Улстөрчид МАХН-ын даргатай уулзжээ

Хуучирсан мэдээ: 2015.07.04-нд нийтлэгдсэн

Улстөрчид МАХН-ын даргатай уулзжээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн долоо хоногт Буриадын нийслэл Улаан-Үдэ хотод хувийн айлчлал хийсэн юм. Түүнийг Иволгинский дацангийн одоогийн хамба лам, Оросын буддын уламжлалт шашны санх Дамбой Аюшеевым урьсан тул Буриадад ирсэн гэх мэдээлэл бий. Энэ үеэр МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба нар очиж уулзсан сураг дуулдаж байсан бол АН-ынхан ч бас төлөөллөө явуулсан бололтой. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Д.Арвин нар МАХН-ын даргатай уулзсан гэх “бор шувуу” нисэж байна.

Үүгээр бол зарим хүний МАН, МАХН хоёр нэгдэх вий гэдэг болгоомжлолыг холтгож байгаа юм. Нөгөөтэйгүүр, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва саяхан цахим хэвлэлд өгсөн ярилцлагадаа хоёр намын нэгдэх эсэх тухай ийн ярьжээ. Тэрээр “МАН-д олон найз нөхөд байгаа. Үзэл бодлоороо уралдаж, бие биенээ хурцалж ирлэх юм байлгүй яахав. Уулздаг, ний нуугүй ярилцдаг, нэгнээ шүүмжилдэг. Урьд өмнөх түүхээ ярьдаг, сайхан дурсамжаа ч хуваалцдаг. Иргэд сонгогчдоос “Хоёр нам хамтарч яагаад болдоггүй юм бэ, хамтарч ажиллаач ээ” гэж их олон хүн зөвлөсөн, саналаа хэлдэг. Манай хоёр намын нийт гишүүд, дэмжигчдийн олонхи, цаашилбал сонгогч иргэдийн дунд энэ 2 намыг эвсэж хамтруулах хүсэл сонирхол болон нийгмийн захиалга байгаа нь ажиглагддаг. Гэвч намын нэр сольсон цөөн хэдэн нөхдүүд  өнөөдрийг хүртэл хоёр намыг нэгтгэх, хамтрах тухай бодох ч үгүй, өөрсдийн албан тушаал, эрх мэдэл, нөлөөгөө хадгалахын тулд олонхийнхоо саналыг хүндэтгэхгүй муйхардаж байгаа. Харин МАН-ын дарга байсан, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин л хамтрах, харилцан бие биенээ хүндэтгэх асуудлыг нэг ойн хурлын үеэр дурдсан байсныг санаж байна. Үүнээс өөр санаачлага МАН-ын удирдлагаас гараагүй. Хэлэлцээрийн ширээний ард суусан ч зүйл алга” гэжээ.

Дээрх яриагаар бол МАН, МАХН хоёр нэгдэнэ гэдэг үлгэрийн далай, харин АН Засгийн газрын сайд нараа томилохдоо МАХН-тай илүү тулж ажиллаж болзошгүйг Д.Арвин, Р.Гончигдорж нарын Буриадад хийсэн уулзалт лавшруулж мэдэхээр байна.

Г.ХОРОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж