Тендер шалгаруулж чаддаггүй төр

Хуучирсан мэдээ: 2019.07.23-нд нийтлэгдсэн

Тендер шалгаруулж чаддаггүй төр

Тендер шалгаруулж чаддаггүй төр

Аялал зугаалгын үе ид дундаа үргэлжилж байна. Монголд дотоодын аялал жуулчлал хөгжиж, байгалийн сайханд амрах аялагчид олон болжээ. Хөвсгөл, Увс, Хяргас, Өгий гээд нуур дагасан аялал нэмэгдэхийн хэрээр эрэг орчмын хог хаягдал, хамгаалалтын асуудал сөхөгддөг.

Саяхан нэгэн аялагч өөрийн цахим хуудаснаа “Хяргас нуурын Хэцүү хад гэдэг газар амарлаа. Байгаль бол үнэхээр гайхалтай. Даанч Цагаан хадан дээр энд тэндгүй хүндэрчихсэн байна. Арай дэндүү юм. Биднийг хүүхэд байхад эмээ, өвөө нар гол, ус руу хүндрэх битгий хэл цагаан идээ, улаан шүүс ойртуулж болохгүй гэж захидаг байлаа” хэмээн бухимдлаа илэрхийлжээ. Энэ сэдвээр мөн сумогийн Их аварга Д.Дагвадорж “Өгий нуур хогонд хөвж байна” гэсэн гарчгийн дор “Майхан зоох газаргүй болтол битүү хүн буужээ. Тэд тав алхаад бие засаж, хогоо ил задгай хаяж байна” гэж сэтгэгдлээ хуваалцжээ.

Жилийн жилд яригддаг энэ асуудлыг холбогдох мэргэжилтэн, салбарынхан яаж шийдэж байна вэ? Дорвитой арга хэмжээ авч байна уу? Нөхцөл байдал хэрхэн сайжрах вэ зэрэг асуултын хариу авахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/ зорилоо. БОАЖЯ-ны газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар ярихдаа "Яам бодлогоор тухайн засаг, захиргааны нэгжид усны ай сав газрын эко системийн хамгаалалтын асуудлыг хариуцаж ажиллаж эрх мэдлийг шилжүүлсэн. Тиймээс сайдын тушаалаар аймгууд өөрсдөө Төсвийн тухай хуулиа баримтлан төсвөө зарцуулах юм. Тухайлбал, Өгий нуурын эргийн тохижилт, бие засах газар, авто зогсоол хийх хоёр тэрбумын санхүүжилт хуваарилсан. Гэвч тендерийн шалгаруулалт удааширсантай холбоотой энэ ажил одоо болтол хийж эхлээгүй байна. Ажил хурдацтай байсан бол сая баяр наадмаас өмнө тулгарч буй асуудлыг шийдэх боломжтой байлаа” гэсэн юм.

Энэ бол төрийн ажил яст мэлхийн хурдаар ажилладаг гэдгийн тод жишээ. Нэг нь бүтчихээр нөгөөх нь гацчихна. Гацааг нь гаргавал хоорондоо тендерээ булаацалдаад суучихна. Жишээлбэл, Ганга нуурын хамгаалалтын төсөвт мөн л тэрбум гаруй төгрөг суулгажээ. Гэвч тендерийн маргааны улмаас багагүй цаг алдаж, удсаны эцэст “Шимт газар” гэх компани шалгарсан байна. Уг нь тендер цагтаа шалгарсан бол таван сар гэхэд гүйцэтгэл дуусах байжээ.

Тэгвэл тендерийн шалгаруулалтаас болоод ажил удаад буйн хариуцлага хэн хүлээх вэ, аялагчдын ая тух, орчин нөхцөлийг яаж хангах вэ, эрэг орчмын хог хаягдлыг яах ёстой вэ?! Тендер хүлээх зуур нуур бохирдсоор л байг уу? Энэ асуудал магад дараа жилийн наадам болтол бахь байдгаараа байх нь. "Сайдын тушаалаар худалдан авах ажиллагааны тендерийг тухайн орон нутагт шилжүүлсэн учраас эрх мэдлийнхээ хүрээнд тэд шийдэх ёстой” гэсэн хариултаар Ш.Мягмар дарга энэ асуудлаас “хөөрхөн” бултаж байна лээ.

Авто зам, боловсон нойл, хогийн сав зэргээр аялагчдыг эхлээд хангачхаад дараа нь тэдэнд шаардлага тавих зүйтэй. Гэтэл тендерээ зохион байгуулж, шалгаруулж чадахгүй байгаа төрөөс юу хүлээх вэ. Хүлээхийн оронд иргэд бид өөрсдөө Монгол аргаар аялж зугаалахыг Ш.Мягмар дарга санал болгож байна. Түүний яриагаар бол “Ашиглагч нь хамгаална, бохирдуулагч нь төлнө” гэсэн зарчмаар хог хаягдалтай тэмцэх гэнэ. Тухайлбал, монголчууд голын эргийн чулууг хөндөхгүйн тулд ээтэн хоншоортой гутал өмсөх, сүү хутгасан шанагаараа ус хутгадаггүй, голын ойр хавьд бие засахгүй байх гэх мэт. 21-р зуунд ийм арга сонин сонсогдож болох юм. Гэвч энэ арга тендер зарлаж, хэрэгжүүлэхээс хамаагүй хурдан үр дүнд хүрч мэдэх юм.

Аялагчид хогоо ил задгай хаяж, бие зассан тохиолдолд байгаль хамгаалагч, байцаагч нар Зөрчлийн тухай хууль, Орчны хяналтын тухай хууль, журмын дагуу торгож, арга хэмжээ авдаг. Гэхдээ нуурын нийт талбайн хэмжээнд хоёр байцаагч ажилладаг байна. “Хяналт тавиад тойроод ирэхэд зарим иргэд хогоо хаяад явчихсан байдаг. Тиймээс бид яваандаа камержуулах, анхааруулсан дуут дохио ашиглах зэрэг техникийн дэвшлээр хяналт тавина” гэдгийг Ш.Мягмар дарга яриандаа дурдсан юм.

Ингэж ирээдүйг ярьж, эсвэл тендер хүлээж байх хооронд нуур дагасан хогийн цэг, хүний өтгөн дүүрэх вий. Юун аялж, амарч, зугаалах. Гол, нуураа ширгээчихгүй байхсан даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж