Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри улсын засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд нийт 12 сая еврогийн Австрийн хөнгөлөлттэй зээл тусламжийн хөрөнгөөр “Дэд бүтцийн хөгжил – Сонгинохайрхан” болон “Дэд бүтцийн хөгжил – Баянзүрх, Дархан, Сэлэнгэ” төслүүдийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлэхээр болоод байна.
Өнгөрөгч баасан гарагт тус “Дэд бүтцийн хөгжил – Сонгинохайрхан” болон “Дэд бүтцийн хөгжил – Баянзүрх, Дархан, Сэлэнгэ” төслүүдийн ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гүйцэтгэх гэрээнд Барилга, Хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, тус төслүүдийн ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан Бүгд Найрамдах Австри Улсын “Зумтобел Лайтинг Жи Эм Би Эйч” компанийн Ерөнхий захирал Альфред Фелдер нар гарын үсэг зурлаа. Гэрээг байгуулахад БХБЯамны холбогдох албаны хүмүүс, төсөл хэрэгжих орон нутгийн Засаг дарга нар болон гүйцэтгэгч компанийн Хуулийн хэлтсийн ерөнхий зөвлөх хатагтай Мириам Модрок, Борлуулалтын албаны дарга ноён Волфганг Строй нарын төлөөлөгчид оролцлоо.
Австрийн хөнгөлөлттэй зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжих тус төслүүдийн хүрээнд аймаг, нийслэлийн иргэдийн аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хүн амын тоо өндөр, гэр хорооллын дэд бүтэц бага хөгжсөн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүд болон Дархан хот, Сэлэнгэ аймгийн дэд бүтцийг хөгжүүлэх, алслагдсан баг, хороодын гэр хорооллын гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн ажлын зураг, төсөв боловсруулах, бараа, материал, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлууд хийгдэнэ.
Төслийн үр дүнд хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэсэн, эрчим хүчний зарцуулалт багатай, гэрэлтүүлэх хүчин чадал өндөртэй орчин үеийн загвар шийдэл бүхий зам, гудамж, талбайн гадна гэрэлтүүлгийн дэвшилтэт технологийг Монгол улсад нэвтрүүлэх бөгөөд ингэснээр алслагдсан дүүрэг хороод, сум, багийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийг бүрэн шинэчлэх, цаашлаад гэрэлтүүлэггүй, харанхуй гудамж, зам талбайд үйлдэгдэх гэмт хэрэг болон гарах тээврийн ослыг бууруулахад зохих нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.
Онцлон дурдахад, дээрх төслүүдийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах Бүгд Найрамдах Австри улсын “Зумтобел Лайтинг Жи Эм Би Эйч” ХХК нь сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд барилгын дотор болон гадна гэрэлтүүлэг үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлсэн туршлагатай, дэлхийн дөрвөн тивийн найман оронд нийт 11 том гэрэлтүүлгийн үйлдвэртэй, 90 улсад худалдааны салбартай, 6000 гаруй ажилтантай, гэрлийн үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тэргүүлэгч компани бөгөөд Монгол улсад анх удаа ийнхүү гэрэлтүүлгийн төсөл хэрэгжүүлэхээр болоод байгаа ажээ.
Дэд бүтцийн хөгжлийн эдгээр төслүүдийг 2021 он гэхэд хэрэгжүүлж, хүлээлгэн өгөхөөр гэрээнд тусгагдсан байна.
Холбоотой мэдээ