Телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх ажил энэ сараас албан ёсоор эхэлж байна. Албаныхны мэдээлж буйгаар тоон системд бүс, нутгаараа ээлж дараалан шилжих юм. Энэ сард Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Баянхонгор аймгууд тоон системд шилжинэ.
Харин ирэх сард Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Дорнод, Сүхбаатар аймгийг шилжүүлэх юм. Улмаар үлдсэн аймгуудыг 9-10 дугаар сарын хооронд тоон системд шилжүүлнэ. Харилцаа холбооны зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн Ц.Чулуунбатын хэлж буйгаар улсаас хийх бэлтгэл ажлыг бүрэн хангасан гэв. Тоон системийн дахин дамжуулах станц зэргийг бүх аймаг, суманд суурилуулжээ. Харин аналоги телевизор үздэг иргэдийн зүгээс тоон системд хувиргагч төхөөрөмжийг худалдаж авах ажил л үлджээ.
Өнөөдрийн байдлаар зөвхөн “Дидиш”, “Юнивишн” гэх мэт бусад гурвалсан үйлчилгээг хэрэглэдэг айлуудын телевиз тоон системд шилжлээ гэсэн үг. Дээрээс нь Сансар кабелын телевизийн тоон системийн төрлийг ашиглаж байгаа иргэд шилжсэн юм.
Харин Сансар кабелын 8000 төгрөгийн суурь хураамжтай төрлийг ашигладаг иргэд тоон системд шилжээгүй. Өөрөөр хэлбэл, аналоги системээр телевизороо үзэж байгаа гэсэн үг. Мөн сэрээн антеннаар телевизороо үзэж байгаа бол мөн тоон системд шилжээгүй юм.
Тиймээс эдгээр иргэд тоон системд хувиргагч төхөөрөмж авна. Нийслэлчүүд хувиргагч төхөөрөмжийг Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын салбарууд, Нарантуул зах, Баянгол барилгын материалын дэлгүүр, Драгон төвүүдэд худалдаалж байгаа. Харин орон нутгийн иргэд тухайн аймагт байрлах Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын ажилчдаас авна.
Б.ЗАЯА