Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнууд өнөөдөр /2019.07.22/ “Монгол ньюс” мэдээллийн төвд эрүүл мэндийн салбарыг улс төртэй хутгахгүй байхыг шаардаж мэдээлэл хийлээ. "Эрүүл мэндийн төвийн даргын ажлыг хууль бусаар булаан авсан"
“Эрүүл мэндийн салбар улстөрчдийн тоглоом биш” гэх бичигтэй том самбар байрлуулсан Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнууд эрүүл мэндийн салбарыг улс төртэй хутгахгүй байхыг шаардаж, эсэргүүцлээ илэрхийлэв.
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГЫН АЖЛЫГ ХУУЛЬ БУСААР БУЛААН АВСАН”
Хурлын эхэнд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн поликлиникийн тасгийн Хэт авиа оношилгооны их эмч Б.Ганбат “Энэ оны долдугаар сарын 10-нд буюу Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр нийслэлийн Эрүүл мэндийн газрын нэр бүхий хоёр хүн манай байгууллага дээр ирж, Эрүүл мэндийн төвийн дарга У.Батжаргалын ажлыг булаан авч, хууль бус үйлдэл хийлээ. Энэ өдөр байгууллагын нэр бүхий ажилчид төрийн одон медалиар шагнуулж, хамт олонтойгоо баяраа хуваалцаж байхад ийм бусармаг үйлдэл гаргасан.
Тодорхой үндэслэл шалтгаангүйгээр баяр наадмын өдрүүдтэй давхцуулан ажлын байрыг хууль бусаар авсан нь улс төрийн зорилготой шийдвэр гэж хардаж байна. Дүүргийнхээ Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг сайн авч яваа хүний ажлыг хууль бусаар авах шийдвэр гаргасан нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, даргыг буцаан ажилд нь томилох хүсэлтийг нийт 460 гаруй эмч, ажилтан гаргаад байна. Бид эсэргүүцлээ илэрхийлэн, гарын үсгээ зурж, холбогдох байгууллагад хандаж, албан бичгээ хүргүүлж байгаагаа мэдэгдэж байна” гэдгийг хэлсэн юм.
“У.БАТЖАРГАЛ 1998 ОНООС ХОЙШ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АЖИЛЛАЖ БАЙСАН”
“Биднийг удирдаж байсан У.Батжаргал дарга нь 1998 оноос тус төвд аргазүйч эмчээс эхлэн ажлын гараагаа эхлүүлсэн. Хүүхдийн их эмч мэргэжилтэй бөгөөд улмаар тасгийн эрхлэгч, орлогч эрхлэгчээр ажиллаж байгаад, 2013 онд тус дүүргийн Эрүүл мэндийн төвийг хариуцан ажиллаж байгаа эмч юм.
Тэрбээр 2013-2019 онд ажлаа гүйцэтгэх хугацаандаа нийт 27.4 тэрбум төгрөгийн 63 төсөл, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн. Сүүлийн таван жилийн хугацаанд том, жижиг нийлсэн 14 эмнэлгийг ашиглалтад оруулж, 22 тасгийг шинээр нээсэн” гэдгийг тус Эрүүл мэндийн төвийн Хүүхэд, өсвөр үеийн эмч Б.Оюунбаяр яриандаа онцоллоо.
А.СҮРЭН