“Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцны цахим бүртгэл өнөөдөр /2019.07.22/ 17.00 цагаас эхэлнэ гэдгийг нийслэлийн Орон сууцны корпорациас мэдээллээ. Нийслэлийн Орон сууцны корпораци нь нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийг өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 05-ныг хүртэл 14 хоног цахим хэлбэрээр бүртгэх юм.
Бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэн ажилласнаар иргэд бүртгэлийн явцыг ил тод, нээлттэй, цаг тухай бүрт нь хүлээн авахаас гадна давхар хяналт тавих боломж бүрдэнэ гэдгийг албаныхан хэлж байна.
Цахим бүртгэлийг энгийн түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн хоёр хэлбэрээр зорилтот найман бүлгийн иргэд хамрагдах боломжтой. Үүнд, ахмад настан, төрийн албан хаагч, залуу гэр бүл, хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл, гамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн бүлгийн иргэд хүсэлтээ бүртгүүлнэ.
Иргэд цахим анкетыг бөглөхдөө өөрийн мэдээллээ үнэн зөвөөр мэдээлэх шаардлагатай бөгөөд худал мэдээлэл өгсөн тохиолдолд хар жагсаалтад бүртгэгдэн сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болох юм.
Холбоотой мэдээ