Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, долдугаар сарын 25-ны Пүрэв гаригаас эхлэн замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор дараах замуудыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж байгаа бөгөөд жолооч нарт энэхүү замын хөдөлгөөний чиглэл, зохион байгуулалтад бэлтгэлтэй байхыг зөвлөж байна.
Тодруулбал, Чингэлтэй, Баянзүрх дүүрэг орчмын зарим замыг нэг чигийн урсгалтай болгохоор болжээ. Дээрх асуудлаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Зоригоо “Энэ сарын 25-наас эхлэн таван чиглэлд буюу хорооллын доторх замууд нэг чигийн хөдөлгөөнд орж байна. Наймдугаар сард хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул хорооллын доторх замуудад түгжрэл саатал нэлээдгүй гардаг. Тиймээс хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор НЗДТГ, замын хөдөлгөөн төлөвлөлт зохицуулалт инженерчлэлийн газар дараах авто замуудыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж байна" гэлээ.
1. Чингэлтэй дүүрэг 1-р хороо буюу Ард кино театр, 23-р сургууль, Мөнгөн завьяа орчмын орон сууцны хороолол дундуур өнгөрдөг зарим замуудыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгож байна.
2. Чингэлтэй дүүрэг, 2-р хороо буюу Голомт банк, "Компьютер ланд" төв орчмын зарим замууд
3. Баянзүрх дүүрэг, 6-р хороо буюу Баянзүрх захын баруун болон урд гудамж
4. Баянзүрх дүүрэг, 4-р хороо буюу Жуковаас Гялс төв хүртэлх зам нэг чигийн хөдөлгөөний зохицуулалтад орно.
Дээрх өөрчлөлт долдугаар сарын 25-ны Пүрэв гаригаас эхлэн мөрдөгдөх бөгөөд жолооч нарт энэхүү замын хөдөлгөөний чиглэл, зохион байгуулалтад бэлтгэлтэй байхыг анхаарууллаа.
Холбоотой мэдээ