Өмнөд Солонгосын эдийн засаг Ази тивдээ хамгийн хөгжингүй эдийн засгийн нэг. Харамсалтай нь, БНХАУ-АНУ-ын хоорондох худалдааны дайн болон Япон улсаас тавьж буй экспортын хязгаарлалтаас үүдэлтэйгээр Солонгосын эдийн засаг хүндхэн нөхцөл байдалд байна. Япон улс нь Өмнөд Солонгос улс руу ухаалаг утас, дэлгэц, хагас дамжуулагч үйлдвэрлэхэд шаардагддаг түүхий эдийг экспортолдог байснаа ийнхүү зогсоогоод байгаа билээ.
Дээрх нөхцөл байдлаас үүдэн Солонгосын эрх баригчид эдийн засгийн өсөлтийн таамгаа 2.5 хувиас 2.2 хувь болгон буулгав. Мөн Солонгосын банк 2016 оноос өнөөдрийг хүртэл буулгаагүй байсан хүүгээ жилийн 1.5 хувь хүртэл буулгажээ.
Японы Аж үйлдвэр, Худалдаа, Эдийн засгийн яамнаас долдугаар сарын эхээр Өмнөд Солонгос руу экспортолдог бараандаа хязгаарлалт хийж буй тухайгаа мэдэгдсэн. Тус мэдэгдэлд дурдсанаар, экспортын бараа бүтээгдэхүүнд тавигддаг хяналтыг хялбаршуулсан схемийн дагуу явуулдаг “Цагаан улс” жагсаалтаас БНСУ-ыг хассан тухай байв. Албан ёсны мэдэгдэлд “Япон Солонгос улс хоорондын экспортын хяналт, зохицуулалтын салбар дахь итгэлцлийн харилцаа алдарсан” тухай мэдээлжээ.
Тиймээс Японы эрх баригчид өндөр технологийн түүхий эдийг Солонгосын компаниудад зохих ёсоор хяналтгүйгээр худалдсан гэж мэдэгдэж, нийлүүлэлтийн зохицуулалтыг чангатгах шийдвэр гаргав.
Гэхдээ албан ёсны мэдэгдэлдээ Японы эрх баригчид экспортын дүрмийг зөрчсөн Солонгосын компани, Японы нийлүүлэгчдийг нэрлээгүй ажээ. Өмнөд Солонгос Японоос импортолсон бараагаа Хойд Солонгос руу дамжуулан борлуулдаг байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм. Энэ тухай Японы Асахи сонин Засгийн газрын төлөөлөгчийн мэдэгдэлд үндэслэн мэдээлжээ. Японы зүгээс Өмнөд Солонгост тавьсан хориг дээр нэмж, цэргийн үйлдвэрлэлд ашигладаг бүхий л материал, бүтээгдэхүүнд нэмэлт хязгаарлалт хийж магадгүй байна.
Өмнөд Солонгосын Засгийн газар экспортын энэхүү хязгаарлалтыг Японы Nippon Steel & Sumitomo Metal компанийн эд хөрөнгийг хураасантай холбон тайлбарлаж байгаа ажээ. Тодруулбал, 2018 оны намар Солонгосын дээд шүүх тус корпораци нь дөрвөн солонгост 89 мянган ам.долларын нөхөн төлбөр төлөх ёстой гэсэн шийдвэр гаргав. Учир нь, Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Sumitomo Metal компани нь Солонгосын дөрвөн ажилчныг хөдөлмөрийн мөлжлөгт оруулдаг байсан ажээ. 2019 онд Солонгосын дээд шүүх Японы талын давж заалдах эрхийг хэрэгсэхгүй болгосон билээ.
“Японы энэхүү алхам нь эдийн засгийн өс хонзонгийн сэдэлтэй үйлдэл гэж бид үзэж байна” – хэмээн БНСУ-ын Санхүү, Эдийн засгийн сайд CBS радиод өгсөн ярилцлагадаа дурджээ.
ЭДИЙН ЗАСАГ ДАХЬ АЮУЛ
"Япон улс нь Өмнөд Солонгос шиг томоохон импортлогчоо алдаж байгаа нь тус улсын эдийн засагт сөрөг үр дагавартай" хэмээн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин хэлжээ.
Тэрбээр экспортын хязгаарлалт нь Өмнөд Солонгосын өндөр технологийн бүтээгдэхүүнд шаардлагатай материалын үйлдвэрлэлийн салбарыг онилж байна гэж мэдэгджээ.
Солонгос улс Японоос импортоор авдаг бараа бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэх чиглэлд дунд хугацаандаа төлөвлөж буй. Иймээс эхний ээлжид солонгосын компаниуд өөр нийлүүлэгчийн эрэлд гарах шаардлага бий болно гэж судлаачид үзжээ.
Тухайлбал, Samsung компани орон нутгийн түнш компаниудыг Японоос импортолсон түүхий эдээ нөөцлөхийг уриалаад байгаа билээ.
Экспортод хязгаарлалтын арга хэмжээ авсан нь Солонгосын бизнесмен, улстөрчдөөс гадна хэрэглэгчид ч гэсэн сөрөг хандлага гаргаж байна. Солонгосын нийгмийн судалгааны агентлаг Realmeter мэдээлж буйгаар, тус улсын иргэд японы бараа бүтээгдэхүүнд бойкот хийхийг уриалжээ.
Сонирхолтой нь, Япон нь урт хугацааны туршид Солонгостой худалдааны салбарт хангалттай илүүдэлтэй байгаа билээ. Өмнөд Солонгосын олон улсын худалдааны холбооны мэдээллээр, 1965 онд хоёр улсын хооронд худалдааны гэрээ байгуулснаас хойш тус улс хэзээ ч Японтой худалдааны эерэг баланстай байгаагүй ажээ. 54 жилийн туршид худалдааны алдагдал 646 тэрбум ам.долларт хүрсэн бол 2019 оны эхний таван сарын байдлаар 8.5 тэрбум ам.доллараар хэмжигджээ. Өнгөрсөн жил энэ үзүүлэлт 24.8 тэрбум ам.доллар хүрч байсан нь Солонгосын худалдааны бүхий л түншүүдийн дунд хамгийн өндөр алдагдал ажээ.
Үүсээд буй худалдааны дайн нь хоёр улсад хоёуланд нь ямар нэгэн нөлөө үзүүлнэ, учир нь талууд эдийн засгийн хувьд хэтэрхий бие биеэсээ хамааралтай. Гэхдээ Япон улс худалдааны балансын хувьд илүүдэлтэй байгаа тул Солонгос улс илүү их хохирох магадлалтай хэмээн шинжээчид дүгнэжээ.
Хоёр улсын худалдааны харилцаанд Япон улс 20-25 тэрбум ам.доллартэй тэнцэх хэмжээний илүүдэлтэй байгаа ажээ.
АНУ-ЫН СОНИРХОЛ
Японы экспортын хязгаарлалтад орсон гурван төрлийн түүхий эд микросхем, чип, хагас дамжуулагч болон дэлгэц үйлдвэрлэхэд хэрэглэгддэг ажээ. Энэ түүхий эдийг худалдан авдаг компаниудын нэг бол Samsung Electronics. Тус компани нь солонгосын аж үйлдвэрийн томоохон төлөөлөгч. Statista.com сайтын мэдээллээр, 2019 оны эхний хагас жилд Samsung ухаалаг утасны дэлхийн зах зээлийн 23.1 хувийг эзэлдэг. Харин хоёрдугаарт Хятадын Huawei компани ордог бөгөөд тус компани 19 хувийг эзэлдэг ажээ.
Хэдийгээр шинжээчид тоон технологийн үйлдвэрлэлд нөлөөлж буй энэхүү худалдааны дайны үргэлжлэлийг хүлээж буй ч тэд зах зээл дээр үнэд өөрчлөлт орохгүй хэмээн таамаглаж байна
Солонгос Японы эдийн засгийн хямрал БНХАУ-АНУ-ын худалдааны дайнтай давхцаж байна.
Шинжээчдийн дүгнэж буйгаар, БНХАУ Япон болон Өмнөд Солонгостой хамтран ажиллах нь чухал. Японы гадаад худалдааны байгууллагын мэдээллээр, Хятад улс Японы хамгийн том худалдааны түнш бөгөөд 2018 онд экспорт болон импортын үзүүлэлт 19.5 хувь, 23.2 хувь гэж гарчээ. Харин Солонгосын хувьд БНХАУ-ын экспортын хувь 25 хувь, импортын хувь 21 хувь гэсэн үзүүлэлт гарчээ.
Хэдийгээр Япон, Солонгос БНХАУ-тай худалдааны салбарт нягт харилцаатай байдаг ч стратегийн түнш нь АНУ билээ. Вашингтон – Токио – Сөүл нь гурвалсан хамтын ажиллагааны механизмтай. Иймээс АНУ нь Токио болон Сөүлийн хооронд үүсээд буй худалдааны маргаанд тааламжтай хандахгүй байгаа ажээ.
Япон-Солонгосын Эдийн засгийн маргаанд АНУ шууд оролцож чадахгүй. Учир нь, Өмнөд Солонгосын электрон аж үйлдвэрлэлд зориулсан хүндрэл АНУ-ын корпорациуд тэрдундаа Apple-д ашигтайгаар эргэнэ. Тус компани Samsung гол өрсөлдөгч. Гэхдээ энэ асуудлыг гуравдагч этгээд оролцуулалгүй албан ёсоор бүхий л асуудлаа хоёр талын харилцааны хүрээнд шийдэх ёстой хэмээн судлаачид дүгнэжээ.
Эх сурвалж: Koreatimes.co.kr, RT
Холбоотой мэдээ