МХБХ-ны Идэрчүүдийн УАШТ өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2015.07.03-нд нийтлэгдсэн

МХБХ-ны Идэрчүүдийн УАШТ өндөрлөлөө

Монголын хөлбөмбөгийн ногоон талбайд өрнөж буй тэмцээн, уралдааны талаарх мэдээлийг товчлон хүргэж байна.

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа бүсчилсэн системээр 3 аймгийн хүрээнд үргэлжилж, шалгарсан 16 баг Улаанбаатар хотноо өрсөлдөн, өнөөдөр медалийн эздээ тодрууллаа.

Баянхонгор, Хөвсгөл, Хэнтий гэсэн аймгууд шинэ хөлбөмбөгийн талбайтай болсноор тэмцээний цар хүрээг өргөн болгоод зогсохгүй тэмцээнд оролцож буй тамирчдын чанар чансааг өмнөх жилийнхээс эрс сайжруулсан нь харагдаж байлаа.


МХБХ-ны дараагийн тэмцээн болох сонирхогчдын УАШТ өнөөдөр эхэлж байна.

Тэмцээн долдугаар сарын 3-25-ны хугацаанд үргэлжлэх бөгөөд шилдэг 30 багаас эхний дөрвөн байрыг эзэлсэн багууд Үндэсний дээд лигийн дараа орох 2-р дивизон буюу Үндэсний 1-р лигт өрсөлдөх эрхтэй болох юм. Мөн эдгээр багууд дээр хөлбөмбөгийн холбооны гишүүн клубууд нэмэгдэж нийт 10 баг үндэсний 1-р лигт өрсөлдөх болно.


МХБХ-ны дээд лиг болох "Хүрхрээ" лигт энэ жил есөн баг өрсөлдөж байгаа. Эдгээр багуудаас амжилтаараа сүүлийн байруудад бичигдсэн хоёр баг доод лиг рүү унах буюу Үндэсний 1-р лигт өрсөлдөх юм. Харин 1-р лигт өрсөлдсөн 10 багаас гаргасан амжилтаараа тэргүүлэх гурван баг Үндэсний дээд лиг болох "Хүрхрээ" лигт оролцох боломжтой юм.

Энэхүү клубын системд шилжиж дээд доод лиг рүү багууд оролцох болсон явдал нь МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарын мөрийн хөтөлбөрт багтсан ажил бөгөөд ийнхүү мөрдөгдөж эхлээд байгаа юм. Түүнчлэн мөрийн хөтөлбөрт тусгасан дээд лигийн шагналын сан 100 саяд хүрч, МХБХ-ны санхүүгийн үйл ажиллагаа шилэн дансанд шилжсэн зэрэг ажлууд гуравхан сарын хугацаанд хэрэгжиж, өдгөө биеллээ олжээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж