ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахыг дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.22-нд нийтлэгдсэн

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахыг дэмжиж байна

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дэх Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах асуудлаар хэлэлцүүлэг  өнөөдөр /2019.07.22/ Төрийн ордонд болж  байна. Үндсэн хуулийн Зөвшилцөх ажлын хэсгээс зохион байгуулж байгаа уг хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож төсөл, саналаа танилцуулсан юм.

Тэрбээр тус хэлэлцүүлгийг нээж  хэлсэн үгэндээ “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах” чиглэлд санал болгож буй эдгээр нэмэлт, өөрчлөлт нь нэг өдөр бодож олсон зүйл биш, өнгөрсөн 27 жилийн алдаа оноог харгалзан үзсэн, сүүлийн 10 жилийн турш өрнөж буй иргэдийн санал, шүүмжлэлд үндэслэсэн бодлого юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцдэг байх шаардлага нь мөн л цоо шинэ бодлого, зарчмын асуудал огт биш гэдгийг анхаарах нь зөв.

Таван толгойн ордыг 2015 онд Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр гаднынханд өгөхөөр оролдсон, мөн Оюутолгойн асуудлаар дур мэдэн Дубайн хэлэлцээрийг байгуулсан, "Эрдэнэт" үйлдвэрийн асуудлыг УИХ-д мэдэгдэхгүйгээр эрх мэдлээ хэтрүүлэн шийдвэрлэсэн зэрэг Засгийн газрын болчимгүй үйл ажиллагаа, түүхэнд үлдсэн баримтууд гэрчилнэ. Улс орон, ард иргэдийг цочоосон ийм үйлдэл, үйл ажиллагаанууд нь Засгийн газрын хөтөлбөрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцдэг байх шаардлагатайг харуулж байна" гэв.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл дэх  ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЛИЙН ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЖ ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХТАЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ төслийн харьцуулалт:

 УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлдМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналд
 

-Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна.

 

-Ерөнхийлөгч одоо байгаа УИХ-ын 76 гишүүний тоог 108 болгох,
-Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавивал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.

 

-УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг таван жил болгох
-Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

 

 

-УИХ-ын 108 гишүүнийн 54-ийг нь мажоритар буюу өнөөгийн сонгуулийн системээр.

Харин үлдсэн 54-ийг нь пропорциональ буюу намын жагсаалт бүхий хувь тэнцүүлсэн хувилбараар сонгох

 

-Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ.

 

-Засгийн газар нь Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал, тогтвортой хөгжлийн бодлого гэсэн хоёр баримт бичгийг үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөртөө тулгуур зарчим болгож, заавал тусгах

 

 

-Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.

 

 

-Засгийн газрын мөрийн хөтөлбөр үндэсний аюулгүй байдалд нийцэж байгаа эсэхийг ҮАБЗ шийдвэрлэнэ.

 

 

 

 

-Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэнэ. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно.

 

-Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг таван жилээр тогтоох
-Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.

 

-Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүний давхар ажил эрхлэх эрхийг хязгаарлах
-Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно.-Засгийн газрын яамдын Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаагаар томилох,

УИХ дахь АН-ын зөвлөлийн нэгдсэн байр суурийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцууллаа. Тэрбээр “УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төслийг АН-ын зөвлөл хоёр үндсэн шалтгаанаар дэмжээгүй учраас төслийн хэлэлцүүлэгт оролцоогүй. Дэмжээгүй шалтгааны тухай Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчиж хуулийн төслийг өргөн барьсан. Тухайлбал, төслийг өргөн барихаас өмнө Ерөнхийлөгчөөс саналыг нь мөн Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг бусад холбогдох байгууллагуудын саналыг авч  улс төрийн намуудтай нэгдсэн зөвшилцөлд хүрсний дараа нь хуулийн төслийн өргөн барих ёстой байв. Хоёрдугаарт, УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг ямар хуулиар хэлэлцэх нь тодорхойгүй байсан учир АН-ын зөвлөл хэлэлцүүлэгт ороогүй.

Мөн УИХ дангаараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрхзүйн чадамж, ёс зүйн үндэслэлгүй гэж үзэж байсан. Харин өнөөдөр нөхцөл байдал өөр  болж байна. Учир нь Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа өргөн барьсан тул АН-ын зөвлөл төслийн хэд хэдэн саналыг дэмжиж байгаа учраас цаашид хэлэлцүүлэгт оролцож зөвлөлийн байр сууриа илэрхийлэх шийдэлд хүрсэн. Мөн АН хуулийн төсөлд тусгах саналаа боловсруулж байна.

АН-ын байр суурь "Давхар дээл"-ийн асуудлаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлтэй санал нэг байна. Парламентын гишүүдийн өргөн барьсан төсөлд УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүн байна гэж тусгасныг Ерөнхийлөгч хуулийн төсөлдөө зөвхөн Ерөнхий сайд нь давхар дээлтэй байх саналыг оруулж ирсэнд АН санал нэг байна. Мөн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг таван жилээр тогтоох гэсэн саналыг дэмжиж байна.

Гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж, эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг зөвшөөрөхгүй байна. Ерөнхийлөгч төсөлдөө сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь зүйтэй гэсэн саналыг АН дэмжиж байгаа" гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр зарим намын төлөөлөл, улс төр судлаачдын байр суурийг сонирхлоо.


МАХН-ЫН ДАРГА Н.ЭНХБАЯР: Парламентын гишүүдийн тоог 55 болгох хэрэгтэй 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт онолын дагуу явагдах учиртай. Харамсалтай нь, ийм байж чадахгүй байна. Парламентын гишүүдийг ард түмэн сонгож чадаж байгаа ч Засгийн газрын гишүүдийн сонгож чадахгүй байна. Засгийн газрын гишүүд нь парламент дотроос төрдөг. Парламент, Засгийн газар хоорондоо холилдсоноор Засгийн газарт парламент нь хариуцлага тооцож чаддаггүйгээс сүүлийн 20 гаруй жил Монгол Улсад хариуцлага тооцдог субъект гэж байхгүй болсон. Тиймээс бидний зүгээс дэвшүүлж байгаа санал бол Засгийн газрыг ард түмэн байгуулдаг болъё. Яаж байгуулах вэ гэхээр ард түмэн Ерөнхийлөгчийг сонгоод, Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлдог байх. Харин намууд өрсөлдөж парламентад олонх, цөөнхийг бүрдүүлэх. Ингэснээр Засгийн газар, парламент хоёр хоорондоо огт холбоогүй болно.

Засгийн газрыг Ерөнхийлөгч толгойлсноор Засгийн газрын нэг ч гишүүн парламентад байхгүй тус тусдаа болсноор хяналтын систем нэмэгдэнэ. Өнөөдөр олонх болсон намын дарга Засгийн газраа толгойлсноор Засгийн газар, парламент хоёр бие биеэ хянаж чадахгүй байна. Мөн шүүхийг ч ард түмэн сонгодог болох ёстой. Ерөнхийлөгч төсөлдөө парламентын гишүүдийн тоог 108 болгох гэсэн нь  хэт олон тоо. Манай намын зүгээс 55 болговол зохистой гэж үзэж байна. Ингэхдээ хоёр танхимтай  парламент байх нь зөв гэж бодож байна. Байнгын ажиллагаатай парламент нь 55 гишүүнтэй  байхад хангалттай.

УИХ-ЫН ДЭД ДАРГА АСАН Л.ЦОГ: Ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог дүрэм Монголд л үйлчилдэг

Засгийн газрын гишүүнийг Ерөнхийлөгч томилох, чөлөөлөх, огцруулах гэсэн өөрчлөлтийг дэмжихгүй байна. Ерөнхийлөгчийн засаглалтай АНУ-д сайд нараа томилохдоо конгрессын хуралдаанаар оруулдаг. Гэтэл парламентын засаглалтай манай улс парламентын эрх мэдлийг бууруулж байгаад санал нийлэхгүй. Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг таван жилээр тогтоох нь боломжтой хувилбар. Ингэснээр УИХ-ын сонгууль ч таван жилийн хугацаатай болно. Тухайн ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог  дүрэм Монголд үйлчилж байгаа нь угтаа аль ч хуульд байхгүй зөвхөн намын дүрмийн л заалт.

УЛСТӨРИЙН СУДЛААЧ Ц.МӨНХЦЭЦЭГ: Парламентын гишүүдийн тоо 100-150 хүртэл байх боломжтой 

Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл, саналд парламентын гишүүдийн тоог нэмэх санал оруулж ирснийг судлаачдын хувьд дэмжиж байна. Газар нутаг, хүн амын тооноос хамаараад парламентын гишүүдийн тоо 100-150 хүртэл байх нь зохистой гэж үздэг. Ерөнхийлөгч парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх санал оруулж ирсэн нь зөв. Парламентын гишүүдийн тоо нэмэгдсэнээр хууль тогтоох байгууллагын чадавх өснө. Олон нийтийн хувьд гишүүдийг тоог нэмэгдүүлэх дургүй байдаг. Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж парламентын гишүүдийн тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсээр цаашид төрийн бодлогод эерэг өөрчлөлтүүд гарна.

Үүнээс гадна Ерөнхийлөгчийн төсөлд шүүмжлэлтэй заалтууд цөөнгүй байна. Тухайлбал, Засгийн газрын мөрийн хөтөлбөр үндэсний аюулгүй байдалд нийцэж байгаа эсэхийг ҮАБЗ шийдвэрлэнэ гэж оруулж ирсэн нь парламентын болон гүйцэтгэх засаглалын бүрэн эрхэд халдсан заалт болох магадлалтай. Мөн улс төрийн намуудыг бүртгэхдээ 50 мянга нэгээс доошгүй иргэдийн гарын үсэг, 10 мянгаас дээш гишүүнтэй байж нам байгуулна гэж оруулж ирсэн нь парламентын гадна улс төрийн намуудын хувьд хүлээж авахад сөрөг заалт учир маргаан дагуулж болзошгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж