Түрээсийн орон сууцанд 4000 хүн амжилттай бүртгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.23-нд нийтлэгдсэн

Түрээсийн орон сууцанд 4000 хүн амжилттай бүртгүүлжээ

Түрээсийн орон сууцанд 4000 хүн амжилттай бүртгүүлжээ

Нийслэлийн Орон сууцны корпорацийн үүдэнд 20 гаруй хүн цуглажээ. Тэд өчигдөр /2019.07.22/ түрээсийн орон сууцны цахим бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор мэргэжилтнээс мэдээлэл авах гэж өглөө эртлэн ирсэн нь энэ аж. Цугласан хүмүүс тал талаас өөрийн санал, гомдлоо хэлж, бухимдаж байгаа харагдана. “Хувийн мэдээллээ бүртгүүлэхээр алдаатай байна гээд байх юм”, “Хүснэгт бөглөх гэхээр болохгүй байна”, “Бүртгүүлэх гэхээр бүртгэгдсэн хаяг байна гэх юм” зэрэг олон асуултыг мэргэжилтнээс асууж байв.

“АЛДААТАЙ” ГЭСЭН БИЧИГ ГАРЧ ИРЭЭД БАЙНА ЯАХ ВЭ?

“Түрээсийн орон сууцны цахим бүртгэл бүртгүүлэхээр мэдээллээ бөглөхөөр алдаатай байна гээд гарч ирээд байх юм. Яг хаана алдсан гэдгээ мэдэхгүй. Гар утас, компьютерээс хоёулангаас нь орохоор “алдаатай” гэсэн бичиг гарч ирээд байна. Одоо яах ёстой юм бэ” хэмээн нэрээ нууцлахыг хүссэн Баянзүрх дүүргийн иргэн хэллээ.

Харин түүний асуултад мэргэжилтэн хариулахдаа “Анкет бөглөхийн өмнө дээд хэсэгт анхааруулга бий. Тэд улаан өнгөөр одоор тодотгосон хэсгийг заавал бөглөх ёстой гэсэн байгаа. Иргэд та бүхэн тэрийг анзаарахгүйгээр мэдээллээ дутуу бөглөснөөс “Алдаатай байна” гэж гарч ирээд хадгалагдахгүй байгаа юм. Учир нь нэг асуулт үлдээсэн учраас бүгдийг эхнээс нь дахин хянуур шалгаж, бөглөх хэрэгтэй. Тэгээд тоо бөглөх хэсэгт тоогоор, үсгээр бөглөх хэсэгт кирилл үсгээр бөглөх ёстой. Жишээлбэл, Өрхийн зээлтэй эсэх гэдэг хэсэгт зээлгүй бол 0 цифр тавих хэрэгтэй. Тэр хэсэгт “Зээлгүй” гэж бичихгүй шүү. Та бүхэн анхааруулгаа маш сайн уншихгүй байна. Өглөө надад хоёр хүн хандаад, би шалгаад үзтэл ямар ч асуудалгүй шууд бүртгүүлж болж байна. Тэгэхээр та бүхэн тайван, тухтай, нухацтай анкетаа бөглөх нь их чухал” гэж тайлбарлаж өглөө.

ГАР УТАСНААС ЦАХИМ БҮРТГЭЛ ХИЙХГҮЙ

“Миний хувь өчигдрөөс хойш түрээсийн орон сууцны цахим бүртгэлд бүртгүүлэх гэхээр болохгүй байна. Хүснэгттэй мэдээллийг нь бөглөхөөр хадгалагдахгүй байна. Тиймээс мэргэжилтнээс нь учрыг нь асуух гээд иртэл олон хүн цугласан байна” гэдгийг иргэн Г.Байгаль хэлж байв.

Гар утсаар түрээсийн орон сууцны цахим бүртгэлийг хийж болохгүй. Зөвхөн компьютер дээрээс цахим бүртгэлд бүртгүүлэх боломжтой. Учир нь хүн бүрийн гар утасны программ өөр өөр байдаг бүртгүүлэх боломжгүй гэж мэргэжилтэн анхаарууллаа.

ӨЧИГДӨР 43 ОРЧИМ МЯНГАН ХҮН 100 МЯНГАН УДААГИЙН ХАНДАЛТ ХИЙЖЭЭ

“Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцны цахим бүртгэл өчигдөр /2019.07.22/ 17.00 цагаас эхэлсэн. Өнөө өглөөний /2019.07.23/ статистик мэдээгээр 43 орчим мянган хүн https://nosk.ub.gov.mn/ вэб сайтад 100 мянган удаагийн хандалт хийжээ. Эдгээр иргэдээс одоогоор амжилттай бүртгүүлсэн 4000 хүн албан ёсоор бүртгүүлсэн байна. Энэ тоо одоо ч минут тутамд өсч, байна гэдгийг албаныхан хэлсэн юм.

НОСК-ийн дэд захирал С.Дорждэрэм

Нийслэлийн Орон сууцны корпорацийн дэд захирал С.Дорждэрэм энэ үеэр мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар түрээсийн орон сууцны цахим бүртгэлийн хувьд алдаа гарсан зүйл байхгүй. Хэвийн ажиллаж байна. Иргэд анкет бөглөхдөө заавал бөглөх хэсгийг дутуу бөглөснөөс бүртгэхгүй байна гэдэг санал, гомдлыг ихээр хэлж байна. Өөрийн регистрийн дугаараа дутуу бичих ч юм уу. Дутуу мэдээллийг программ бүртгэж авахгүй.

Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын иргэдэд түрээсийн орон сууцыг өмчлүүлэх ажлыг анх удаа зохион байгуулж байгаа. Нийслэлийн Орон сууцны корпорациас зөвхөн цахим бүртгэлийн ажлыг зохион байгуулна. Энэ ажлыг зохион байгуулахдаа хэрэгцээтэй хүмүүст нь шударгаар хамруулчих юмсан гэсэн эрмэлзлэлээр ажиллахаар зорьж байна. Түрээсийн орон сууцны эрэлт маш их байна. Зорилтот бүлгийн иргэдэд Хөгжлийн банкнаас ирсэн анхны үнээр нь буюу 1 сая 450 мянган төгрөг болон түрээслээд өмчлөх хэлбэрийн таван жилийн хүүг нийслэл хот хариуцаж байгаа учраас эрэлт их байна.  Иргэд маань энэ удаагийн түрээсийн байраар хязгаарлагдахгүй гэдгийг ойлгоосой” гэсэн юм.

Гэрэл зургийг: Г.БИЛГҮҮН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж