Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваах асуудлаар өнөөдөр /2019.07.23/ нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд холбогдох мэргэжилтнүүд хэвлэлийн бага хурал хийлээ.
ХОТЫН АВТО ЗОГСООЛЫГ ТООГ НЭМЖ, БҮГДИЙГ ТӨЛБӨРТЭЙ БОЛГОНО
Хурлын эхэнд нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг багасгахын тулд цогц арга хэмжээ авах хэрэгтэй. Тиймээс нийслэлийн замын хөдөлгөөнийг А, В, С гэсэн гурван бүсчлэлд хуваах төлөвлөгөөтэйгөөр бэлтгэлээ ханган ажиллаж байна. Ингэхдээ хотын А, В бүсчлэлд зохицуулалтыг хийж, бүх авто зогсоолыг төлбөртэй болгоно. Харин С бүсэд дугаарын хязгаарлалт үйлчилдэгээрээ үйлчилнэ.
Мөн дээр нь одоо хотод байгаа 2382 авто зогсоолын тоог 15 мянга 696 болгон нэмэгдүүлнэ. Одоогийн байдлаар зөвшөөрөлгүй байгаа 5330 авто зогсоол, шинээр суллагдсан 7984 авто зогсоол бүртгээд байна. Цаашдаа авто зогсоолыг бүгдийн төлбөртэй болгож, үнэ төлбөргүй зогсоол байхгүй болгоно. Гэхдээ зогсоолын төлбөрийг нэмэхгүй.
Хотын “А” бүсчлэлд автомашиныг дугаарын тэгш, сондгойгоор нь хязгаарлан оруулах бол “В” бүсчлэлд гаригийн хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцохоос гадна татвараа төлөөгүй, торгуультай, өнгө үзэмжгүй, үзлэгт хамрагдаагүй, тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаагүй автомашиныг “А”, “В” бүсчлэлд нэвтрүүлэхгүй байхаар тусгасан” гэв.
Нийслэлийн автозамыг гурван бүсчлэлд хуваахдаа:
- “А” бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар хүртэл талбай.
- Б бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл.
- С бүс нь дээр дурдсанаас гадуур хэсгийг хамрах юм.
Ингэснээр хотын “А” бүс дэх автомашины хөдөлгөөн 50 хүртэл хувиар буурна гэдгийг албаныхан онцолж байв. Бүсчлэлийн тэмдгүүд нь замын хөдөлгөөний дүрмийн стандартад орсон албан ёсны тэмдэг болжээ. Бүсчлэл дотор бүсчлэлийн тэмдгүүд байрлах бөгөөд энэ тэмдгийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар тэмдэг тэмдэглэлийн заалт зөрчсөн гэдэг заалтаар хариуцлага хүлээнэ гэдгийг албаныхан санууллаа.
ГУРВАН БҮСЧЛЭЛИЙГ ЗӨВХӨН АЖЛЫН ЦАГААР ХЭРЭГЖҮҮЛНЭ
Нийслэлийн автозамыг гурван бүсчлэлд хуваахад ямар эерэг үр дүн гарах талаар С.Энхтөр дарга тайлбарлахдаа “Том зургаар нь харвал иргэд автомашины зөв хэрэглээ рүү орж байгаа юм. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад бид маш олон аргачлалыг судалж үзсэн. Гэхдээ одоогийн байдлаар бид бүсчлэлийг эхний байдлаар хэрэгжүүлснээр түгжрэлийг шийдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, иргэд цаг хугацааны хувьд хязгаарлалт байхгүйгээр хүн бүр автомашинаа унаад явахаар 70 орчим хувь нь ганцхан жолооч л суугаад явж байдаг дүр зураг ажиглагдаж байна. Түүнээс гадна иргэд “Бүсчлэлийн дотор амьдарч байгаа иргэд яах вэ” гэж их асуудаг. Бид бүсчлэлийг зөвхөн ажлын цагаар хэрэгжүүлнэ. Бүсчлэлд амьдарч байгаа иргэд хөдөлгөөнд оролцохгүй, бүсчлэлээсээ гараад явбал зогсоол болон жолооч нарт хэрэглэгддэг асуудлууд хэвийн үргэлжилнэ. Яагаад зөвхөн ажлын цагаар гэвэл хөдөөгөөс ирж, явж байгаа нөхцөл байдал нь ажлын бус цагаар чөлөөтэй юм.
ИРГЭДЭЭС САРЫН ТУРШ САНАЛ АСУУЛГА АВЧ, 70 ОРЧИМ ХУВЬ НЬ ДЭМЖСЭН
Тэрбээр “Бид зөвхөн хотын замын хөдөлгөөнийг бүсчлэлээр нь хуваагаад орхихгүй. Нийтийн тээврийн хүртээмж, сүлжээ, ашиглалтыг сайжруулна. Хүмүүс автомашинаа хэрэглэх боломжгүй үедээ нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлнэ. Ингэхийн тулд нийтийн тээвэр хурдан, хүртээмжтэй, цагаа барьдаг, аюулгүй байх шаардлагатай. Судлаачдын гаргасан дүгнэлтээр Улаанбаатар хотын Их тойруу дотор 20-30 минут алхах энэ зайнд 190 мянган оршин суугч амьдардаг. Тэгэхээр явган хүний зам, унадаг дугуйн замыг сайжруулахаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, бид иргэдийнхээ автомашингүй зорчих нөхцөлийг нь бүрдүүлж өгөхөөр анхаарч ажиллана” гэдгийг хэлсэн юм.
Цаашдаа Улаанбаатар хотын замын хөдөлгөөний замын системийг ухаалаг болгоно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв. Одоогоор механик ажиллагаатай байгаа гэрлэн дохио автомашин ихтэй хэсэгт мэдрэгчээрээ ногоон гэрэл түлхүү асах бол цөөн автомашинтай газар богино хугацаанд асах юм байна.
Нийслэлийн автозамыг гурван бүсчлэлд хуваахдаа сарын турш иргэдээс санал асуулга авсан байна. Энэ санал асуулгад хамрагдсан иргэдийн 70 орчим хувь нь дэмжсэн гэдгийг албаныхан хэллээ. “Олон улсын жишиг гэхээр Европын хотууд автомашин хөгжихөөс өмнө хотоо төлөвлөсөн байсан. Гэтэл манай Улаанбаатар хот автомашин гарсны дараа хотоо төлөвлөсөн. Анх 1975 оны Улаанбаатар хотын төлөвлөгөөгөөр 10 мянган автомашин, 500 мянган хүн оршин суух боломжтой ийм хотыг төлөвлөж байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр энэ тоо хэд дахин өсөөд байна. Тэгэхээр бид нөхцөл байдалдаа тохируулан замын хөдөлгөөнөө зохицуулах шаардлагатай байна. Бид сүүлийн хэдэн жил судалж, төлөвлөсөн ажил юм. Энэ ажлаа долдугаар сардаа багтан төлөвлөж, наймдугаар сард ажлаа хэрэгжүүлээд явна. Эхний байдлаар цагдаагийн хяналтыг хийж, технологийн дэвшлийг өргөнөөр ашиглана” гэдгийг С.Энхтөр дарга ярилаа.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр “Улаанбаатар хотод жилдээ өнгөрсөн 2018 оны арванхоёрдугаар сарын байдлаар 89 мянга 400 тээврийн хэрэгсэл нэмэгдэж, 3330 тээврийн хэрэгсэл хасагдаж байгаа үзүүлэлт гарсан. Тэгэхээр бид жилд ойролцоогоор 80 орчим мянган тээврийн хэрэгслээр нэмэгдэж байна. Энэ үзүүлэлтээрээ бид цаашид явбал бид удахгүй тэг зогсолтод тулгарна. Мэдээж энэ замын хөдөлгөөний ачаалал, автомашинаас ялгарах хорт утаа, улсын эдийн засаг зэрэг олон асуудал ирээдүйд тулгарна. Энэ асуудлыг хэрхэн оновчтойгоор, үр дүнтэйгээр, зөвөөр зохион байгуулах вэ гэдгийг олон талаас судалсны үндсэн дээр төлөвлөсөн. Энэ ажил бол жолооч нарын эсрэг арга хэмжээ бус зөв зохион байгуулалт, менежментийн нэг арга юм” гэдгийг яриандаа онцолсон юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ