Ардын хувьсгалын баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг дараах байдлаар зохион байгуулахаар төлөвлөжээ.
- Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 81 чиглэлд их багтаамжийн 615 , туслах 17 чиглэлд бага багтаамжийн 90, зуслангийн гурван чиглэлд дөрөв, нийт 725 автобус үйлчилгээнд ажиллана.
- Долдугаар сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчидад зориулж Мишээл экспо төв рүү нийт 11 чиглэлийн 98 автобус, Дүнжингарав төв рүү 22 чиглэлийн 121 автобус үйлчилнэ.
- Мишээл экспо төв болон Дүнжингарав худалдааны төвөөс Төв цэнгэлдэх хүрээлэн рүү “Мишээл экспо-Төв цэнгэлдэх хүрээлэн-Дүнжингарав худалдааны төв” чиглэлд 15 автобус гурван минут тутамд үйлчилнэ. Мөн рейлбусны зорчигчдыг “Урбанек”-ийн зогсоолоос Төв цэнгэлдэх рүү хүргэх “Дунд гол-Төв цэнгэлдэх” чиглэлийн таван автобус дөрвөн минут тутамд, “Хүй долоон” худагт рейлбусны зогсоолоос Морь барианы газар хүртэл “Давааны зөрлөг-Хүй 7 худаг” чиглэлийн таван автобус дөрвөн минут тутамд тус тус богино эргэлтээр үнэ төлбөргүй үйлчлэх гэнэ.
Мөн долдугаар сарын 11,12-ны өдрүүдэд “Гандийн гудамж”-ны автобусны зогсоолоос, долдугаар сарын 13,14-ний өдрүүдэд хотын төвөөс буюу ”МУБИС”-ийн баруун талын автобусны зогсоолоос их багтаамжийн 20 автобус, “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон”-ы зогсоолуудаас нийт 20 бага багтаамжийн автобус тус тус “Хүй долоон” худаг руу явах юм байна.
Д.ЖАРГАЛ