Монгол орны дөрвөн зүг, найман зовхист суугаа малчин түмэн минь хоёр нарны хооронд борви бохисхийлгүй ажиллана. Цаг агаар ажиглан өглөөг угтдаг тэд орой ч мөн хэдэн малаа гэсээр харуй бүрийтэй золгоно. Тэдэнд амрах, унтах байтугай аяга цайгаа тайван уугаад суух цаг ховор.
Ийм л өдөр хоногийг хэдэн малынхаа дэргэд элээж яваа хүн бол Увс аймгийн Улаангом сумын 8-р багийн малчин, сумын алдарт уяач, сайн малчин Отгоны Ганболд. Тэрбээр одоогоос 40-өөд жилийн өмнө анх Улсынхаа нийслэлд хөл тавьж, цэргийн алба хаасан билээ. Түүнээс хойш алс баруун хязгаараас ирж завдалгүй явсаар энэ жил их баяр наадмыг тохиолдуулан хань Ж.Лийрэвтэйгээ Улаанбаатарт иржээ.
Дөчин жилийн өмнөх нийслэл, дөчин жилийн дараах Улаанбаатар түүнд өдөр, шөнө шиг өөр санагдах нь дамжиггүй. Энэ тухай түүнтэй хөөрөлдсөнөө уншигч та бүхэнд хүргэе!
-Таныг Улаанбаатарт 40 жилийн өмнө ирж байсан гэж сонслоо. Энэ жил яагаад ирэхээр шийдэв?
-Ах нь 1979 онд цэргийн алба хаах гэж Увсаас Улаанбаатарт ирсэн түүхтэй. Тухайн үед надад нийслэл хот бас л одоогийнх шиг хөл хөдөлгөөн ихтэй, байшин барилга нь өндөр сайхан, хүмүүс нь ганган хээнцэр их л гоё санагдаж байсан. Гэхдээ одоогийн нийслэлийг тэр үетэй харьцуулахааргүй болжээ. Бас л дахиад гайхаж, биширч, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтыг харж, нүд баясаж явна. Энэ жил хөгшинтэйгөө хоёулаа баяр наадмыг далимдуулаад биеэ эмчлүүлэхээр ирлээ. Машин тэрэг удаан явахаар дугүй нь элэгддэг шиг хүн ч бас нас хэвийгээд ирэхээр яалт ч үгүй “Цэнэг” нэхдэг юм байна.
-“Цэнэг”-ээ дүүргэв үү та, хотын эмчилгээ үйлчилгээ хэр санагдав?
-Үнэндээ хөдөөгийн бидэнд улсын эмнэлгээр явна гэдэг бүтэхгүй санаа юм. Дараалал авбал хоёр, гурван сарын дараа ир гэж байна. Түүнийг хүлээгээд энд хэвтчихвэл хэдэн мал маань хэцүүднэ. Тэгээд хүүхдүүдтэйгээ ярьж байгаад хувийн эмнэлэгт долоон хоног үйлчлүүлээд гарлаа. Ер нь одоо цагт мөнгө л байвал бусад нь болчихдог нийгэм болжээ. Хэд алхаад л эмнэлэг, мөнгийг нь төлчихвөл инээгээд үйлчлээд байна. Хөгшин бид хоёр долоо хоног хэвтэхэд 600 гаруй мянга болчихлоо. Энэ чинь бага мөнгө биш шүү дээ. Мөнгөний бололцоогүй, тэтгэврээ харж амьдардаг хүмүүсийн хувьд хэцүү л юм байна гэж бодож суулаа. Бид хоёрын хувьд хүүхдүүд маань их дэм болж, энэ зун хүчээр хотод авч ирж сувилж байгаа юм.
-Аав, ээжийгээ ачлаад сайн хүүхдүүд юм. Танайх хэдэн хүүхэдтэй вэ, бүгд тусдаа гарсан уу?
-Манайх зургаан хүүхэдтэй. Бүгд айл гэр зохиож, тусдаа гарцгаасан. Тэднийгээ мэдлэг, мэргэжилтэй, бусдын адил зөв сайн хүн болгох гэж бид хоёр их зүтгэсэн. Малын буян их юм даа. Хэдэн хүүхдээ ямар ч байсан дээд мэргэжилтэй, боловсролтой, ажил амьдралын захтай болголоо. Хөдөөгийн жирийн малчин айлд төрж өссөн боловч хүүхдүүд маань хотын амьдралд хөл алдалгүй, эмч, хуульч, эмийн санч хийгээд, нэр төртэй ажиллаж байгаад ах нь баяртай явдаг. Бид хоёрыг энэ жил хотод ирж, биеэ эмчлүүлэхгүй бол гомдоно шүү гэж том охин үүрэгдсэн. “Биднийг сургах гэж та хоёр минь хэчнээн зовлоо, одоо жаргах цаг болсон, өөрсдийгөө битгий мартаад бай” гэж зэмлэдэг юм. Тэгээд хүүхдүүдийнхээ үүрэг даалгавраар энд ирчихсэн байна даа.
-Танай нутаг хотоос 1000 гаруй км байх аа. Юугаар ирэв, замдаа хэр ядрав?
-Дөч, тавин жилийн өмнө хот орно гэдэг үлгэр л байлаа. Тэвштэй машин дээр хэдэн долоо хоног явах үе ч байв. Газар дуусахгүй, бөгсөн бие банз болоод, хамаг тамир бардаг байсан даа. Одоо ёстой сайхан болжээ. Нэг унтаад сэрэх төдийд л ирж байна. Автобусаар бүүвэйлэгдэж, унтсаар байгаад л ирлээ. Нэг шөнө, хоёр өдөр болсон ч ах нь ер ядарсангүй.
-Хот руу орж ирээд ямар байв? Орчин үеийн Улаанбаатарыг та телевизээр л харж байсан биз?
-Тэгэлгүй яах вэ, телевизээр гэхдээ дандаа л болж бүтэхгүй талаас нь гарна. Хулгай зэлгий их, гудамжинд бараг зүгээр явж болохоо байсан юм шиг л ойлгож байв. Зуны дэлгэр цагаар ирсэн болоод ч тэр үү, надад хот газрын хөгжил дэвшил, байшин барилгын бүтээн байгуулалт сайхан л санагдлаа. Хүүхдүүд маань хөгшин бид хоёрыг дагуулаад “Сүхбаатарын талбай”, “Их дэлгүүр”, “Цэнгэлдэх хүрээлэн” гээд хотын төвүүдээр явж, бүр Хөвсгөл далай хүртэл үзүүллээ. Үнэндээ ойрын бараг дөч, тавин жил ах нь ингэж амарсангүй ээ. Нүд баясаж, сэтгэл сэргэдэг юм байна. Амьдралд хүн хааяа ч болов өөр зүйл, орчин мэдрэх ёстой гэдэг үнэн юм. Хэдэн хүүхэд, малынхаа буянаар хөгшинтэйгээ Хөвсгөл далайн эрэгт, цэцгэн дунд залуу хосууд шиг жаргаж суух өдөр ирдэг л юм байна. (Инээв)
-Таны ханийг хэн гэдэг вэ, ханилаад хэдэн жил болж байна?
-Миний ханийг Жанчигийн Лийрэв гэдэг. Агротехнологич мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан. Хүүхдүүдээ хүний зэрэгт хүргэх гэж, амьдралын эрхээр малчин болсон хүн. Зургаан сайхан үрийг минь төрүүлж, өсгөсөн ханиа жаргаах юмсан, юмаар дутаахгүй байхсан, ядаж сэтгэлийг нь амар байлгахсан гэж ах нь их боддог. Заримдаа санаснаар ямар болох биш дээ, яах вэ, элэг бүтэн явбал жаргал юм даа.
-Хүүхдүүд нь бүгд хотод байдаг уу, удам залгасан малчин бий юу?
-Манай том хүү багаасаа мал дээр өссөн, малын дөртэй хүү бий. Хөгшин бид хоёрт их дэмтэй. Хүү маань хажууд мал дээр байгаагүй бол бид хоёрын мал дагах хөг өнгөрч байна шүү дээ. Морь уядаг, малд нүдтэй, ажил гололгүй хийдэг юм. Харин бусад хүүхдүүд маань хот суурин газар амьдарч байна. Уг нь хүүхдүүдээ нутагтаа ойрхон байгаасай гэж хүсэх юм. Гэтэл тэдэнд ажил олдохгүй. Одоо чинь нэг нам гарахаар зарим нь ажилтай, зарим нь ажилгүй болчих юм. Төр засаг үүн дээр анхаарч, залуусыг хөдөө орон нутагтаа ажиллаж амьдрахад нь ажлын байраар хангаж дэмжээсэй гэж хүсэх юм. Хот сайхан боловч хүн ам нь дэндүү их байна. Бид чинь уулын оройг үзэж, холын барааг харж, сэтгэл уужирдаг ард түмэн. Гэтэл хотын цонхоор уулаар дүүрэн айл битүү харагдаж байна. Юун уужрах, үүнийг чинь хараад дотор бачимдаж байна шүү дээ.
-Танаас энэ тухай асууя гэж бодож байлаа. Хөдөө тал газар байсан танд хотын давчуу амьдрал бас хэцүү л байгаа байх?
-Энд ирээд бараг сар боллоо. Эхэндээ ч яах вэ, энэ тэрийг үзээд сайхан л байлаа. Одоо бол даралт жаахан ихсээд, агааргүйдэж байна. Хааш харна өндөр байшин барилга болохоор агаар салхийг нь хаагаад их бүгчим байна. Жаахан салхи гарахаар төв цэвэрлэх байгууламжийн үнэр хамар сэтлэх дөхнө. Юун гадаа агаарлаж суух. Энэ нялх, нойтон хүүхдүүд яаж болоод байдаг юм бэ. Өвөлдөө утаа эхлэхээр аюул болдог гэсэн. Хэн ийм орчин нөхцөлд амьдрахыг хүсэх вэ. Хөдөө орон нутагт үйлдвэр цехээ нэмээд, дэд бүтцээ сайжруулаад ажлын байр бий болгомоор байна. Үүнийг л төр засах яаралтай шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хэдэн ард түмэн чинь өвөлдөө утаа, зундаа агаар хөрсний бохирдолд өвдөж дуусах нь. Үнэндээ Улаанбаатарын гудмаар явахад яг жорлонд суугаа юм шиг санагдах юм заримдаа. Энэ гадаадаас ирсэн улс яадаг юм бэ, зайлуул.
– Тийм ээ, энэ их хэцүү асуудал шүү. Таныг дөчөөд жилийн өмнө ирэхэд арай ч ийм байгаагүй байх аа?
-Юу ярина вэ, ийм байх тухай ч бодож байгаагүй юм. Азийн цагаан дагина гэдэг шиг л ёстой цэвэр цэмцгэр хот байлаа. Тэр үед цэргийн алба гурван жилийн хугацаатай байсан. Бүтээн байгуулалт ид өрнөж байсан болохоор биднийг барилга дээр ажиллуулна. Хамгийн өндөр барилга сансарт 10-аад л давхар байр байлаа. Одоо хамгийн өндөр хэдэн давхар юм бэ дээ. 70, 80-аад онд хүн ам нь цөөн, эмх цэгцтэй, цэвэрхэн, соёлтой жинхэнэ сэхээтнүүдийн хот байв. Гэсэн ч хөдөөгийн бид хот руу тэмүүлдэггүй байсан. Яагаад гэвэл хөдөө бидний хийх ажил тодорхой, амьдраад болоод байна. Харин одоо амьдралын эрхээр л хүмүүс нааш зүглээд байгаа болов уу. Үүнийг зохион байгуулалт, бодлоготойгоор шийдмээр байгаа юм. Ардчилал бидэнд эрх чөлөө, үгээ хэлэх боломж олгосон. Тиймээс би өдий насанд ингээд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд сууж байна. Гагцхүү иргэдийнхээ энэ санаа бодлыг удирдлагууд маань сайн сонсож, ажил хэрэгтээ тусгаж байгаасай. Улсын хөгжил гэдэг зөвхөн байшин барилга өндөрлөөд бариад байх биш юм. Тухайн улсад амьдарч буй иргэд нь эрүүл аюулгүй орчинд, хийх ажилтай, өвчин зовлонгүй амьдрах нь хөгжил гэж ойлгодог. Бид ч үр хүүхдэдээ санаагаа чилээхгүй хэдэн хонь, ямаагаа хариулаад явж баймаар байна. Дээд түвшний хүмүүс миний энэ санааг унших болов уу, уншаад арга хэмжээ аваасай л гэж хүсэх байна даа, ах нь.
-Нутаг хэзээ буцах вэ, харих гэж яарч байна уу?
-Яаралгүй яах вэ, хот орох гэж бид хоёр хэдэн малаа айлд өгөөд зуслан гаргачихсан. Хүнд хүүхдээ үлдээчихсэн юм шиг санаа зовоод сууж болох биш. “Чи бид хоёрын жаргаж, армаанчиглах яах вэ, хэдэн мал маань хэцүүдлээ” гээд л би үглээд сууж байна. Маргааш нутаг буцна. Цээж дүүрэн амьсгал авахад агь таанын үнэр хамар цоргих хөдөө нутаг сайхан даа.
-Ярилцсанд баярлалаа, аян зам нь өлзийтэй байг!
-Баярлалаа!
Ц.АРИУНЗАЯА