Хэлэлцүүлэг 2: Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь

Хуучирсан мэдээ: 2019.07.23-нд нийтлэгдсэн

Хэлэлцүүлэг 2: Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь

Хэлэлцүүлэг 1: “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах” – энэ сэдвээр болсон хэлэлцүүлэг, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын байр суурь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын төслийн танилцуулга унших бол энд дарна уу.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх хоёрдугаар хэлэлцүүлэг Төрийн ордны “Сүхбаатар” танхимд үргэлжилж байна.

Өнөөдрийн хэлэлцүүлгийн сэдэв “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь” бөгөөд хэлэлцүүлэгт оролцохоор 160 орчим хүн бүртгүүлсэн дотор Улсын дээд шүүхэд бүртгэлтэй болон бүртгэлгүй 39 намын төлөөлөл, 20 орчим судлаач, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэд, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцож байгаа юм.

Мөн хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцож байна.

Хэлэлцүүлгийн дэг ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нээлтийн үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах” чиглэлээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг шүүн хэлэлцэж, өөрийн санал бодлыг хүргэн, зохих ёсны хувь нэмрээ оруулахаар хүрэлцэн ирсэн Та бүхэнд өглөөний мэнд хүргэж, талархал илэрхийлье.

Сүүлийн арваад жилийн турш нийгмийн бүх түвшинд хөндөгдөн, олон нийтээр чамгүй шүүгдэн хэлэлцэгдэж ирсэн асуудлуудын хүрээнд бид Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярьж байна. Өөрөөр хэлбэл, олон жилийн турш эрэлхийлсэн түүхэн боломжийнхоо өмнө монголчууд бид тулж ирээд байна. Энэхүү боломжийг бодит үйл хэрэг болгох нь эрх баригчид хийгээд сөрөг хүчин, улс төрийн бусад намууд, төрийн байгууллага, албан тушаалтан, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид та бүхний ухамсар, алс хэтийг харах ухаан, эв эеийг эрхэмлэх сэтгэлээс шууд хамаарах бөгөөд үндэснийхээ эрх ашгийг дээдэлсэн “зөвшилцөл, ойлголцол” голлох нөлөөтэй гэдгийг онцлон тэмдэглэе.

Өчигдрийн хэлэлцүүлэгт хэлсэн энэ үгээ давтан хэлж байгаагийн учир нь эв нэгдлийн гэрээ, улс төр-эрх зүйн тулгуур баримт бичиг болсон Үндсэн хуулийн асуудалд туйлын нухацтай хандахыг Та бүхэндээ сануулж, идэвх санаачилгатай оролцохыг уриалж байгаа хэрэг юм шүү.

Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах” чиглэлээр тодорхой зохицуулалтууд тусгагдсан. Тухайлбал хуулийг нийт гишүүдийн олонхийн саналаар батлах, Улсын Их Хурлын 4-5 гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж болох хязгаарыг тогтоох, Улсын Их Хурал Засгийн газрын гишүүдийг нэг бүрчлэн томилдог томилгооны эрхээсээ татгалзах, Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр төсвийн зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй байх, мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах зэрэг бүрэн эрхтэй хянан шалгах түр хороо байгуулах” зэрэг ач холбогдол бүхий зохицуулалтууд тусгагдаад байна.

Миний зүгээс “Улсын Их Хурлын гишүүдийн тоог 108 болгож нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох, Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор тогтвортой явуулж байх, иргэний сонгох эрхэд хууль бус аргаар нөлөөлөх буюу саад учруулах оролдлого, хуйвалдааныг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэгт хамааруулах, Улсын Их Хурлын гишүүнийг Ерөнхий сайдаас бусад ажил, албан тушаал хавсран эрхлэх буюу энгийнээр хэлбэл давхар дээлтэй байхыг бүрэн хориглох, хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг хуульчлан тогтоох, улс төрийн намыг тавин мянга нэгээс доошгүй тооны иргэн нэгдэж байгуулах, намын гишүүний бүртгэл, өөрчлөлт болон намын удирдлага, удирдах дээд байгууллагын болон бусад дотоод сонгуулийг сонгуулийн төв буюу холбогдох сонгуулийн байгууллагад хариуцуулах, нам өмчгүй байх, намын орлого, зарцуулалт нийтэд ил тод байх” зэрэг парламентын засаглалыг улам бэхжүүлэх, ард түмний засаглах эрхийг хангах, иргэний үндсэн эрх, эрх чөлөөг бататган хамгаалах ач холбогдол бүхий шалгуур, шаардлага, журмыг тогтоосон нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна.

“Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах” чиглэлд санал болгож буй эдгээр нэмэлт, өөрчлөлт нь нэг өдөр бодож олсон зүйл биш, өнгөрсөн 27 жилийн алдаа оноог харгалзан үзсэн, сүүлийн 10 гаруй жилийн турш өрнөж буй иргэдийн санал, шүүмжлэлд үндэслэсэн бодлого гэдгийг давтан хэлэхийн зэрэгцээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн зүйл, хэсэг, заалт бүрээр нийгэмд тодорхой хэлэлцүүлэгүүд өрнөж эхэлсэнтэй холбогдуулан нийтийн анхаарлыг татсан зарим асуудлаар мөн товчхон тайлбар өгье:

Нэгдүгээрт. Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлага нь парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлд баримталж буй дэлхий нийтийн жишигт нийцсэн бодлого гэдгийг юуны түрүүнд анхаарах нь зөв.

Хүн амын өсөлт, улс орны байршил, баялагийн нөөц, хөгжлийн түвшин зэрэг онцлогоо харгалзан Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв гэдгийг сүүлийн 10 жилд өрнөсөн хэлэлцүүлэг, бүх төрлийн судалгаанууд нотолсоор ирлээ. Дэлхийн жишгээс доогуур, хэт цөөхөн гишүүнтэй байгаагаас улбаалсан уршигт байдал Улсын Их Хурлын нэр хүндийг улам бүр доройтуулж, засаглалын бүр ч ноцтой хямралд хүргэж мэдэх аюул ойрхон байна. Тиймээс улс орныхоо ирээдүйг боддог, хэтийн хөгжил болон үндэстнийхээ аюулгүй байдлыг бататгах эрмэлзэлтэй монгол хүн бүрийн дэмжвэл зохих өөрчлөлт энэ мөнөөс мөн юм.

Хоёрдугаарт. Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор тогтвортой явуулж байх шаардлага нь цоо шинэ бодлого, зарчмын асуудал огт биш гэдгийг анхаарах нь зөв.

Эрх барьж буй улс төрийн хүчин ээлжит сонгууль бүрийн өмнө сонгуулийн хуулийг өөрчилж, өөрт ашигтай сонгуулийн тогтолцоог ард иргэд болон өрсөлдөгч улс төрийн намууддаа тулгадаг гаж байдал зүй тогтол мэт хэвшсэн бөгөөд энэ нь  Улсын Их Хурал, түүний гишүүдийн нэр хүнд, үнэлэмжийг нийгэмд унагах нэг том үндэслэл, бодит шалтгаан болж байна. Учир нь бусдын хууль ёсны ашиг сонирхлыг үл тоомсорлсон, шударга бус, хүч түрэмгийлсэн байдлаар сонгуулийн тогтолцоог тухай бүр өөрчилдөг энэ зүй бус үйл ажиллагаа нь засгийн бүх эрхийг мэдэх, сонгож байгуулсан төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэ эрхээ хэрэгжүүлэх ард түмний Үндсэн хуулиар баталгаажсан засаглалын эрхийг хөндөж, хөсөрдүүлдэгт оршиж байна. Тиймээс сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд нэг мөр зааж, ард түмний засаглах эрхийг ханган, өрсөлдөөний тодорхой, тогтвортой нөхцөл бий болгох шаардлагатай юм.

Гуравдугаарт. Иргэний сонгох эрхэд хууль бус аргаар нөлөөлөх буюу саад учруулах оролдлого, хуйвалдааныг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэгт хамааруулах шаардлага санаандгүй зүйл биш гэдгийг хэлэх нь зүйтэй.

Ард түмний засаглах эрхийн баталгаа болж буй чөлөөт сонгуулийн зорилго гажиж, утга учир нь бүрэн алдагдах тийшээ хазайлаа. Сонгуульд нэр дэвшигч хүмүүс иргэдийн санал, дэмжлэгийг мөнгө, эд зүйл, бэлэг, сэлт аливаа хэлбэрийн тусламж, үйлчилгээгээр татах, иргэд үүнд нь автах, улмаар санал худалдах буюу санал худалдан авах хууль бус үйл ажиллагаа өргөн хүрээнд нарийн зохион байгуулалттайгаар явагдан хэвшил болж байна.

Иргэдийн саналыг мөнгө, эд зүйлээр худалдан авах энэ хууль бус үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэснийг зөрчиж буй гэмт үйлдэл, хэрэг мөнөөс мөн юм.

Гэтэл Эрүүгийн хуулиар энэхүү гэмт хэргийг “Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийн хэмжээнд бус “Хүний хувийн, улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг”-ийн хэмжээнд авч үзсэн нь бодит нөхцөл, улс орны аюулгүй байдал, язгуур эрх ашигт огт нийцэхээргүй болж байна. Ард түмний засаглах эрхэд халдаж, иргэдийн саналыг худалдан авах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авч буй энэхүү бусармаг үйл ажиллагааг зөвхөн албан тушаалд дурлагчдын болчимгүй үйлдэл гэж үзэх нь хэтэрхий гэнэн хэрэг гэдгийг онцлон тэмдэглэе.

Дөрөвдүгээрт. Улс төрийн намыг тавин мянга нэгээс доошгүй тооны иргэн нэгдэж байгуулах, намын гишүүний бүртгэл, өөрчлөлт болон намын удирдлага, удирдах дээд байгууллагын дотоод сонгуулийг сонгуулийн төв байгууллага, дотоод бусад сонгуулийг холбогдох сонгуулийн байгууллага хариуцах, нам өмчгүй байх, намын орлого, зарцуулалт нийтэд ил тод байх зэрэг шаардлага нь санаандгүй зүйл биш гэдгийг мөн Та бүхэндээ анхааруулъя.

Улс төрийн нам бол хэдийгээр олон нийтийн байгууллага мөн боловч иргэдийн сонголтоор төрийн эрхийг барьж, иргэдийн өмнөөс төрийн бодлого, шийдвэрийг тодорхойлон, баялагийн хуваарилалтыг хийдэг онцгой институци юм. Нөгөө талаас улс төрийн намын оролцоогүйгээр төр, засгаа  эмхлэн байгуулах оновчтой арга, хэлбэрийг ардчилсан дэглэмтэй улс орнууд одоогоор олж чадаагүй байна. Тиймээс улс төрийн намын асуудалд нийтээрээ анхаарч, дотоод ардчилалтай, хариуцлагатай, санхүүжилтын ил тод тогтолцоотой бодлогын намуудыг төлөвшүүлэх чиглэлд дорвитой өөрчлөлт хийх зүй ёсны шаардлага тулгарч байна. Ингэж чадаагүй тохиолдолд нам гэдэг нэрийн дор хувийн ашиг сонирхлоор хэлхэлдсэн хүмүүс мафийн зарчмаар Монголын төрийг удирдсаар байх болно. Энэ байдлаас гарах, ирээдүй хойч үедээ шударга нийгэм үлдээх нь Та бидний үүрэг гэж үзэж байна.

Эцэст нь амжилт ололт, алдаа дутагдлаа нийтээр хэлэлцэж, засах завшааныг олгож буй энэхүү түүхэн боломж ач холбогдлоороо ардчилсан хувьсгалын дараа нэрлэгдэх нийгмийн томоохон шинэчлэлд хөтөлнө гэдэгт найдаж байгаагаа давтан илэрхийлье.

Өөрчлөлт, шинэчлэл эрчтэй хийгдэж сайн бүхэн түгэн дэлгэртүгэй.

Хэлэлцүүлэгийн үйл ажиллагаанд амжилт хүсье.

Баярлалаа” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгийг хүлээн авч үзнэ үү:

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үг хэлж дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой зүйл, заалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Та дараах файлаас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн өөрчлөлтийг үзэж, доорх дүрснээс тайлбар, үндэслэлийг үзнэ үү.

Хэлэлцүүлэг сэдэв бүрээр энэ сарын 26-ныг дуустал үргэлжлэх бөгөөд та хэлэлцүүлэгт оролцохоор бүртгүүлэх бол энд дарна уу.

Эх сурвалж: www.president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж