Хоолны хордлогод хаширдаггүй Монгол

Хуучирсан мэдээ: 2019.07.23-нд нийтлэгдсэн

Хоолны хордлогод хаширдаггүй Монгол

Зайсан дахь KFC түргэн хоолны салбараар үйлчлүүлсэн 247 иргэн хордлого авсан талаарх мэдээлэл нийгэмд шуугиан тариад намжиж амжаагүй байтал “Burger king”-д 80 гаруй хүн хордож, 18 нь эмчлүүлсэн нь олныг цочирдуулж, түргэн хоолны чанар аюулгүй байдлын талаар нэгийг бодоход хүргэсэн билээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эдгээр газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон боловч өнөөдөр дахин үүдээ нээж, иргэд үйлчлүүлсээр байна. Тус сүлжээ ресторануудаар үйлчлүүлсэн иргэд дахин хордохгүй гэх баталгаа үгүй. Иймд хаалгаа бариад байсан түргэн хоолны сүлжээ ресторанууд хэзээнээс иргэдэд үйлчилж, эрүүл аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж буй талаар сурвалжилахаар очсон ч тэдний зүгээс хариу өгөхөөс татгалзсан юм.

                  ХААЛГАА БАРЬСАН KFC, BURGER KING ҮҮДЭЭ НЭЭСЭН Ч ҮЙЛЧИЛГЭЭНИЙХЭЭ ЧАНАРЫГ "НУУВ"

Шарсан тахиагаар дэлхийд алдартай KFC сүлжээ ресторан Монгол дахь салбараа нээгээд долоон жил болж буй. Тус сүлжээ рестораны Зайсан дахь салбараас энэ оны хоёрдугаар сард 247 хүн хордож, ХӨСҮТ-д хүргэгдсэн тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус салбарын үйл ажиллагааг зогсоож, Зөрчлийн тухай хуулийн зургаадугаар бүлгийн 14.4, 15.3.1, 15.2 гэсэн заалтаар 14 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан билээ. Хордлогын шалтгааныг НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "KFC Зайсан салбарын ажилтан цусан суулга өвчин үүсгэдэг нянгийн халдвартайгаа мэдэхгүй явж байгаад хоол хүнсээр дамжин үйлчлүүлэгчдэд халдварласан байна” гэх мэдээллийг өгч байв. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд KFC түргэн хоолны газрын усаа авдаг гүний худгаас дээж авч шинжлэхэд нянгийн бичил биетийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр, химийн үзүүлэлтээр нитритийн бохирдолтой гарсан удаатай. Тэгвэл хаалгаа бариснаас хойш хэдхэн сарын дараа дахин үйлчилгээгээ явуулж буй тус газрын үйл ажиллагаатай өчигдөр /2019.07.22/ танилцахад бага насны хүүхдүүдээ дагуулсан эцэг эх цөөнгүй харагдсан юм.

Үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг сонсоход “КFC сүлжээ ресторанаас өмнө нь олон хүн хордсон тухай сонссон. Гэхдээ одоо үйлчилгээгээ илүү сайжруулсан гэдэгт итгэлтэй байна” гэх хариултыг өгч байв.

Иргэн Х гэх эмэгтэй ярихдаа “Зайсан дахь КFC салбар зургадугаар сарын 1-нд үйлчилгээ үзүүлж байсан. Миний хувьд энэ салбараар хоёр дахиа үйлчлүүлж байна. Одоогоор ямар нэгэн асуудал гараагүй. Тиймээс хоол нь чанартай болсон байх” гэсэн юм.

Харин тус салбарын ажилтнууд үйл ажиллагаагаа хэзээнээс явуулж эхэлсэн тухай болон хоолны чанар аюулгүй байдлын талаарх мэдээлэл өгөхөөс татгалзав. Тус салбарыг хариуцаж буй менежер н.Сумьяабазар “Би өчигдрөөс л энэ салбарт ажиллаж байна. Уучлаарай ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбарыг өгч удирдах албан тушаалтантай холбогдох  дугаарыг өгсөн ч бас л адил хариу тайлбар өгсөн юм. Тус газрын зүгээс ямар нэгэн тайлбар, мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж буйгаа илэрхийлсэн бөгөөд мөн Зайсан дахь KFC салбарын үйл ажиллагааны талаарх мэдээллийг “нуусан” юм.

Бидний дараагийн очсон газар бол хордлого гарсан гэх Зайсан дахь “Burger King”. Тэнд үйлчүүлэгчдийн хөл хөдөлгөөн тасрахгүй байгаа нь харагдсан. Тус газраас мөн адил ямар нэгэн хариу тайлбар өгөхөөс эрс татгалзаж, ажилтнууд нь амаа "үдүүлчихжээ". Тус салбарын тухайд эргэн сануулахад, өнгөрсөн тавдугаар сарын 7-ны өдөр тус хоолны газраар үйлчлүүлсэн нэг гэр бүлийн гурван хүн хордсоноос хойш ХӨСҮТ-д 80 гаруй хүн хордлого авсан шалтгаанаар хандаж, 18 нь хэвтэн эмчлүүлсэн байдаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Burger King”-ийн үйл ажиллагааг 24.00 цагаар түр хугацаанд хаасан юм.

KFC БОЛОН BURGER KING, КИМБАБ ЧОНГУГ ЗЭРЭГ ХООЛНЫ ГАЗАРТ ДАХИН ХУГАЦААТАЙ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙНЭ

Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд иргэдийг үйлчлүүлж буй газар болон хоол хүнсэндээ ухамсартай хандаж чанарын баталгаатай, эрүүл мэндэд хэрэгтэй хүнс сонгож хэрэглэхийг сануулав. Чанарын баталгаагүй хүнс нь хортой л адил гэдгийг тус газрынхан иргэдэд анхааруулж байлаа.

Нийслэлийн хэмжээнд 3400 орчим нийтийн хоолны үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулдаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас он гарснаас хойш хоол үйлдвэрлэлийн 308 газарт төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийсэн бол төлөвлөгөөт бус буюу иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу мөн хяналт тавьжээ. Хяналт шалгалтаар, тухайн ажлын байр нь мэргэжлийн зураг төслийн дагуу баригдаагүй, аж ахуй нэгжүүдийн ажлын байр стандартын түвшинд бус, үйлдвэрлэлийн зохистой дадал хэрэгждэггүй, түүхий эд, бүтээгдэхүүнийг олон хоног хадгалсан болон эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаагүй буюу цагийн ажилтан буюу оюутнуудыг зуны улиралд ажиллуулдаг гэх нийтлэг зөрчил илэрдэг аж.

Зайсан дахь КFC сүлжээ рестораны тухайд ч бас эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй цагийн ажилтан ажилуулснаас болж олон хүн эрүүл мэндээрээ хохирох шалтгаан болсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан тодотгов. Тус газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын улсын байцаагч Б.Дуламсүрэн “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хоолны үйлчилгээ үзүүлж буй аж ахуй нэгж байгууллагуудад ажилчдын эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, баталгаажих дэвтэр байгаа эсэхэд хяналт шалгалт тавьж ажиллаж байна. Ажилтнууд нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй зарим газрууд ч бий. Ялангуяа оюутнууд зуны улиралд түр цагийн ажилтан авдаг, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаагүй байдаг. Бидний зүгээс иргэдийн гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт тавьж, зөрчил илэрсний дагуу үйл ажиллагааг нь түр хугацаанд зогсоодог. Энэ хугацаанд зөрчлөө арилгах үүрэг даалгавар өгдөг.

Тухайн аж ахуй нэгж байгууллага улсын байцаагчийн өгсөн албан даалгавар, шаардлагыг биелүүлж зөрчлөө арилгасан тохиолдолд үйл ажиллагаагаа явуулах эрхтэй. Хэрэв зөрчил бүрэн арилаагүй, улсын байцаагчийн өгсөн үүрэг даалгавар биелэгдээгүй бол үйл ажиллагаагаа явуулах эрхгүй.

Тиймээс KFC болон Burger King, Кимбаб чонгуг зэрэг хоолны газруудад дахин хугацаатай хяналт шалгалтыг хийнэ. Эдгээр газруудад өмнө нь иргэдээс гомдол мэдээлэл ирүүлсний дагуу бид хяналт шалгалт хийж үйл ажиллагааг нь зогсоосон. Иргэдийн зүгээс ихэвчлэн хоолноос үс гарсан, хорхой шавж илэрсэн, хугацаа нь дууссан, хоолны хордлогын тухай гомдол мэдээлэл их ирдэг” гэлээ.

ТҮЦ-ИЙН ЛАНГУУН ДАХЬ ТҮРГЭН ХООЛНООС 21 ХҮН ХОРДОЖ 19 ХҮН ХӨСҮТ-Д ХҮРГЭГДЖЭЭ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ-д борлуулж буй кимбаб, пирожки, ороомог, сэндвич зэргийг иргэд худалдан авч идэхгүй байхыг анхааруулсан юм. Хамгийн сүүлд 21 хүн сэндвич талханд хордож, 19 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Түргэн үйлчилгээний цэг нь хүнсний бүтээгдэхүүн зарах хориотой ч стандартгүй үйлчилгээ буюу иргэдийн гар дээрээс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулж буй нь эдгээр газрыг цэгцлэх шаардлагатай болсныг шат шатны байгууллагууд анхаарах ёстойг Нийслэлийн мэргэжлийн хяналтынхан тодотгож байв. Түүнчлэн сүүлийн үед хүүхэд залуусын үйлчлүүлэх болсон CU, CIRCLE K, V Point зэрэг сүлжээ дэлгүүр орон сууцны нэг давхарт үйл ажиллаагаа явуулах ёсгүйг мэргэжлийн хяналтын байгууллагын мэргэжилтнүүд онцолж байсан юм.

Хэдийгээр эмч мэргэжилтнүүд болон нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан зэрэг холбогдох албаны хүмүүс эрүүл аюулгүй бүтээгдэхүүн хэрэглэж стандартын шаардлага хангахгүй нийтийн хоолны газраар үйлчлүүлэхгүй байхыг иргэдэд сануулдагч олон хүн дашраараа хордсон асуудал бидэнд томоохон “сургамж” болохоор байтал иргэд бага насны хүүхдүүдээ дагуулан хордлого гарсан нийтийн хоолны сүлжээ ресторанаар дахин үйлчлүүлж буй нь өөрсдийн ухамсар, хариуцлагатай холбоотой болохыг илэрхийлнэ.

Б.ЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж