“Аравт”-д оролцохоор ОХУ, Казахстан, Киргиз улсын багууд ирлээ

Хуучирсан мэдээ: 2019.07.23-нд нийтлэгдсэн

“Аравт”-д оролцохоор ОХУ, Казахстан, Киргиз улсын багууд ирлээ

“Аравт” олон улсын морин цэргийн уралдаан анх удаагаа Монгол Улсад ирэх сарын 3-8-ны өдрүүдэд болох гэж байна.  ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд анх удаагаа зохиогдох гэж байгаа энэхүү тэмцээнд найман орон оролцох бөгөөд үндсэн оролцогчоор Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улс, ажиглагчаар БНХАУ, АНУ, Зимбабве, Вьетнам зэрэг дөрвөн улс оролцох юм. Тэгвэл уралдааны үндсэн оролцогчид болох ОХУ-ын Төвийн цэргийн тойргийн 41 дүгээр армийн командлагчийн орлогч, хошууч генерал А.В.Подвилов, Казахстан улсын Өрнөд цэргийн тойргийн командлагчийн орлогч, хурандаа Д.Е.Хамитов, Киргиз улсын Хуурай замын цэргийн командлалын байлдааны бэлтгэлийн хэлтсийн сургалтын төвийн дарга, дэд хурандаа А.Д.Оркошев ахлагчтай баг тамирчид манай улсад хүрэлцэн ирсэнтэй холбогдуулан уралдаан зохион байгуулах хорооныхон өнөөдөр уралдааны үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг уралдаан зохион байгуулах хорооны Аюулгүй байдал, харуул хамгаалалтын бүлгийн дарга, Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын тасгийн дарга, дэд хурандаа Ш.Эрдэнэбаатар, морь, түүний арчилгаа, уналгад бэлтгэх талаарх зөвлөмжийг тус хорооны Мал эмнэлгийн бүлгийн дарга, Зэвсэгт хүчний Нэгдсэн лабораторийн Мал эмнэлгийн бактери шинжилгээний лабораторийн дарга, ахмад Ж.Даваадорж, уралдаанаас бусад цагт явагдах соёл урлаг, спорт, сурталчилгааны арга хэмжээний мэдээллийг мөн уралдаан зохион байгуулах хорооны Соёл, сурталчилгааны бүлгийн дарга, ЗХЖШ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Ууганбаяр нар танилцуулсан юм. Хурлын эхэнд "Аравт" уралдаан зохион байгуулах хорооны ажлын албаны дарга, ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Ш.Гантулга ""Аравт" морин цэргийн олон улсын анхдугаар уралдаанд оролцохоор манай сайхан оронд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Энэ уралдаан өрсөлдөөний гэхээс илүү нөхөрлөлийн талбар байна гэдэгт зохион байгуулагч бид бүхэн итгэлтэй байна. Та бидний баримтлах гол зарчим бол аюулгүй байдлаа хангах юм. Өөрийн болон нөхрийнхөө аюулгүй байдлыг хангана гэдэг хүн бүхний үүрэг гэдгийг ойлгоорой.

Баг бүрт орчуулагч, агтач болон бусад шаардлагатай бүрэлдэхүүнийг томилон ажиллуулж байна. Та бүхэн санал сэтгэгдлээ хүссэн цаг үедээ чөлөөтэй хэлж болно" гээд хүн, морь, зэвсэг гурав амь нэгтэй байж, уралдаандаа амжилттай оролцохыг хүслээ. Үүний дараа дэд хурандаа Ш.Эрдэнэбаатар уралдааны голлох үе болох алсын зайн марш болон ойрын зайн маршийн үеэр баримтлах аюулгүй ажиллагааны зааварчилгааг хэлж өгөв. Тухайлбал, алсын зайн маршийн үеэр усан саад гатлахдаа зэвсэг техникийн бүрэн бүтэн байдлыг шалгах, урсгал сөрж гатлах, зөвхөн тогтсон маршрутаар гарах, аврах хантаазыг зөв өмсөж хэрэглэх ёстойг сануулав. Мөн морь сэлгэх цэгт үүрэг гүйцэтгэхдээ бугуйлаа гар болон биедээ ороохгүй байх, тийрүүлэх, хазуулахаас болгоомжлох бол хоноглох цэгт тогтсон газар оронд хоноглож, байгалийн болоод гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг захилаа. Харин ахмад Ж.Даваадорж "Монголчууд эрт дээр үеэс эхлэн морио уналга, ачилга, дайн тулаандаа хэрэглэж ирсэн ард түмэн. Монгол адуу жилийн дөрвөн улиралд бэлчээрээр явдаг бөгөөд өвлийн ямар ч хүйтэн, зуны ямар ч халууныг даах чадвартай" гээд морь эмээллэх, хазаарлах, чөдөрлөх болон ядарсан, цуцсан үед ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө өгсөн юм. Төгсгөлд нь дэд хурандаа С.Ууганбаяр соёл урлаг, спортын арга хэмжээ энэ сарын 23-ны өдрөөс буюу маргаашаас эхэлнэ. ЦДБЭЧ-ын тоглолт, "Бэсрэг наадам", гар бөмбөгийн тэмцээн, "Адуучин" морин үзүүлбэр, "Монгол дууг хэн сайн дуулах вэ" тэмцээн болон уралдаанд оролцогч орнуудын соёлын өдөрлөг гээд олон арга хэмжээ болно гэдгийг хэллээ. Мөн энэхүү анхдугаар уралдааныг сурталчлахад МҮОНРТ гээд олон хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажиллана. "Аравт" хээрийн сонинг монгол, орос хэл дээр эрхлэн гаргаж, "Аравт" цахим хуудаснаас өдөр тутмынхаа мэдээ мэдээллийг авах боломжтой гэв.

Энэ дашрамд онлцоход “Аравт” уралдаан нь бэлтгэлийн, алсын зайны морин маршийн, богино зайны холимог буухиа, төгсгөлийн буюу тэмцээнийг дүгнэх гэсэн дөрвөн үе шаттай явагдана. Нэгдүгээр шат нь тэмцээндээ бэлтгэх үе шат бөгөөд оролцогч орны баг тамирчдыг хүлээн авч байрлуулах, аюулгүй ажиллагааны заавар танилцуулах, энэ чиглэлийн сургалтууд явуулах, уралдааны бэлтгэлийг хангуулах, морьтой дадлага сургалт хийх, уралдааны маршрутыг баг тамирчдад танилцуулах юм. Хоёрдугаар шатанд алсын зайны морин марш зохион байгуулагдана. Энэ шатанд уралдаанаар оролцогч орны цэргийн алба хаагчид уул, ой мод, гол ус, элс, бартаа саад бүхий 130 км замыг маршрутын дагуу туулна. Гэхдээ зүгээр туулаад өнгөрөхгүй, замдаа цэрэг хүний гүйцэтгэх ёстой дөрвөн даалгаварыг гүйцэтгэнэ. Үүнд усан болон минжүүлсэн талбайг туулах, морь бугуйлдах, уналгад бэлтгэх даалгавар, бартаа саад бүхий газарт хоноглох даалгавар, эцэст нь шархтанд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, шархтан, сум галт хэрэглэлийг хөнөөлийн голомтоос татан гаргах даалгав зэрэг багтана.

Усан саадаар урсгал ширүүн гол туулж, минийн саадыг давах бол морь сэлгэх даалгавраар адуун сүргээс морь бугуйлдаж уналгад бэлдэх юм. Харин гуравдугаар шат болох ойрын зайны холимог буухиагаар оролцогч орны баг тамирчид явганаар 3.1 км, морьтой 4.1 км замыг туулахдаа мөн маршрутын дагуу байрлах цэгүүдэд өгөгдсөн гранат шидэх, саадын зурвас туулах, буудлагын дасгал гүйцэтгэх, тактикийн ажиллагаа, морины давхилт дунд гранат шидэх зэрэг таван даалгаврыг гүйцэтгэн барианд орохоор уралдааны дүрмэнд заажээ. Төгсгөлд нь тэмцээний дүнг нэгтгэж, уралдаанд амжилт үзүүлсэн баг тамирчдад шагнал гардуулах ёслол болох юм. Энэ дашрамд онцлоход, уралдааны бэлтгэл явцад Монгол Улсын зан заншил, түүх, соёл уламжлалыг сурталчлах, цэргийн алба хаагчдын нөхөрлөлийг бататгах хүрээнд бэсрэг наадам, соёл урлаг болон спортын өдөрлөгүүд, “Адуучин” тэмцээн зэрэг олон арга хэмжээг шат дараатай зохион байгуулахаар “Аравт”-ын арын албаныхан ажиллаж байна.

 Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж