Хуучирсан мэдээ: 2019.07.23-нд нийтлэгдсэн

НОСК “Но”-той юу?

Иргэдийн дунд багагүй хүлээлт үүсгээд буй түрээсийн орон сууцны цахим бүртгэл өчигдөр /2019.07.22/ 17.00 цагаас эхэллээ. Гэтэл цахим бүртгэл нь эхлээгүй байхад ханш тогтоож, “Түрээсийн орон сууцанд найдвартай оруулж өгнө”, “Түрээсийн орон сууцанд бүртгүүлэх хүсэлтэй 100 гаруй иргэнээс их хэмжээний мөнгө цуглуулсан” гэх мэдээлэл чих дэлсэж, сошиал орчинд цацагдах болов. Энэ нь эргээд иргэдийн итгэл үнэмшил, их хүлээлтэд эргэлзээ үүсгэх болжээ.

Үнэндээ энэ хөтөлбөр байранд орох хүсэлтэй ч урьдчилгаа төлбөр дээрээ гацчихаад байгаа гэр хорооллын иргэдийн хувьд том боломж. Бага дунд орлоготой иргэдэд тоолоод өгөх бэлэн мөнгө ховор. Тиймээс тэдэнд байрны 30 хувийн урьдчилгаа нь хамгийн том давааны нэг. Тэгэхээр хүмүүсийн байранд орох найдвар нь одоогоор НОСК болоод байгаа юм. Нийгэмд хүлээлт ч их байна.

НОСК-ИЙН АЖИЛТАН ЗАЛИЛАН ХИЙСЭН БОЛ ХАРИУЦЛАГА ТООЦНО

Зарим иргэд “Түрээсийн орон сууц жирийн иргэдэд хүртэх нь юу л бол. Ямар ч байсан азаа үзээд бүртгүүлээд үзнэ” гэж ярихтай ч таарлаа. Нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар мэдээлэл хийх үеэрээ “Түрээсийн орон сууцны цахим бүртгэлд ямар ч арын хаалга байхгүй” гэж хэлсэн.

Тэрбээр “Сошиалд цахим бүртгэлтэй холбоотой худал мэдээллүүд ихээр цацагдаж байна. Өнөөдрийн байдлаар “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцанд нэг ч айл эрхээ аваагүй, байрандаа ороогүй байгааг албан ёсоор мэдэгдье. Манай байгууллагын хувьд зөвхөн бүртгэлийн ажлыг зохион байгуулна. Үүний дараагаар Орон сууцны комисс болон нийслэлийн Засаг даргын дэргэд Орон сууцны зөвлөл гэж бий. Эдгээр байгууллага сонгон шалгаруулалтыг хариуцан ажиллаж, давхар хуулийн байгууллага хяналт тавьж ажиллана.

Багш, эмч, сэтгүүлчдэд квот өгөх үү гэж их асууж байгаа. Ямар ч байгууллага, мэргэжилтнүүдэд квот, арын хаалга байхгүй. Зөвхөн нийслэл хотын гэр хороололд амьдарч байгаа иргэд хамрагдах боломжтой. “Нийслэлийн Орон сууцны корпорацийн нэрийг барьж, иргэд нэлээд залилан хийсэн гэдэг мэдээллийг хүлээн авсан. Хэрвээ манай ажилтан тийм үйлдэл гаргасан нь хуулийн байгууллагаар тогтоовол хариуцлага тооцно” гэдэг хариултыг өгч байсан юм.

“Өнөөдрийн байдлаар нийслэлийн Орон сууцны корпорацийн ажилтнуудтай хамааралтай өргөдөл, гомдол ирээгүй байна. Хэрвээ манай ажилтан залилан хийсэн бол хууль хяналтын байгууллага шалгана шүү дээ. Энэ бол огт үндэслэлгүй, гүтгэж, нэр хүндэд нь халдах гэсэн худал мэдээлэл. Сошиалаар цацагдаад байгаа “Түрээсийн орон сууцны цахим бүртгэлд зургаа, долоон сая төгрөгөөр бүртгэнэ” гэдэг зарыг би өөрөө ч уншсан. Гэхдээ тэр мэдээллийг бичсэн хүн нь тодорхойгүй, зураггүй, хуурамч хаягаас хандсан байсан. Иргэд өнөөдөр тийм хүнтэй нүүр тулж уулзаад үнэхээр мөнгөөрөө хохирсон бол хуулийн байгууллагад хандах хэрэгтэй. Манай ажилтнууд залилан хийсэн нотолгоо байгаа бол надад ирээд мэдээлээч ээ. Дахин хэлэхэд нийслэлийн Орон сууцны корпорациас түрээсийн орон сууцны бүртгэлийг зохион байгуулж байгаа. Бид энэ удаагийн түрээсийн орон сууцны цахим бүртгэлийг шударга хийхийг зорьж байна. Дараа дараагийн олон ажлыг хийх учраас эхлэлийг нь зөв тавихыг хичээж байна” гэдгийг тус корпорацийн дэд захирал С.Дорждэрэм дарга хэлсэн юм.

ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ БАЙРНЫ НЭГ АМ.МЕТРИЙН ҮНЭ 1.450.000 ТӨГРӨГ

Иргэдэд таван жилээр түрээсийн орон сууцны түрээслээд өмчлүүлэх хэлбэрийн байрны нэг ам.метрийн үнэ 1.450 мянган төгрөг. Энэ бол бол Хөгжлийн банкнаас нийслэлийн Орон сууцны корпорациас шилжиж ирж байгаа үнэ гэдгийг албаныхан хэлж байв. Харин энгийн түрээсийн хамгийн доод үнэ бол 137 мянга 550-411 мянган төгрөгийн үнэтэй. Энэ үнэ нь байрныхаа ам.метрээс шалтгаалж байгаа. Байраа түрээслээд өмчлөх хүсэлтэй иргэдийн урьдчилгаа төлбөрөөсөө хамаарч, 30 хувиа төлсөн иргэд хамгийн багадаа 284 мянган төгрөг төлөх бол хамгийн ихдээ 1.600 мянган төгрөг хүртэл хэлбэлзэж байна. Тэгэхээр өөрсдийн амьдрах хүсэлтэй байрныхаа ам.метрийн хэмжээнээс хамаарч, сард төлөх түрээсийн төлбөрөө гаргаж, байраа сонгох боломжтой.

ХОЁР, ГУРВАН ӨРӨӨ БАЙРАНД ЗӨВХӨН ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭД ХАМРАГДАНА

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд 68.56 ам.метртэй гурван өрөө, 39.30 ам.метртэй хоёр өрөө, 49.23 ам.метртэй хоёр өрөө байрнаас сонголтоо хийх гэнэ. Ингэхдээ журамд заасны дагуу найман төрлийн ангилал нэгд нь хамрагдан цахим бүртгэлд бүртгүүлнэ гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. Мөн ахмад настан тэтгэврийн зээлтэй ч түрээсийн төлбөр төлөх боломжтой бол түрээсийн орон сууцанд хамрагдана. Хэрвээ зээлтэй, үлдсэн тэтгэврийн мөнгө нь түрээсийн төлбөр төлж хүрэхгүй бол хамрагдах боломжгүй гэдгийг албаныхан тайлбарлалаа.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж