Д.Хаянхярваа: 76 гишүүн цөөдөөд ажил хийж чадахгүй байгаа юм биш

Хуучирсан мэдээ: 2019.07.22-нд нийтлэгдсэн

Д.Хаянхярваа: 76 гишүүн цөөдөөд ажил хийж чадахгүй байгаа юм биш

Д.Хаянхярваа: 76 гишүүн цөөдөөд ажил хийж чадахгүй байгаа юм биш

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ хэлэлцэж эхэлсэн. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс гадна Ерөнхийлөгч мөн өөрийн боловсруулсан хуулийн төслийг өргөн барьснаар хоёрдугаар хэлэлцүүлгийг хойшлуулж, хоёр тусдаа төслийг нэгтгэх, зөвшилцөх ажлын хэсэг байгууллаа. Ерөнхийлөгч саналаа оройтуулж өгсөн нь цаг хугацааны хувьд нэлээд сунжрах төлөвтэй болчихов уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачлах эрхтэй. Энэ дагуу Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн гэж харж байна. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний санаачилсан хуулийг анх хэлэлцэх үеэр Ерөнхийлөгч төслөө өргөн бариад, эхнээс нь хоёр хуулийн төслийг нэгтгэн  хэлэлцээд явсан бол цаг хугацааны хувьдаа дөхөм байх байсан болов  уу гэж бодож байна.

-Та Ерөнхийлөгчийн төсөлтэй танилцаж амжсан байх. Төсөлд тусгагдсан саналуудын талаар  ямар бодолтой байна вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд санал нийлэхгүй байх заалт олон бий. Тухайлбал, олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй парламентын гишүүдийн тоог 108 болгож, 50 хувийг нь хувь тэнцүүлсэн буюу намаас нэр дэвшүүлсэн жагсаалтаар сонгохоор оруулж ирснийг дэмжихгүй байна. Өнөөдөр УИХ-ын 76 гишүүн цөөдөөд ажил хийж чадахгүй байгаа юм биш. УИХ-ын гишүүн Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаа гэдгээ ойлгож ажиллаж чадахгүй байгаад асуудал байгаа юм. Парламентын гишүүдийн тоог 108 болговол лоббид орохгүй гэж Ерөнхийлөгч тайлбарлаж байна лээ. Эсрэгээрээ өгөгдөхүүн нэмэгдэх хэрээр цаад талд нь лобби хийх арга, салаа урсгал нь нэмэгдэнэ гэж харж байна.

Хоёрдугаарт, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох гэдэгтэй огт санал нийлэхгүй. Нэгэнт дөрвөн жил гэж тогтсон энэ хугацааг эвдэж хэрэггүй. Дэлхийн ихэнх оронд парламентын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жилийн циклээр явагддаг. УИХ-ын бүрэн эрхийн хугацаанаас илүүтэй сонгууль явуулах циклийг авч үзэх хэрэгтэй гэж бодож байна.

Гуравдугаарт, Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд ҮАБЗ-ийн статусыг нэмэгдүүлж, улс орны эдийн засгийн асуудлыг хариуцдаг байгууллагыг ҮАБЗ-ийн хяналтад байлгах утга бүхий санал оруулж ирснийг дэмжихгүй. Ерөнхийлөгчийн дэргэд эдийн засгийн асуудал эрхэлсэн төв байгууллага бий болох нь цаад утгаараа Засгийн газар Ерөнхийлөгчийн мэдэлд очих тухай ойлголт. Мөн төсөлд Монгол банкны харьяаллыг өөрчлөх агуулгатай заалт тусгасныг дэмжихгүй. Монголбанк одоогийн харьяаллын тогтолцоогоор явах нь зөв.

Дөрөвдүгээрт, Төрийн нарийн бичгийн даргын томилгоо болон төрийн жинхэнэ албан хаагчийн шатлан дэвших нөхцөл, баталгаа, эрхийг Үндсэн хуульд тусган хамгаалах шаардлага байна гэж Ерөнхийлөгч төсөлдөө тусгасныг дэмжихгүй. Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилээр томилох нь сайдаасаа давсан эрхтэй болно гэсэн үг. Энэ саналыг логикийн хувьд тун алдаатай гэж харж байна. Үндсэн хуулийн хамгаалалттай Төрийн нарийн бичгийн дарга байж болохгүй. УИХ-аар баталсан Төрийн албаны тухай шинэчилсэн хуулийг дагаж мөрдөж чадвал маш сайн хууль гарсан. Төрийн албаны шинэ хуулийг энэ оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдсөн ч харамсалтай нь хангалттай хэрэгжүүлж чадахгүй байна. Өнөөдрийг хүртэл төрийн албанд хууль бус халаа, сэлгээ, танил талаа томилдог байдал хэвээр үргэлжилж байна. Үүнийг би  шүүмжилсээр ирсэн.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд шүүх засаглалтай холбоотой асуудлаар УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төслөөс зарчмын хувьд маш зөрүүтэй санал тусгагдсан байна лээ. Парламентын гишүүдийн хувьд үүнд шүүмжлэлтэй хандах байх гэж харж байна?

-УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамгийн гол амин сүнс нь шүүхийн хараат бус байдлыг сайжруулах явдал гэж би хувьдаа дүгнэж байна. Гэтэл Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд дээрхтэй холбоотой заалтуудыг хасахаар оруулж ирсэн нь Ерөнхийлөгч шүүхийн хараат бус байдлыг олон улсын жишигт нийцсэн хэмжээнд хүргэхээс татгалзаж байна гэж үзэхээс өөр үндэслэл алга.

-Та төслийн ихэнх саналыг дэмжихгүй байгаа юм байна. Дэмжиж байгаа санал бий юу?

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх чиглэлд нийслэл нь дүүрэгт бус хотуудад хуваагдахаар тусгах санал оруулсныг бол дэмжинэ. Парламентын гишүүдийн өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Дархан, Эрдэнэтийг хотын статустай болгох заалтыг оруулах гээд чадаагүй. Яагаад ч юм, үүнийг манай ахмад гишүүд дэмждэггүй юм л даа. Тэгээд юу гэж хуурдаг вэ гэхээр Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна гэж худлаа ярьдаг. Гэтэл энэ хууль нь хэзээ ч гардаггүй.

Дэлхийн ихэнх оронд тухайн улсын хөгжлийн чиг хандлагыг томоохон хотууд нь чирч явж байна. Тиймээс хүссэн, хүсээгүй дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлэх нь зөв. Ингэхийн тулд Дархан, Эрдэнэтийг улсын статустай хот болгох шаардлагатай. Нийслэлийн дүүргүүдийг хот болгож, эрх мэдлийн төвлөрлийг задлах хэрэгтэй. Эрх мэдлийн төвлөрлийг задлах гэдэг нь тухайн шатандаа ажил хариуцаж байгаа хүний хариуцлагыг нэмэгдүүлнэ гэсэн үг юм. Өнөөдөр дүүргийн Засаг дарга нарт ямар ч эрх мэдэл алга. Хэрэв дүүргүүдийг хотын статустай болгож, эрх мэдлийг өөрсдөд нь өгвөл Засаг дарга нар хоорондоо өрсөлдөж, дүүргээ хөгжүүлнэ. Үүнтэй холбоотой гаргасан Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ.

-Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг дээр Ерөнхийлөгчийн санаачилсан төслийн талаар чухам юу яригдав. Гишүүд ямар байр суурьтай байна. Тухайлбал, таны байр суурь ямар байгааг сонсмоор байна?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөө Ерөнхийлөгч УИХ-д өргөн барьсны араас бүлгийн хурлаар хэлэлцэх асуудал ярьсанд зарчмын хувьд огт санал нийлээгүй. Цаг хугацааны хувьд бүлгийн гишүүд гэлтгүй УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй нухацтай танилцах ёстой. Үндсэн хуулийн чиглэлээр ажилладаг эрдэмтэн, мэргэд, судлаачид, улстөрчид зэрэг нийгмийн идэвхтэй хэсэгт хуулийн төсөлтэй танилцах цаг хугацаа олгох нь зөв. Нийгэмд төслийн талаар өргөн хүрээний мэдээлэл өгсний дараа хэлэлцэх нь зөв гэдэг байр сууриа би бүлгийн хурал болон байнгын хорооны хуралдааны үеэр ч илэрхийлсэн. Үндсэн хууль бол Монгол Улсын тусгаар тогтнолын асуудал учир сэтгэлийн хөөрлөөр, цаг хугацаанд шахагдаж, эсвэл хэн нэгэн улстөрчийн, цаашлаад бүлэглэлийн ашиг сонирхлын үүднээс хандвал алдаа гаргана. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа зөвхөн улсын эрх ашгийг барьж хандах ёстой.

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ЭСРЭГЭЭР НЬ ЭРГҮҮЛЧИХ ВИЙ ГЭСЭН
БОЛГООМЖЛОЛ БАЙНА

-УИХ-ын гишүүд өнөөдрөөс /2019.07.22/ эхлэн ирэх сарын 09-нийг хүртэл тойрогтоо ажиллаж, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн талаар иргэдэд тайлбарлаж, санал бодлыг нь сонсоно. Гэхдээ зөвшилцлийн ажлын хэсгээс “Ерөнхийлөгчийн энэ саналыг дэмжиж байна, эсвэл дэмжихгүй байна” гэдэг ерөнхий чиг нь гараагүй байхад иргэдэдтэй уулзалт хийх нь хэр үр дүнтэй вэ?

-Өөрийн тань хэлсэнтэй санал нийлж байна. Зөвшилцлийн ажлын хэсэг болон үндсэн ажлын хэсгийн ерөнхий чиглэл, ханыг харж байж бид төслийн талаар иргэдэд ярих нь зөв. Гишүүд бид тойрогтоо ажиллаж, иргэдтэй уулзалт хийгээд ирлээ гэхэд зөвшилцөх ажлын хэсэг, үндсэн ажлын хэсэг хоёр ойлголцож, зөвшилцөлд хүрээгүй тэс өөр юм яривал дахиад бид иргэддээ танилцуулж явах уу гэдэг асуудал үүсэхийг үгүйгэхгүй. Тэгэхээр ард нийтээр хэлэлцүүлэхийн тулд зөвшилцөх ажлын хэсэг ерөнхий чиглэлээ тохирч байж олон нийт рүү хандах хэрэгтэй. Бүх задгай мэдээллийг ард иргэдэд өгч, ард түмэн шүүн тунгааж саналыг нь нэгтгэнэ гэвэл өрөөсгөл ойлголт гэж бодож байна.

-Төсөлд улс төрийн намд тавих шалгуурыг өндөрсгөсөн заалтууд орсон. Тухайлбал, одоо мөрдөж байгаа хуулиар 801-ээс доошгүй хүн нэгдэх босгыг өндөрсгөж, нам байгуулах доод босго 10 мянган хүн байх, мөн улс төрийн намуудыг үл хөдлөх хөрөнгөтэй байхыг Үндсэн хуулиар хориглох саналыг Ерөнхийлөгч гаргасан. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхийлөгчийн сэтгэл зовинон санаачилсан саналыг нь хүндэтгэж байна. Өнөөдөр улс төрийн намуудын төлөвшил дутагдалтай байгаа учраас Ерөнхийлөгч дээрх саналыг тусгавал байдал өөрчлөгдөх болов уу гэж харсан нэг өнцөг. Энэ саналыг нь эсэргүүцэж байгаа нь миний бас нэг өнцөг. Ийм учраас нийгэм хэрхэн хүлээж авах вэ гэдэг нь хэлэлцүүлгүүдийн явцад тодорхой болох байх. 50 мянга нэгээс доошгүй иргэдийн гарын үсэг, 10 мянгаас дээш гишүүнтэй байж нам байгуулна гэдэгтэй огт санал нийлэхгүй. 1990 оноос өмнө манай улс нэг намын тогтолцоотой байсан. Харин 1990 оноос олон намын тогтолцоонд шилжиж, энэ үеэс эхлэн улс төрийн намууд төлөвших гээд чадлаараа л явж байна. 30 жилийн түүхийг харвал үндэсний хэмжээний нам гэвэл МАН, АН хоёр. Гэтэл өнгөрсөн дөрвөн жил 20 гаруй жилийн түүхтэй АН төрийг яаж барив, харин одоо 100 гаруй жилийн түүхтэй МАН энэ дөрвөн жилд яаж засаглал барьж байна гэдгийг харвал намуудын төлөвшилтөд маш их цаг хугацаа шаардлагатай юм байна. Хүний нөөц, боловсон хүчний бодлогын асуудал зэрэг олон зүйлд анхаарах хэрэгтэй гэдэг нь ч мөн харагдаж байна. Гэтэл намуудыг татан буулгаж, цоо шинээр бий болгоно гэвэл 30 жил, 100 жилийн түүхтэй намууд болон одоо дөнгөж шинээр байгуулагдах намуудын төлөвшилт ямар байх вэ гэдгийг аваад үзвэл цаг хугацааны хувьд ухралт хийнэ. Намууд үйл ажиллагаагаа явуулдгаараа явуулж, харин хуулийн хүрээнд ажлаа чангатгах нь чухал. Нам сонгуульд орлоо л бол төр, засгийн ажлаас зайгаа барих ёстой. Ингэхийн тулд Төрийн албаны тухай хууль бусад хуулийг өөрчлөх асуудал зүй ёсоор яригддаг.

-Парламентын гишүүдийн санаачилсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ дахь АН-ын зөвлөл дэмжихгүй, харин Ерөнхийлөгчийн санаачилсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Нийгэмд ч гэсэн нэг нам олонхоороо хүч түрэн Үндсэн хуулийг өөрчлөх нь гэсэн шүүмжлэл бий?

-Парламентын гишүүдийн хувьд өнөөдөр Үндсэн хуулийг хэлэлцэх явцад Үндсэн хуулинд байж болохгүй заалтыг дэмжих магадлал өндөр байна гэдгийг хэлж байсан. Энэ болгоомжлол одоо ч гэсэн бий. Энэ тухайгаа би үндсэн ажлын хэсгийн дарга Ө.Энхтүвшинд ч хэлсэн.

Энэ хавар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэх үеэр биднийг молигодож, ирц бүрдүүлээд бүх саналаа унагааж, Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг Үндсэн хууль зөрчин байж баталсан шүү дээ. Ийм бүдүүлэг маягийн лоббигоор Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсрэгээр нь эргүүлчих вий гэсэн болгоомжлолыг байнга санах ёстой шүү гэдгийг ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин, төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан нарт хэлж байгаа.

Хоёрдугаарт, ядаж энэ байшин дотроо бид зөвшилцөх ёстой. Гэхдээ АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авахгүй бол хэлэлцүүлэгт оролцохгүй гэдэг муйхар санал тавьж болохгүй. Зөвшилцөх ажлын хэсгийг Ерөнхийлөгч ахалж байгаа нь үндэсний хэмжээний зөвшилцөл хийх боломж бүрдэнэ гэж харж байна. Тиймээс энэхүү Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-ын гишүүн бүр анхааралтай судлан, хэлэлцүүлгийн явцад нухацтай хандах шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж