БНАСАУ-д өчигдөр буюу ням гариг /2019.07.21/-т орон нутгийн сонгууль болж, муж, хот, гацаа, аймгуудын орон нутгийн хууль тогтоох байгууллагуудын гишүүдийг сонгожээ. Тус улсын удирдагч Ким Жон Ун Хамгён-Намдо мужийн нэгэн санал авах байранд саналаа өгсөн тухай Солонгосын төв цахилгаан мэдээллийн агентлаг мэдээллээ.
Сонгогчдын ирц 99,98 хувьтай ба Ким Жон Ун энэ сонгуулиар Чу Сон Хо болон Чон Сон Сик гэх нэртэй хоёр нэр дэвшигчид саналаа өгсөн аж. Ким Жон Ун нэр дэвшигчидтэй уулзаж, тэднийг ухамсартайгаар үүрэг даалгавраа сайн биелүүлэхийг хүсээд, ард иргэдийн итгэлийг алдахгүй ажиллахыг зөвлөжээ.
2015 онд болсон орон нутгийн сонгуулиар Ким Жон Ун Пёньянд троллейбусны жолооч, цахилгаан зүтгүүр үйлдвэрлэх комбинатын цехийн даргын төлөө саналаа өгч байсан аж. Харин энэ удаа түүний саналаа өгсөн нэр дэвшигчийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан байхгүй байгаа юм.
Эх сурвалж: NDTV
Холбоотой мэдээ