FINA буюу Олон улсын усан спортын холбооноос хоёр жил тулам зохион байгуулдаг усан спортын 2019 оны ДАШТ Гуанжу хотноо явагдаж байна. Энэ нь FINA-аас зохион байгуулдаг хамгийн том тэмцээн бөгөөд усан усанд сэлэлт, усанд үсрэлт, усны поло гээд спортын бүх л төрлийн уралдаан болдог.
Энэ сарын 12-нд эхэлсэн тус тэмцээний задгай сэлэлт, усны гимнастик болон усанд үсрэлтийн төрлүүдэд медалийн эзэд бүрэн тодроод байгаа бол усанд сэлэлтийн төрөл өчигдрөөс эхэлсэн. Өчигдөр тэмцээний эрэгтэй 100 м-ийн өврөөр даллах төрлийн урьдчилсан болон хагас шигшээ уралдаан явагдаж, шигшээ шатанд өрсөлдөх тамирчдын нэрс тодров. Хагас шигшээд "Рио-2016" олимпийн наадмын аварга, Дэлхийн аваргын таван алтан медальт Их Британий А.Пити 56.88 секундын амжилт үзүүлэн, дэлхийн рекордыг шинэчлээд байна.
Британи сэлэгч А.Пити эрэгтэй 100 м-ийн өврөөр даллах төрөлд 57 секундээс дотогш оруулсан анхны тамирчин болж байна. Тэрбээр өмнө нь энэ төрөлд дөрвөн удаа дэлхийн рекордыг шинэчилж байсан шилдэг тамирчин юм. А.Питийн үндсэн төрөл бол өврөөр даллах 50 болон 100 метрийн зай байдаг юм. Үүнээс гадна холимог багийн буухиа уралдаанд хүч сорьдог.
Б.БЯМБАБАЯР