Хорин таван жилийн түүхтэй Монголын спортын сэтгүүлчдийн холбоо /МССХ/ өнөөдөр Олон улсын спортын сэтгүүлчдийн өдрийг хамт олноороо тэмдэглэн өнгөрүүллээ.
Спортын сэтгүүлчид энэ өдөр хөлбөмбөгөөр өрсөлдөж, "MSPU CUP" тэмцээнийг нийт гишүүдийнхээ дунд зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалт тэмцээн тав дахь жилдээ болж, МССХ-ны хөлбөмбөгийн "Челси" багийг дэмжигч гишүүдийн баг алт, "Барса"-г дэмжигчид мөнгө, "Ливерпүүл", "МанЮ" багийг дэмжигч сэтгүүлчдийн баг хүрэл медаль хүртжээ. Тэмцээний баг бүрдүүлэлтийг жил бүр өөр өөрөөр зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн жил гэхэд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тохиолдуулан гишүүд өөр өөрсдийн дэмждэг улсын багийн нэр дор баг бүрдүүлэн өрсөлдөж байсан юм.
Энэ өдөр МССХ хамтын ажиллагааны нэгэн чухал эхлэл тавьсан нь Монголын хөлбөмбөгийн холбоотой Хамтран ажиллах санамж бичиг байгуулсан явдал юм.
Монголын хөлбөмбөгийн холбоо, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны хамтран ажиллах санамж бичигт МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, МССХ-ны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар нар гарын үсэг зурав.
Хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх их үйлсэд үргэлж хамтран ажиллаж, хослон зүтгэж ирсэн хоёр холбоо ийн албан ёсны санамж бичиг байгуулснаар хүүхэд, залуучуудад хөлбөмбөгийн спортыг сурталчлах, Монголын хөлбөмбөгийн холбооны Хөгжлийн бодлого, хөтөлбөр, үндэсний шигшээ багийн үйл ажиллагаа, бэлтгэл сургуулилт, гадаад харилцаа, тэмцээн, уралдааныг олон нийтэд мэдээлэн, таниулахад чиглэсэн бүхий л үйл ажиллагаанд хамтран оролцож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан түгээхийг зорьж ажиллах, спортын сэтгүүлчдийн мэдлэгийг дээшлүүлэх, хөлбөмбөгийн спортоор дагнан бичих сонирхолтой, мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх, тэднийг сургалт, дадлагад хамруулж, дотоод гадаадын тэмцээн, уралдаан сурвалжлахад дэмжлэг үзүүлэн ажиллах боломжийг бүрдүүлж чадлаа.
Мөн өдөр спортын сэтгүүлчид мэргэжил нэгт гишүүнийхээ шинэхэн номыг хүлээж авсан нь Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Цагаанбаатарын "Монголын хэвлэл мэдээлэлд Спортын сэдвийг тусгасан нь" хэмээх эмхэтгэл ном бөгөөд зохиогч уг номыг МССХ-ныхоо 25 жилийн ойд зориулж, дахин хэвлүүлжээ.
Шагналын хур буулаа. Спортын сэтгүүлзүйн салбарт олон жил тууштай ажиллаж, бөхийн чөлөөт барилдааны сэдвээр дагнан бичиж буй ахмад гишүүн Д.Өлгийсайхан энэ өдөр МҮОХ-ны "Олимпийн алдар" шагнал хүртсэн бол спортын сэтгүүлч Б.Бадмаа МҮОХ-ны "Алтан медаль"-иар энгэрээ мялааж, хамт олон, олимпийн байгууллагаасаа урам хүртэв.
Монголын спортын сэтгүүлчид энэ онд тохиож буй 25 жилийн ойн ёслол хүндэтгэлийн арга хэмжээгээ ирэх арваннэгдүгээр сард тэмдэглэх бөгөөд энэ өдөр ойд зориулсан зорилтот ажлуудын нээлтийг хийж, бүх гишүүдийн уулзалт, Олон улсын спортын сэтгүүлчдийн өдрийг тэмдэглэсэн нь энэ юм.
Б.ЭНХ