Ж.Сүхбаатар: Гишүүдийн тоог 108 болговол эрх мэдэл нь буурна

Хуучирсан мэдээ: 2019.07.23-нд нийтлэгдсэн

Ж.Сүхбаатар: Гишүүдийн тоог 108 болговол эрх мэдэл нь буурна

Ж.Сүхбаатар: Гишүүдийн тоог 108 болговол эрх мэдэл нь буурна

УИХ-ын гишүүн асан, хуульч Ж.Сүхбаатартай ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Ерөнхийлөгчийн зүгээс дэвшүүлээд буй хуулийн төслийн талаарх та ямар бодолтой байна вэ?

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд тусгагдсан зарим саналыг дэмжиж байгаа. Тухайлбал, Шүүхийн сахилгын хороо байгуулахыг Үндсэн хуульд тусгахыг дэмжиж болох санал. Мөн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх чиглэлд нийслэлийн дүүргүүдийг хотын статустай болгох саналыг тусгасан нь зөв. Гэхдээ үүнийг ялгамжтай авч үзэх хэрэгтэй. Мөн хуулийн төсөлд Засгийн газрын мөрийн хөтөлбөр үндэсний аюулгүй байдалд нийцэж байгаа эсэхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ шийдвэрлэнэ гэсэн нь төдийлөн оновчтой зохицуулалт биш. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хянах нь ҮАБЗ-д хэт эрх мэдэл өгөх асуудал. Засгийн газрын мөрийн хөтөлбөр бол УИХ-д олонх болсон намын мөрийн хөтөлбөр. Гэтэл үүнийг ҮАБЗ-өөр хянуулдаг байх шаардлага байхгүй гэж үзэж байна. Үүгээр ҮАБЗ нэг удаа асуудлыг хянах эрх мэдэл авч байгаа мэт боловч цаашдаа бусад асуудлыг ч мөн адил урьдчилан хянаж үздэг газар болохыг үгүйсгэхгүй.

УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр нэг намын хүмүүс. Гэтэл Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг ҮАБЗ-өөр оруулж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөн ярих шаардлага байхгүй. Ерөнхийлөгч бол төрийн тэргүүний хувьд бие даасан институт. Харин ҮАБЗ Монгол Улсын төрийн тэргүүний дэргэд ажилладаг зөвлөх үүрэгтэй байгууллага. Энэ байгууллагыг бие даасан, тусгай эрх мэдэлтэй болгох нь ямар үр дагаварт хүргэх үү гэдгийг бодох хэрэгтэй. Дээрх саналыг Ерөнхийлөгч Үндсэн хуульд хуульчлан оруулах гэж байгаагийн цаад зорилго нь юу болохыг сайтар ойлгохгүй л байна. Хаа хаанаа бодох л асуудал.

Ерөнхийлөгч парламентын гишүүдийн тоог нэмснээр аливаа нөлөөллөөс ангид болно гэж үзээд тоог 108 болгох санал гаргасан нь гишүүд нөлөөлөлд оролцох нь буурна гэж харж байх шиг байна. Гишүүдийн тоог нэмэх шаардлага бий юу?

 -Өнөөгийн 76 гишүүний тоог 108 болгож нэмэгдүүлэхийг би эсэргүүцэхгүй байгаа. Энэ бол байж болох л хувил­бар. 1990 оны хүн амын улсын тооллогоор 2.1 сая хүн амтай гэж тоологдож байлаа. Тухайн үед ард түмний төлөөллийг засаг захиргааны нэгж, нутаг дэвсгэрийнхээ бүтэц зохион байгуулалтыг бодолцож байж өнөөгийн 76 гэдэг тоог гаргаж ирсэн. Түүнээс хойш 28 жилийн хугацаанд Монгол Улсын хүн ам 3.2 сая орчим болж өслөө. 10 жилийн өмнө би парламентын гишүүдийн тоог 99  болгох санал гаргаад нэлээд зэмлэл хүртэж байсан. Манайхан парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг дарга нарын тоог нэмэх нь гэж ойлгодог тал бий. Ингэж бодох нь ч аргагүй. Яагаад гэвэл олон нийт УИХ-ын гишүүдийг дарга гээд ойлгочихсон. Угтаа парламент бол ард түмний төлөөллийн байгууллага. Гэтэл монголчууд УИХ-ыг төрийн эрхийг барих дээд байгууллага гэж ярьсаар байгаад төлөөллийн байгууллага гэдгийг умартчихсан. Иргэдийн төлөөлөл хэдий чинээ цөөн байна тэр хэрээр тэдэнд илүү их эрх мэдэл очдог. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь “дарга” нарыг төлөөлөгч гишүүн болгох асуудал гэж ойлгох нь зөв.

Барууны орнуудад парламентын гишүүд нь тэр бүр олны анхааралд байгаад байдаггүй нь олон гишүүнтэй холбоотой. Тэд хамтаараа шийдвэр гаргаж чаддаг, хүчтэй эрх мэдлээ мэдрүүлдэг, мэдэрдэг, бусад үе бол тийм биш гэсэн үг. Тухайлбал, парламентын 120 гишүүнтэй тохиолдолд чуулган бүр дээр гишүүд үг хэлдэггүй. Үг хэлэх бол урьдчилан нэрээ өгдөг. Манайд өнөөдөр чуулганы хуралдаан хэрүүл маргаантай болдог нь цөөхөн гишүүнтэй холбоотой юм.

Парламентын гишүүдийн тоог 99, 108  болговол одоогийн нэг гишүүний эдэлж байгаа эрх, ямба гуравны нэгээр буурна гэсэн үг. Тооны олон гэж асуудлыг харах гэхээсээ илүүтэй нөгөө талаас нь харах хэрэгтэй. Манайхан идэж уух хүний тоо нэмэгдэх нь гэж ярьж байна. Гэтэл үгүй юм. Энгийнээр тайлбарлавал парламентын гишүүний тоо нэмэгдэх нь гишүүд үгсэн хуйвалдаж шийдвэр гаргах, асуудлыг амархан өөрчлөх боломж нь тэр хэрээр буурна. Гишүүдийн тоог 108 болгохгүй байлаа гэхэд тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх  шаардлага зүй ёсоор байна.

Хэдий болтол улс төрийн цөөн хүрээнд төлөөллөө хэрэгжүүлэхэв дээ. Улстөрчдийн хувьд гишүүдийн тоог цөөлөх нь ашигтай. Харин иргэд талаасаа энэ нь ашигтай биш. Тийм учраас би 10 гаруйн жилийн өмнөөс парламентын гишүүдийн тоог 99 болгох талаар дуугарч, дэмжиж ирсэн хүний нэг. Нэг нам хэт давуу эрх эдлэх нь тухайн намдаа ч нийгэмдээ ч хортой гэдгийг өнгөрсөн туршлагуудаас бид харлаа. Тэнцвэртэй, хяналттай байх энэ зарчим руугаа орох нь зөв гэдгийг нийгэм улам бүр ойлгож ирж байна. Энэ рүү тэмүүлэх гол цэг нь парламентынхаа бүрэлдэхүүнийг өргөтгөж, нийгмийн төлөөллийг нэмэгдүүлэх явдал юм.

-Өнөөдөр УИХ-ын ажлын чанар гишүүдийн тооноос шууд хамааралтай байна. Цөөн гишүүнтэй байгаагаас олон байнгын хорооны хуралдаан давхацдаг, нэг гишүүний ачаалал хэтэрхий их байгаагаас хууль чанаргүй гарч байгаа нь гишүүдийн цөөнтэй холбоотой гэж ойлгож болох уу?

-УИХ-ын үйл ажиллагаагаа 76 гишүүний тоонд тааруулж ажиллахын тулд УИХ-ын байнгын хороодыг 19-21 гишүүнтэйгээр байгуулдаг. 76 тоондоо баригдаад зарим байнгын хороодыг байгуулж чаддаггүй. Тухайлбал Хүний эрхийн дэд хороо гэхэд байнгын хорооны түвшинд ажиллахуйц хороо. Боловсрол, эрүүл мэндийн байнгын хороо гэж тусад нь байгуулж болох байтал өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо/НББСШУ/ гээд хэд хэдэн салбартай нийлүүлчихсэн. Гэтэл салгаж тусад нь байгуулъя гэхээр гишүүдийн тоо хүрэлцдэггүйгийнх. Эрүүл мэнд, боловсролын салбарт шинэчлэлт хийгдэхгүй байна гэж шүүмжилдэг. Хэрэв УИХ-д Боловсрол, эрүүл мэндийн салбарыг хариуцсан байнгын хороотой байсан бол олон том шинэчлэл хийгдэх байсан гэж би хувьдаа хардаг. Байнгын хороо бол УИХ-ын асуудал шийддэг гол байгууллага. 19 гишүүнтэй байнгын хороо 10 гишүүнээр ирцээ бүрдүүлээд зургаан хүн асуудлыг баталж байна. Иймээс гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Цаашлаад 76 тоондоо баригдаад сонгуулийн систем нь хүртэл хамаарч байна шүү дээ. Би сүүлийн хэдэн жил "давжаа" парламент гэж хэлээд байгаа нь ийм учиртай.

-УИХ-ын өнгөрсөн долоон удаагийн сонгуулийг бараг бүгдийг нь мажоритар тогтолцоогоор явуулж ирсэн. Тэгвэл төсөлд сонгуулийн холимог систем тохиромжтой гэсэн санал гаргаад байгаа. Монголын нөхцөлд энэ систем хэр тохиромжтой вэ?

-Холимог тогтолцоог дэмжиж байна. Австрали, Канад, Британи, АНУ зэрэг холбооны улсуудад мажоритар системийг хэрэглэдэг. Манайх шиг цөөхөн хүн амтай улс мажоритар системээр сонгуулиа тасралтгүй явуулж байгаа нь эргээд сонгуулийн үеэс гадна улс төрийн зөрчлийг асар их дэвэргэж хурцатгадаг. Өнөөдөр Монголд сахилга баттай нам гэж алга. Үүнийг засахад УИХ-ын багтаамж, төлөөлөл нэмэгдсэнээр тэр хэрээр хяналт сайжирна.

Парламентын гишүүдийн өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Гишүүдийн “давхар дээл"-ийг тайлах асуудлыг дөрөв болгох заалт тусгаж, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрхийг нь бүрэн олгож байгаа бол Ерөнхийлөгч зөвхөн Ерөнхий сайд давхар дээлтэй байх хатуу саналыг гаргасан. Ер нь өнгөрсөн хугацаанд Засгийн газар, парламент хоёр хэт хутгалдаж байна гэж шүүмжилж ирсэн. Үүнийг халахын тулд эрх мэдлийг нь хэрхэн хуваарилах зохистой вэ?

-Улс төрийн бодлогын хувьд бид сонголт хийх шаардлагатай болж байна. Манайх шиг жижиг улсад Засгийн газартаа эрх мэдлийг нь өгч парламент нь хууль тогтоох байгууллагынхаа хувьд дэмжлэг үзүүлдэг хэлбэрээр явах уу эсвэл хууль тогтоох байгууллага нь Засгийн газраасаа илүү эрх мэдэлтэй байх уу гэдгийг тодорхой болгох нь чухал. Парламентын гишүүн давхар Засгийн газрын гишүүнээр ажилладаггүй гаднын улс орнуудад парламент нь илүү том болчихдог. Парламентын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажилладаг Япон улсын жишээг татахад Засгийн газрын гишүүдийн олонх нь заавал парламентын гишүүн байх ёстой. Тэнд Засгийн газар нь эрхээ авч парламент нь дэмжлэг үзүүлэх чиглэлд түлхүүтэй ажилладаг. Манайх  парламент, Засгийн газар хоёрыг  тусад нь салгая гэвэл Ерөнхийлөгчийн санал харьцангуй зөв болно.

Намуудыг босгыг өндөрсгөх заалтыг Үндсэн хуульд тусгах нь хэр зохистой вэ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн төсөлд 50 001-ээс доошгүй иргэдийн гарын үсэг, 10 мянгаас дээш гишүүнтэй байж нам байгуулна гэж санал оруулсан нь шинэ төрөх намуудад хатуу заалт болох юм шиг?

-Намуудын санхүүжилт, эд хөрөнгийг цэгцлэх гэсэн Ерөнхийлөгчийн санааг дэмжиж байна. Гэхдээ томьёоллын хувьд буруу байгаа юм. Тухайлбал, 50 мянган гишүүнтэй байж нам байгуулна гэж том босго тавих нь ардчиллын зарчимд нийцэхгүй. Дэлхийн улс орнуудад 200 хүн цуглаад нам байгуулах эрхийг нь хаадаггүй, чөлөөтэй. Харин нам байгуулсны дараа нь сонгуульд гаргасан амжилт, эсвэл оролцоо зэрэгт нь  хяналт илүүтэй тавьдаг. Өнөөдөр манайд УИХ-ын хоёр сонгуульд дараалан оролцоогүй намууд байна. Энэ талаас нь тодорхой босго, хяналт тавивал өөр хэрэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж