Г.Ёндонсамбуу: Төрийн ярих, хийх нь зөрөөд байна | News.MN

Г.Ёндонсамбуу: Төрийн ярих, хийх нь зөрөөд байна

Г.Ёндонсамбуу: Төрийн ярих, хийх нь зөрөөд байна

Монгол улс, БНХАУ-ын ноолуур боловсруулах үйлдвэр, компаниудын удирдлагууд оролцсон “Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” сэдэвт дөрөв дэх удаагийн хамтарсан форум манай улсад болж байна. Уг форумын зорилго нь дэлхийн зах зээл, ноолуурын чиг хандлага, байгальд ээлтэй тогтвортой ноолуурын үйлдвэрлэл, хоёр улсын ноолуурын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх талаар хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.

Монголын талаас дараах зөвлөмжийг гаргах хүсэлтэй байна. Үүнд:

  1. Монгол улсад ноос, ноолуурын томоохон хүчин чадалтай эцсийн бүтээгдэхүүний хамтарсан үйлдвэр байгуулах асуудлыг хоёр улсын Төр засгийн түвшинд тавьж шийдвэрлүүлэх
  2. Баяннуур хотын дэргэдэх “Аж үйлдвэрийн парк”-т Монголын компаниудыг ажиллуулах боломжийг нээх
  3. Монголын ноолуурын түүхий эдийн зах зээл дээр харилцан уялдаатай нэгдсэн нэг бодлого баримтлан хамтарч ажиллах
  4. Угаасан ноолуурын экспортоос татгалзаж, БНХАУ руу самнасан ноолуур, эцсийн бэлэн бүтээгдэхүүн экспортлоход хууль, эрхзүйн таатай орчин бүрдүүлж хэрэгжүүлэх
  5. Бизнес уулзалт, семинар, үзэсгэлэн тогтмол зохион байгуулж, оролцогчдын хүрээг өргөтгөх
  6. Үйлдвэрлэлд нэвтэрч байгаа шинэ техник, технологи, стандарт техникийн нөхцөл, материал, түүхий эдийн талаарх мэдээлэл тогтмол солилцож байх
  7. Хятадын өндөр мэдлэг, дадлага туршлагатай инженер техникийн ажилтнуудыг Монголд урилгаар ажиллуулах, Монголын инженер техникийн ажилтан, ажиллагсдыг Хятадын үйлдвэр, компаниудад очиж дадлага хийх, сургалтад хамруулах
  8. “Монголын хаан ширхэгт” чанарыг гэрчлэх тэмдэгтэй бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд сурталчлан таниулахад хамтарч ажиллах зэрэг орно.

Хятадын ноос, ноолуурын холбооны Ерөнхий нарийн бичиг Tian Hong ярихдаа: Хоёр улсын хамтын ажиллагааны гурван чиглэл байна.

  • Түүхий эдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх
  • Анхан, дунд шатны боловсруулах техник дээр санаагаа солилцох
  • Эцсийн бүтээгдэхүүний борлуулалт, зах зээлийн судалгаа хийх юм.

Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүн дэлхийд органик гэдгээрээ алдартай. Хятадын зах зээлд нийлүүлж буй ноолуурын ихэнх хувийг манай улсаас авч байна. Гэхдээ малчдаас ноолуур хямд аваад цааш нь хэд дахин нугалдаг гэсэн яриа бий. Үүнийг Хятадын талаас тайлбарлахдаа “Энэ асуудал зах зээлийн хуулиараа зохицуулагдана. Үүнд бидний оролцоо гэж байхгүй. Малчдаас авсан ноолуур анхан, дунд шат боловсруулалтад ороод гарц нь буурдаг. Ингээд ердийн өртөг нь Хятадын зах зээл дээр 2-3 дахин нэмэгдэнэ” гэсэн юм.

ХХААХҮЯ-ны хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохилцуулах газрын мэргэжилтэн В.Болормаа яриандаа: “Монгол улсын Засгийн газраас 2018 онд баталсан “Ноолуур хөтөлбөр” хүрээнд ноос, ноолуурын түүхий эдийн бүрэн боловсруулалтын төвшинг 2021 он гэхэд 60 хувьд хүргэнэ гэсэн зорилт байдаг. Энэ зорилтод хүрэхийн тулд бид хүчин чадлаа нэмэгдүүлэх, бүрэн боловсруулалт хийхэд ээрэх, сүлжмэлийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага гарч байна. Цаашид БНХАУ төдийгүй Япон, Итали гээд сүлжмэлийн техник нийлүүлэгч улсуудтай хамтарч ажиллах тал дээр төрийн зүгээс дэмжиж ажиллана” гэсэн юм.

Өнөөдөр дэлхийн ноолуур бэлтгэлийн 95 хувийг Монгол, Хятад улс нийлүүлж байна. Үүний 50 хувийг Монголоос гаргаж буй ноос, ноолуур эзэлж байгаа юм. Тэгэхээр бэлтгэн нийлүүлэлтийн хүрээнд Монгол улс тэргүүлж байна гэсэн үг. Тиймээс энэ давуу талаа ашиглан бид ноолуурын зах зээлд хүрээгээ тэлэх боломжтой. Гэвч эцсийн бүтээгдэхүүн нийлүүлэх тал дээр чамлалтай байна. Энэ талаар бид “Монголын ноос, ноолуурын холбоо”-ны дэд тэргүүн Г.Ёндонсамбуугаас хэдэн асуултад хариулт авлаа.

– Манай улсын ноолууран бүтээгдэхүүний хэдэн хувь нь боловсруулагдаад экспортод гарч байна вэ?

– Өнөөдрийн байдлаар манай ноолуурын 16 хувь нь эцсийн бүтээгдэхүүн болж байна. 10 гаруй хувь нь самнасан байдлаар Итали, Англи, Япон, Хятад зэрэг улсад гардаг. Үлдсэн 70-аад хувь нь угаасан хэлбэрээр БНХАУ руу экспортлогдож байна. Бид Хятадын талд угаасан ноолуур авахаа зогсоо гэсэн санал тавиад байна. Харин самнасан болон эцсийн бэлэн бүтээгдэхүүн гаргамаар байна. Энэ үүднээс хоёр улсад харилцан ашигтай экспорт, импортын нэн таатай нөхцөлийг бий болгоё гэж зөвлөмжид тусгасан. Хятад улс бол том зах зээлтэй улс. Гэвч бэлэн бүтээгдэхүүний импортын татвар өндөр. Үүнийг л зохицуулж, харилцан ашигтай хөгжмөөр байгаа юм.

– Хэрэв хамтарсан үйлдвэр баривал татвараас чөлөөлөгдөх боломж бий юу?

– Манай төр засгийн бодлогод бас алдаа байна. 2018 он болтол эцсийн бэлэн бүтээгдэхүүн гаргах тоног, төхөөрөмж оруулж ирэхэд гааль НӨАТ-ийн татвараас чөлөөлдөг байсан. Одоо үүнийг зогсоочихсон. Мөн сүлжих машин импортлоход 50-иад сая төгрөгийн татвар төлж байна гэсэн гомдол мэдүүлж байна. Гэтэл манай улс нэг талдаа үйлдвэрлэлээ дэмжинэ гээд яриад байдаг, нөгөө талдаа татвараар боомилоод байдаг. Энэ ямар бодлого вэ? Энэ асуултад хариу авахаар ойрын үед Ерөнхий сайдтай уулзах хүсэлт тавиад байна. Ер нь үйлдвэрлээ хөгжүүлэх юм уу, хоосон хий яриад байх юм уу. Хөгжүүлнэ гэж байгаа бол бодит ажил болгох хэрэгтэй. Үг, үйлдэл хоёр зөрөөд байна.

Монгол улс үйлдвэрлэлээ дэмжье, хөгжүүлье, иргэдээ ажлын байраар дэмжье гэсэн “лоозон” бүхий бодлого барьдаг. Гэвч энэ зөвхөн хоосон үг болж, цаасан дээр үлддэгийн тод жишээ. Финлянд улсын туршлагаас харахад “Үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодит боломж бол нэгдүгээрт, төрийн оролцоо, хоёрдугаарт, татвар төлөөс” гэсэн байдаг.

Сүүлийн үед дэлхийд алдартай томоохон брэндүүд эрүүл ахуйн талаасаа нарийн ширхэгт ноолуурыг илүүд үзэх болжээ. Ийм ховор тансаг, нарийн ширхэгт ноолуур Монгол улсад байна. Гагцхүү боловсруулж, эцсийн бэлэн бүтээгдэхүүн болгоход төр засгийн оролцоо чухал буйг энэ удаагийн форум онцолж байгаа юм.

Ц.АРИУНЗАЯА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-07-23 202.21.108.148

Tur ajilaa khiihgui bgaag helj l bna sh tee bolj bolj

Avatar

Зочин 2019-07-23 203.169.48.146

Энэ өвгөн жил бүр л нэг ийм юм яриад л ажил хийж байгаа дүр эсгэх юм. Одоо зүгээр л гэртээ амар даа та

Avatar

Zochin 2019-07-23 202.21.108.148

Gants gaigui ajillaad bgaa salbar manaid nooluur yum daa

Avatar

Зочин 2019-07-23 103.14.36.6

Түүхий эдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ГЭЖ ЮУ БИЧЧИХЭВ ЭЭЭ. СЭДВЭЭ СУДАЛЖ БИЧМЭЭР ЮМАА. СУДАЛГААГҮЙ СЭТГҮҮЛЧ

Avatar

zochin 2019-07-23 202.21.124.131

salbariin mundgag khun shuu,mash zuv yarijee

Avatar

Зочин 2019-07-23 66.181.161.78

Uvuu mash zuv heljee helj bga hiij bga batalj bga huuli 3 mash hol zurdug uls manaihaas uur baihgui baih uuuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж