Хүн төрөлхтний хүрч болох хамгийн цаад хязгаарын төлөөх өрсөлдөөн Капиталист Америк, социалист Оросын хооронд олон арван жилийн турш үргэлжилсэн.
Сансрын уудам дахь хоёр их гүрний өрсөлдөөн нь нэр хүндийн төлөөх тэмцэл байсан. Зөвлөлтүүд дэлхийн анхны хиймэл дагуулыг амжилттай хөөргөж, анх удаа хүн сансарт нисгэсэн нь үзэл суртлын гайхамшигтай амжилт байлаа. Харин америкчууд 1969 онд Саран дээр амжилттай бууж, үүнийг нь шууд нэвтрүүлгээр дэлхий даяар 530 сая хүн үзсэнээр тэд ЗХУ-аас давамгайлах болсон юм.
Элон Маскийн хувьд тэрбээр хүмүүсийг Ангараг руу илгээж, тэнд хот суурин байгуулж, улаан гаригийг цаашид нарны системийг судлах суурь болгон ашиглахыг хүсдэг. Харин “Amazon”-ны загалмайлсан эцэг Безос өөрийн “Blue Origin” пуужингийн компаниар дамжуулан мөн л хүмүүсийг саран дээр суурьшуулж, тэнд асар том бааз, суурин газрыг байгуулах, тэр ч байтугай саран дээр нэг их наяд хүн амьдрах боломжтой хэмээн ярьдаг.
Тэдний хэн хэн нь сансар судлалын салбарт туршлага багатай ч амбиц нь маш хүчтэй. Хэдий хүсэл сонирхол нь өөр өөр гариг дээр байгаа ч тэдний хүрэхийг хүссэн эцсийн цэг нь нэг билээ.
Тэрбээр 2001 онд буюу өөрийн “PayPal” компанийг зарж, 165 сая ам.долларын орлого олохоос жилийн өмнө 20 сая ам.долларын өртгөөр Ангараг гаригт хүрэх “Mars Oasis” хэмээх сансрын хөлөг бүтээх санаагаа танилцуулсан юм. Түүний санаагаар бол энэхүү сансрын хөлөг дотор тусгай гелен хэлбэртэй биетийг байршуулаад, тус гелен дотроо ургамлын үрийг суулгаж, Ангараг руу илгээж ургаж буй ургамлын зургийг аван дэлхий рүү илгээхээр хөлгийг бүтээх байсан. Гэвч түүний санаа хэтэрхий өртөг өндөртэй байсан учраас 2002 онд тэрбээр илүү хямд төсөр зардлаар сансрын уудамд нэвтрэх, дахин ашиглах боломжтой пуужинг зохион бүтээхээр “Space X” компаниа үүсгэн байгуулжээ.
Безос ч хөлгүй баян болж, түүний уран зөгнөлт зохиолч найз Нил Стефенсон түүнийг сансар огторгуйн салбарт хөл тавихад зоригжуулснаар 2000 онд Безос хүн төрөлхтнийг бага зардлаар сансарт аваачих зорилготой “Blue Origin” компаниа үүсгэн байгуулжээ.
“Blue Origin” компани хамгийн анх “New Shephard” нэртэй пуужингаа эргэн амжилттай газардуулж чадсан. “BlueOrigin”, “Space X” хоёрыг нэгтгэж байгаа нэг зүйл бол тэдний пуужингууд дахин ашиглагдах боломжтой. Ялгаа гэвэл хэмжээнд нь л байгаа юм. Элон Маскын “Falcon 9” пуужин бол ачаа тээвэрлэх зориулалт бүхий илүү том, илүү өндөрт хөөрөх чадвартай пуужин юм. Харин Жефф Безосын “NewShepard”-н хувьд ердөө зургаан хүн суулгах багтаамжтай буюу аяллын зориулалттай юм.
Холбоотой мэдээ