Монгол Улсаа төлөөлөн П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын сонгодог хөгжмийн уралдаанд оролцсон Монгол Улсын гавьяат жүжигчин, Улсын филармонийн гоцлол дуучин Г.Ариунбаатар Гран-При шагналын эзэн болжээ.
Энэхүү нэр хүндтэй шагналыг тэрээр өчигдөр орой гардсан байна. Шагналыг Санкт Петербург хотын Мариинк 2 театрт болсон П.И.Чайковскийн нэрэмжит Олон Улсын сонгодог хөгжмийн уралдааны шагналтнуудын гала тоглолт дээр гардуулжээ.
15 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү нэр хүндтэй олон улсын сонгодог хөгжмийн уралдаан нь таван төрлөөр зохион байгуулагддаг. Төрөл болгоноос тэргүүн байрын шагналтнууд тодорсны дараа дахин ур чадвараар нь өрсөлдүүлж, Гран-При шагналтныг шигшиж тодруулдаг байна.
Зарим жил Гран-При шагналтан тодрохгүй байх тохиолдол ч бий аж. Харин өнөө жилийн Гран-При шагналыг гавьяат жүжигчин Г.Ариунбаатар авьяас билгээрээ хүлээн зөвшөөрүүлж хүртэж чадсанаараа Монголын сонгодог урлаг дэлхийн дэвжээнд хэр байгааг мэдрүүлсэн бас нэгэн үзүүлэлт боллоо гэж мэргэжлийн хүрээнийхэн дүгнэж байна.
Гран-При шагналын эзэнд 100 мянган долларыг мөн давхар олгодог байна. Г.Ариунбаатар гавьяатын тухайд эрэгтэй дуучдын төрөлд тэргүүн байр эзлэн 30 мянган долларын шагналыг мөн гардаад байсан юм.
Г.ХОРОЛ