуулах зэрэг зохицуулалтуудыг тусгасан.
Харин Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд “Улсын Их Хурлын гишүүдийн тоог 108 болгож нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор тогтвортой явуулж байх, иргэний сонгох эрхэд хууль бус аргаар нөлөөлөх буюу саад учруулах оролдлого, хуйвалдааныг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэгт хамааруулах, Улсын Их Хурлын гишүүнийг Ерөнхий сайдаас бусад ажил, албан тушаал хавсран эрхлэх буюу энгийнээр хэлбэл давхар дээлтэй байхыг бүрэн хориглох, хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг хуульчлан тогтоох, улс төрийн намыг тавин мянга нэгээс доошгүй тооны иргэн нэгдэж байгуулах, намын гишүүний бүртгэл, өөрчлөлт болон намын удирдлага, удирдах дээд байгууллагын болон бусад дотоод сонгуулийг сонгуулийн төв буюу холбогдох сонгуулийн байгууллагад хариуцуулах, нам өмчгүй байх, намын орлого, зарцуулалт нийтэд ил тод байх” зэрэг парламентын засаглалыг улам бэхжүүлэх, ард түмний засаглах эрхийг хангах, иргэний үндсэн эрх, эрх чөлөөг бататган хамгаалах ач холбогдол бүхий шалгуур, шаардлага, журмыг тогтоосон нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгосон.
Хэлэлцүүлгийн үеэр хоёр төсөлтэй холбогдуулж УИХ дахь АН-ын зөвлөлийн нэгдсэн байр суурийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцууллаа.
Тэрбээр “Парламентын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийн 25.1.7.төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах. Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно гэж төсвийг зарлага талаас нь тусгасныг хангалттай заалт гэж үзэхгүй байна. Төрийн санхүү, төсвийн хяналтын үндсэн зарчим ямар байх уу гэдгийг нэмэлт өөрчлөлтөд тусгаагүй атлаа төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно гэж тусгасныг илүүтэй сайжруулж найруулах саналыг АН-аас гаргаж байна. Төрийн санхүүтэй холбоотой нэг зүйлийг тодорхой шинээр томьёолж үүн дотроо улсын албан татвар хураамжийн ерөнхий зарчим ямар байхыг зааж, улсын өр, зээл баталгааг мөн тодорхой болгож, мөн улсын төсөв түүний бүтэц ямар байх уу гэдгийг гуравдугаар зүйлээр тодорхойлж, дөрөвт нь төсвийн хуваарилалтын үндсэн зарчмуудыг тусгуулах саналыг дэвшүүлж байна. Учир нь, Засгийн газрын оруулж ирсэн төсвийг УИХ дээр танихгүй болтол нь өөрчилдөг, орлого, зарлагыг маш ихээр өсгөдөг тул улсын төсвийг батлахдаа дандаа алдагдалтай төсөв баталдаг, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэзээ ч мөрддөггүй зэрэг хамгийн их тулгардаг асуудлууд үүнтэй холбоотой. Энэ бүх үндсэн зарчмаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгай зүйл заалт болгож оруулъя гэсэн саналыг АН гаргасан. Ингэхгүйгээр улсын өр дарамт буурахгүй.
Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан төсөлд "Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавивал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна" гэсэн саналыг АН дэмжихгүй байгаа. АН-ын дэвшүүлж буй саналд сонгуулийн үр дүнгээр таваас доошгүй суудал авсан нам, эвсэл, бүлэг байгуулж болно гэсэн заалтыг оруулах саналтай байна.
Парламентын гишүүдийн төслийн 28.3.Хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах бүрэн эрхтэй. Түр хороо дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болно. Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй. Хорооны хэлэлцсэн баримтыг нотлох баримтад тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэсэн саналыг АН дэмжиж байна. Мөн УИХ 76 гишүүнтэй , нэг танхимтай байна гэсэн заалтын оронд Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төсөлд УИХ нэг танхимтай, 108 гишүүнээс бүрдэнэ гэсэн саналыг дэмжиж байна. 62 гишүүний өргөн барьсан төслийн 21.4.Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалтыг тогтолцооны хувьд холимог болгож Ерөнхийлөгчийн төсөлтэй нийцүүлж найруулах саналыг дэвшүүлж байна” гэв.
Дараа нь УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан юм.
Тэрбээр "УИХ хууль тогтоох байнгын ажиллагаатай байх байгууллага байх нөхцөлийг хангах зорилгоор Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутамд нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна хэмээсэн өмнөх заалтыг далан таваас доошгүй ажлын өдөр чуулна хэмээн өөрчилснийг дуулгасан. Асуудлыг олонхоор шийдэх ардчиллыг хангах хүрээнд төсөлд ийнхүү тусгажээ. Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох асуудлыг доорх байдлаар тусгасан байна.
Улсын Их Хурал сайд нарыг томилох бүрэн эрхээсээ татгалзахаар төсөлд тусгасан бөгөөд ингэснээр Засгийн газар танхимын зарчмаар ажиллах, хариуцлага хүлээх боломжийг бүрдүүлнэ гэж үзэж буйгаа тайлбарласан. Улсын Их Хурлын хяналтыг боловсронгуй болгохдоо Улсын Их Хурлын нийт гишүүний ¼ буюу 19-өөс доошгүй гишүүний санаачилгаар Түр хороо байгуулах бөгөөд тус Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй байхаар тусгасныг дурдсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр улс төрийн намуудын төлөөллөөс Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл, санал болон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар санал, бодлыг нь сонслоо.
МҮАН-ЫН ДАРГА Б.ЦОГГЭРЭЛ: МОНГОЛД ГУРАВХАН НАМ БАЙНА ГЭДГИЙГ ШУУД ХУУЛЬЧЛАХ НЬ
Намуудын санжүүлжилтэй холбоотой заалтыг тусгаж байгаа нь маш зөв. 50 мянга нэгээс доошгүй иргэдийн гарын үсэг, 10 мянгаас дээш гишүүнтэй байж нам байгуулна гэдэгтэй огт санал нийлэхгүй. Шинэ цаг үед намын гишүүд гэхээсээ илүүтэй бодлогын нам болж дэмжигчдийн хүрээг нэмэгдүүлэх тал дээр анхаарах ёстой. 50 мянга нэгээс доошгүй иргэдийн гарын үсэг, 10 мянгаас дээш гишүүнтэй байж нам байгуулна гэдэг нь үндсэндээ Монголд гуравхан нам байна гэдгийг шууд зааж байгаатай адилхан. Нам бол төрийн бодлогыг боловсруулдаг учир шилдэг хүмүүсийн цугларалт болохоос биш нийт хүн амаа хуваагаад намын бүртгэлд оруулах тухай асуудал биш. Улс орныг чирч явдаг, нийгмийн тэргүүлэх хэсэг тав орчим хувийг эзэлдэг. Ингээд тооцвол 3.2 сая хүн амын 150 мянган хүн улс төржих бололцоотой гэсэн үг. Энэ тоог нэгийг ч үлдээхгүй намын гишүүнчлэлд хуваана гэвэл 50 мянган гишүүнтэй гуравхан нам байгуулагдана гэсэн үг. Энэ нь Үндсэн хуулийн суурь зарчмуудтай зөрчилдөнө. Ерөнхийлөгч дээрх саналаа гэгээлэг бодлоор оруулсан байх гэж бодож байна. Монголд өнөөдөр 33 нам үйл ажиллагаа явуулж байна. Ирэх сонгуулиар 40 орчим намтай болох байх. Энэ нь нийгмийн бас хуваагдлын шинж тэмдэг. Тийм учраас намуудын босгыг өндөрсгөж, олон гишүүнтэй болгох нь эвлэлдэн нэгдэх зайлшгүй хуульчилсан механизм үйлчлэх юм байна. Энэ хүрээнд цул болж нэгдэж чадах байх гэж Ерөнхийлөгч харсан байх. Гэтэл бодит байдалд эсрэгээрээ нийгмийн оюунлаг хэсгийг хуваах сөрөг талтай.
Монгол Улсын эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа: ҮНДСЭН ХУУЛИЙН ХЯМРАЛ БОЛЖ БАЙГАА НЬ ҮНЭН
Хоёр хуулийн төслийн авахыг нь авч нэгтгэх ажлын хэсэг байгуулагдсан нь зөв. Хоёрдугаарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн оруулж ирсэн саналуудыг дэмжиж байгаа. Бид одоо зоригтой алхам хийх хэрэгтэй. Парламентын гишүүдийн боловсруулсан төсөл байгаа зүйлээ илсэн байдалтай зармын шинжтэй том том өөрчлөлтүүд алга. Харин Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх зэрэг зарчмын томоохон саналуудыг оруулж ирснийг нь дэмжээд явбал Монгол Улсын хөгжилд хэрэгтэй. Засаглалын харилцаа ч боловсронгүй болж сахилга бат, зохион байгуулалт сайжирна гэж харж байна. Парламентын гишүүдийн тоог 108 болгохыг би хувьдаа дэмжиж байгаа. Гэхдээ 108 гэж заачихад үүнээс хэдээр нь УИХ-ын бүрэн эрх хангагдах уу гэдэг нь тодорхой бус байна. Өнөөдөр УИХ-ын 76 гишүүний 39 нь чуулгандаа ирснээр хурал эхэлдэг шиг тоог нь тодорхой болгох хэрэгтэй. Ерөнхийдөө Ерөнхийлөгч төсөлд хөндөх шаардлагатай асуудлуулыг тусгасан гэж харж байна. Үүн дээрээ зөвшилцөх хэрэгтэй. Нөгөө талаас улс төрийн том шийдвэр шаардагдана. Хоёр хуулийн төслийг маш сайн нэгтгээд энэ парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой. Ингэж байж улс орны хөгжилд өөрчлөлт орж магадгүй. Ер нь бол Үндсэн хуулийн хямрал болж байгаа нь үнэн.
ЭДИЙН ЗАСАГЧ Б.НАЙДАЛАА: НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛИЙГ 50 МЯНГА НЭГЭЭС ДООШГҮЙ ГЭСЭН НЬ БАЙЖ БОЛШГҮЙ САНАЛ
Сонгуулийн тогтолцоог холимог байх санал тусгасныг дэмжиж байгаа. Бүх зүйл сонгуулийн тогтолцооноос хамаарна. Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулиндаа тусгаж түгжихгүй бол ялсан нам болгон сонгуулийн өмнө намдаа ч бус өөрийнхөө сонголтын төлөө сонгуулийн хуулийг сонгууль болохоос сарын өмнө өөрчилж байсан гашуун тохиолдол бий. Энэ бол дэмжих ёстой саналын нэг. Намын гишүүнчлэлийг 50 мянга нэгээс доошгүй гэж оруулж ирсэн нь байж болшгүй санал. Өнөөдөр Монгол Улсад намчирхал хэтэрсэн байхад нам бүр 50 мянган гишүүнтэй байна гэж заавал Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүр аль нэг намын гишүүн болно. Нам дэмжигчидтэй байж болно.
ХУУЛЬЧ Д.ОРОСОО: НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛД ТООНЫ БОСГО ТАВИХ НЬ ЗӨВ
Аливаа зүйл хөгжих ёстой. Анх 800 орчим гишүүнтэйгээр улс төрийн намыг байгуулдаг байсан бол 20-иод жилийн дараа дор хаяж энэ тоог өсгөх шаардлагатай. Иргэдийн улс төрийн үзэл бодол, итгэл үнэмшил төлөвшиж байна. Энэ хэрээр намын гишүүнчлэлд тооны босго тавих нь зөв гэж харж байна.
“ҮНЭН БА ЗӨВ” НАМЫН ДАРГА А.ОТГОНБААТАР: ҮНДСЭН ХУУЛЬ ТЭР ЧИГТЭЭ ФИЛОСОФИ БАЙХ ЁСТОЙ
Ерөнхийлөгчийн болон парламентын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төслийг харьцуулахад Ерөнхийлөгчийнх илүү үр дүнтэй зоригтой саналууд байна. Тухайлбал Ерөнхийлөгч хуулийн төсөлдөө 50 мянга нэгээс доошгүй иргэдийн гарын үсэг, 10 мянгаас дээш гишүүнтэй байж нам байгуулна гэж тусгасныг дэмжиж байна. Бүх намаа татан буулгаж, нам болж чадах нь болог л дээ. Жижиг намуудад зориулсан улс гэж байхгүй. Бид улсынхаа эрх ашигт л нийцэх учиртай. Тиймээс улсынхаа эрх ашгийг дээгүүр тавих нь зөв. Парламентын 62 гишүүний өргөн барьсан төсөлд сайжруулсан зүйлс мөн байгаа. Бүгдийг харлуулж болохгүй. Үндсэн хууль тэр чигтээ философи байх ёстой. Энэ нь ард түмний хөгжлийн зам болно.
Холбоотой мэдээ