Тэрбумтнуудын тоглоом буюу сансрыг эзлэх өрсөлдөөн

Хуучирсан мэдээ: 2019.07.23-нд нийтлэгдсэн

Тэрбумтнуудын тоглоом буюу сансрыг эзлэх өрсөлдөөн

Тэрбумтнуудын тоглоом буюу сансрыг эзлэх өрсөлдөөн

Хүн төрөлхтний хүрч болох хамгийн цаад хязгаарын төлөөх өрсөлдөөн Капиталист Америк, социалист Оросын хооронд олон арван жилийн турш үргэлжилсэн.

Сансрын уудам дахь хоёр их гүрний өрсөлдөөн нь нэр хүндийн төлөөх тэмцэл байсан. Зөвлөлтүүд дэлхийн анхны хиймэл дагуулыг амжилттай хөөргөж, анх удаа хүн сансарт нисгэсэн нь үзэл суртлын гайхамшигтай амжилт байлаа. Харин америкчууд 1969 онд Саран дээр амжилттай бууж, үүнийг нь шууд нэвтрүүлгээр дэлхий даяар 530 сая хүн үзсэнээр тэд ЗХУ-аас давамгайлах болсон юм.

Одоогоос 50 жилийн өмнө анх удаа хүн төрөлхтөн саран дээр хөл тавьж, сая сая хүн гайхан биширч байсан бол одоо хүссэн хүн бүр сансар огторгуй руу аялах боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, хэн мөнгөтэй нь сансарт нисэх боломжтой болж байгаа юм. Ингэснээр НАСА-ийн монополь байдал өндөрлөж, сансрын өрсөлдөөн улс орнуудын биш хувь хүмүүсийн хоорондын өрсөлдөөн болон хувирсан.  Уг асуудал “Цахиурын хөндий”-н хоёр тэрбумтны шандсыг шалгаж байна. Тодруулбал, дэлхийн хамгийн баян хүн гэгддэг “Amazon”-ны үүсгэн байгуулагч Жефф Безос, “Tesla Motors”, “Space X”-ийн Элон Маск нарын хооронд сансрын уудмыг эзлэх өрсөлдөөн өрнөж байгаа юм.

Элон Маскийн хувьд тэрбээр хүмүүсийг Ангараг руу илгээж, тэнд хот суурин байгуулж, улаан гаригийг цаашид нарны системийг судлах суурь болгон ашиглахыг хүсдэг. Харин “Amazon”-ны загалмайлсан эцэг Безос өөрийн “Blue Origin” пуужингийн компаниар дамжуулан мөн л хүмүүсийг саран дээр суурьшуулж, тэнд асар том бааз, суурин газрыг байгуулах, тэр ч байтугай саран дээр нэг их наяд хүн амьдрах боломжтой хэмээн ярьдаг.

Тэдний хэн хэн нь сансар судлалын салбарт туршлага багатай ч амбиц нь маш хүчтэй. Хэдий хүсэл сонирхол нь өөр өөр гариг дээр байгаа ч тэдний хүрэхийг хүссэн эцсийн цэг нь нэг билээ.

Элон Маск олон жилийн турш Ангараг гаригт санаархсаар ирсэн. Тэрбээр нэгэн удаа хүн амьдрах нь битгий хэл очих зам нь үхлийн аюултай гэгддэг Ангараг гаригийн тухай  “Хүмүүсийн өндөр уулын оройд гарах тэмүүлэл, миний Ангараг гаригт суурьших хүсэл яг ижилхэн, бас боломжтой хүсэл юм. Эверестийг зорьсон уулчид амиа алдах тохиолдол жил бүр л гардаг. Гэхдээ л оргилд нь гарахсан гэсэн хүсэлтэй хүмүүсийн цуваа зогсдоггүй шүү дээ”  хэмээн ярьж байв.

Тэрбээр 2001 онд буюу өөрийн “PayPal” компанийг зарж, 165 сая ам.долларын орлого олохоос жилийн өмнө 20 сая ам.долларын өртгөөр Ангараг гаригт хүрэх “Mars Oasis” хэмээх сансрын хөлөг бүтээх санаагаа танилцуулсан юм. Түүний санаагаар бол энэхүү сансрын хөлөг дотор тусгай гелен хэлбэртэй биетийг байршуулаад, тус гелен дотроо ургамлын үрийг суулгаж, Ангараг руу илгээж ургаж буй ургамлын зургийг аван дэлхий рүү илгээхээр хөлгийг бүтээх байсан. Гэвч түүний санаа хэтэрхий өртөг өндөртэй байсан учраас 2002 онд тэрбээр илүү хямд төсөр зардлаар сансрын уудамд нэвтрэх, дахин ашиглах боломжтой пуужинг зохион бүтээхээр “Space X” компаниа үүсгэн байгуулжээ.

Харин Жефф Бекос нэрт физикч Жерард Онэйлийн үзэл баримтлалд итгэдэгээ нуудаггүй. Түүнийхээр бол өөр гариг дээр хиймэл татах хүч үүсгэн, тэнд дэлхийтэй адил орчин нөхцөл бүрдүүлэх боломжтой юм. Безос ахлах сургуулийнхаа төгсөлтийн баяраар сая сая хүн сансарт гарч амьдрах боломжтой талаар ярьж олон хүнийг гайхшруулж байжээ. Тэрбээр “Сансар огторгуй бол бидний эцсийн зогсоол. Дараагийн удаа надтай сансарт уулзаарай” хэмээн хэлж байв.

Безос ч хөлгүй баян болж, түүний уран зөгнөлт зохиолч найз Нил Стефенсон түүнийг сансар огторгуйн салбарт хөл тавихад зоригжуулснаар 2000 онд Безос хүн төрөлхтнийг бага зардлаар сансарт аваачих зорилготой “Blue Origin” компаниа үүсгэн байгуулжээ.

“Blue Origin” компани хамгийн анх “New Shephard” нэртэй пуужингаа эргэн амжилттай газардуулж чадсан. “BlueOrigin”, “Space X” хоёрыг нэгтгэж байгаа нэг зүйл бол тэдний пуужингууд дахин ашиглагдах боломжтой. Ялгаа гэвэл хэмжээнд нь л байгаа юм. Элон Маскын “Falcon 9” пуужин бол ачаа тээвэрлэх зориулалт бүхий илүү том, илүү өндөрт хөөрөх чадвартай пуужин юм. Харин Жефф Безосын “NewShepard”-н хувьд ердөө зургаан хүн суулгах багтаамжтай буюу аяллын зориулалттай юм.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж