Нийслэлийн статистикын газраас долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ. Долдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар хонины ястай мах нэг кг дунджаар 7000 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8170 төгрөгийн үнэтэй байна. Үнийн хувьд өмнөх долоо хоногтой харьцуулахад 210-270 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байгаа аж.
Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7530 төгрөг, “Номин”, “Меркури”, “Бөмбөгөр” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байжээ.
Харин хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөгөөр, харин “Меркури”, “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байжээ.
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1300 төгрөг, 2-р зэргийнх 750-970 төгрөг байна.
Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна.
Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 900 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1200 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр, харин “Замбала” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1200 төгрөгөөр худалдаалж байна.
Т.АНУ