Тойм: Үндсэн хууль, Бид мартахгүй, Нандин өв үзэсгэлэн

Хуучирсан мэдээ: 2019.07.21-нд нийтлэгдсэн

Тойм: Үндсэн хууль, Бид мартахгүй, Нандин өв үзэсгэлэн

NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


ЗӨВШИЛЦӨХ АЖЛЫН ХЭСГИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА АХАЛНА

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга долдугаар сарын 16-нд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барив.

Тэрбээр үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд хэд хэдэн зүйл заалтыг засах санал оруулсан юм Тухайлбал,

  • УИХ-ын гишүүдийн тоо 108, бүрэн эрх нь 5 жил байх
  • Байгалийн баялаг -Төрийн өмч гэдэг үгийг Нийтийн өмч болгох
  • Гадаадын хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллах бол гадаадын хөрөнгө оруулагч 100 хувь зардлаа гаргана. Ашгийн 51 хувь нь Монгол Улсад үлдэх ёстой гэсэн хязгаарлалт оруулах
  • Шүүхийн сахилгын хороо гэдэг шинэ байгууллага байгуулах
  • Дээд шүүгчийг бүх насаар нь томилдог болох
  • Ерөнхий сайд заавал УИХ-ын гишүүн байх
  • Тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахыг хориглох
  • “Хот” гэдэг үг одоогийн Үндсэн хуульд оруулах,
  • Сум болон дүүргийн Засаг даргыг шууд сонгодог болох зэрэг саналыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгах саналаа өргөн барьсан билээ.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналыг УИХ дахь Ардчилсан намын зөвлөл хэлэлцээд, дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Харин МАН-ын бүлэг төслийг судлах шаардлагатайгаас гадна төслийн талаар ард иргэдээс асууж санал авах нь зөв гэсэн шийдвэрт хүрчээ.

Мөн Засгийн газар дээрх саналыг хэлэлцээд, Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг саналыг хүргүүлэхээр болсон юм.  Улмаар энэ асуудалд ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж УИХ-аас үзэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцсэн.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй холбогдуулан Ерөнхийлөгчөөс долдугаар сарын 16-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг судалж боловсруулах, саналын түвшинд харгалзан үзэх, зөвшилцөх шаардлагатай байгаа тул УИХ-аар хэлэлцэж байгаа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг ирэх наймдугаар сарын 09-ний өдрийг хүртэл байхаар тогтоохыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн юм.

Мөн Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл, санал болон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх ажлын хэсгийг байгуулах тогтоолын төслийг баталлаа.

Зөвшилцөх ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажиллах бол орлогч даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажиллана.

Ш.АДЪЯАМАА


ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ ЦАХИМ БҮРТГЭЛ МАРГААШНААС ЭХЭЛНЭ

Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл ирэх даваа гаригт буюу долдугаар сарын 22-ны өдрөөс эхлэхтэй холбогдуулан “Нийслэлийн Орон сууцны корпораци”-иас сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар мэдээлэл өгөхдөө “Түрээсийн орон сууцны 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр, үлдсэн 40 хувийг газар чөлөөлөлтөд орсон иргэдийг орон сууцжуулахаар нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан. Үүнтэй холбоотойгоор “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг шинээр батлуулсан. Бид долдугаар сарын 22-ноос түрээсийн орон сууцын цахим бүртгэлийг эхлүүлэхээр бэлэн болоод байна. Цахим бүртгэлийг нийт 14 хоногийн хугацаанд 24 цагийн турш амралтын өдрүүдээр нээлттэй бүртгэх юм. Иргэд хамгийн түрүүнд бүртгүүлснээрээ хамрагдах уу гэж их асууж байна. Хамгийн гол нь гэр бүлээрээ сайн ярилцаж, судалсаны үр дүнд бүртгүүлэхийг зөвлөж байна. Иргэд бүртгэлийн 14 хоногийн хугацаандаа багтан наймдугаар сарын 5-ны дотор хэзээ ч бүртгүүлэх боломжтой.

Түрээсийн орон сууцны цахим бүртгэлийг  http://nosk.ub.gov.mn/#/ вэб сайтаар нэвтрэн орж бүртгүүлнэ. Сошиалд цахим бүртгэлтэй холбоотой худал мэдээллүүд ихээр цацагдаж байна. Өнөөдрийн байдлаар “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцанд нэг ч айл эрхээ аваагүй, байрандаа ороогүй байгааг албан ёсоор мэдэгдье. Манай байгууллагын хувьд зөвхөн бүртгэлийн ажлыг зохион байгуулна. Үүний дараагаар Орон сууцны комисс болон нийслэлийн Засаг даргын дэргэд Орон сууцны зөвлөл гэж бий. Эдгээр байгууллагууд сонгон шалгаруулалтыг хариуцан ажиллаж, давхар хуулийн байгууллага хяналт тавьж ажиллана” гэв.

Тэрбээр иргэдэд таван жилээр түрээсийн орон сууцны түрээслээд өмчлүүлэх хэлбэрийн байрны нэг ам.метрийн үнэ 1 сая 450  мянган төгрөг. Энэ бол Хөгжлийн банкнаас нийслэлийн Орон сууцны корпорациас шилжиж ирж байгаа үнэ. Бид энэ үнэ дээр ямар ч мөнгө нэмээгүй. Харин энгийн түрээсийн хамгийн доод үнэ бол 137 мянга 550 төгрөгөөс 411 мянган төгрөгийн үнэтэй. Энэ үнэ нь байрныхаа ам.метрээс шалтгаалж байгаа. Байраа түрээслээд өмчлөх хүсэлтэй иргэдийн урьдчилгаа төлбөрөөсөө хамаарч, 30 хувиа төлсөн иргэд хамгийн багадаа 284 мянган төгрөг төлөх бол хамгийн ихдээ 1 сая 600 мянган төгрөг хүртэл хэлбэлзэж байна. Тэгэхээр өөрсдийн амьдрах хүсэлтэй байрныхаа ам.метрийн хэмжээнээс хамаарч, сард төлөх түрээсийн төлбөрөө гаргаж, байраа сонгох боломжтой” гэсэн юм.

Хоёр, гурван өрөө байранд зөвхөн гэр хорооллын иргэд хамрагдана

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд 68.56 ам.метртэй гурван өрөө, 39.30 ам.метртэй хоёр өрөө, 49.23 ам.метртэй хоёр өрөө байрнаас сонголтоо хийх гэнэ. Ингэхдээ журамд заасны дагуу найман төрлийн ангилал нэгд нь хамрагдан цахим бүртгэлд бүртгүүлнэ гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. Нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар нь “Хүмүүс багш, эмч, сэтгүүлчдэд квот өгөх үү гэж их асууж байгаа. Ямар ч байгууллага, мэргэжилтнүүдэд квот өгнө гэсэн асуудал байхгүй. Зөвхөн нийслэл хотын гэр хороололд амьдарч байгаа иргэд хамрагдах боломжтой” гэдгийг санууллаа.

Тэтгэврийн зээлтэй ч, түрээс төлөх боломжтой өндөр настан түрээсийн орон  сууцанд  хамрагдана

“Олон жилийн өмнө ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүртгүүлсэн бүртгэлүүд одоо хүртэл байж байгаа. Эдгээр иргэдийн хувьд дахин цахим бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай юу гэж асууж байна. Манай байгууллагаас бүх иргэдийг тэгш эрхтэйгээр цахим бүртгэлд хамруулахаар төлөвлөсөн. Мөн нийслэлийн Захирагчийн ажлын албанд нийтдээ 5700 гаруй иргэдийн бүртгэлийн мэдээллийг нийслэлийн Орон сууцны корпораци руу шилжүүлсэн. Тэгэхээр өмнө нь бүртгүүлсэн иргэд цахим бүртгэлд бүртгүүлж тэнцсэн тохиолдолд дахин материал бүрдүүлж өгөх шаардлагагүй. Харин тухайн иргэний материал хуучирсан бол шаардлагатай тохиолдолд холбогдох материалуудыг шинээр бүрдүүлж, авах болно” гэдгийг мэргэжилтэн танилцуулсан юм. Мөн ахмад настан тэтгэврийн зээлтэй ч түрээсийн төлбөр төлөх боломжтой бол түрээсийн орон сууцанд хамрагдана. Хэрвээ зээлтэй, үлдсэн тэтгэврийн мөнгө нь түрээсийн төлбөр төлж хүрэхгүй бол хамрагдах боломжгүй гэдгийг албаныхан тайлбарлалаа.

Худал мэдээллээр бүртгүүлбэл хар жагсаалтад орно

“Нийслэлийн Орон сууцны корпорацийн нэрийг барьж, иргэд нэлээд залилан хийсэн гэдэг мэдээллийг хүлээн авсан. Хэрвээ манай ажилтан тийм үйлдэл гаргасан нь хуулийн байгууллагаар тогтоовол хариуцлага тооцно. Иргэдийн хувьд түрээсийн төлбөрөө төлж чадахгүй, банкны болон бусад зээлтэй асуудал үүсгэдэг. Иргэдийн хувьд зээлтэй байж болох ч түрээсээ төлөх чадамжтай байх ёстой. Цахимаар бүртгүүлж буй иргэд худал, хуурамч мэдээлэл бүртгүүлбэл нийслэлийн Орон сууцны корпорацийн хар жагсаалтад орно. Тийм болохоор иргэд журмаа сайн уншиж, ярилцсаны үр дүнд бүртгэлээ хийх нь зүйтэй. Мөн орон байргүй түрээсийн байранд амьдардаг иргэд түрээсийн орон сууцанд хамрагдах боломжтой. Таны үл хөдлөхийн лавлагаагаар үл хөдлөх хөрөнгөгүй, хорооны тодорхойлолтоор орон гэргүй гэдгээ тогтоовол хамрагдана” гэдгийг тус корпорацийн дэд захирал С.Дорждэрэм яриандаа онцлов.

А.ЦЭЭСҮРЭН


ХУУЛЬ БУСААР ОРЖ ИРСЭН СПИРТНИЙ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛСНИЙХЭЭ ТӨЛӨӨ НӨХӨР МААНЬ ХАРГИС АЛУУРЧДЫН ГАРТ АМИА АЛДСАН

Монгол Улсын цагдаагийн алба хаагчдын хувьд мартаж боломгүй өнө мөнхөд эргэн дурсан санах хүндэтгэлтэй өдөр долдугаар сарын 17-нд тохиолоо. Учир нь Монгол Улсын цагдаагийн байгууллагын хэмжээнд өнгөрсөн хугацаанд 70 гаруй алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амь насаа алджээ. Үүнээс Замын цагдаагийн албаны хэмжээнд нийт 15 алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан байна. 15 аав, хань та бидний амар тайван амьдралын төлөө амиа өргөжээ. Тусламж хэрэгтэй байгаа эгэл жирийн хүмүүст хэн нэгэн итгэл найдварын гараа сунгаж, амиа ч үл хайрлан бусдад туслах бурхны томилгоотой хүмүүс нь ийнхүү эгэл баатрууд юм. Эдгээр хүмүүс дунд мөрдэс нэгт найзыгаа аврахын тулд өөрөө авто осолд өртөж, амиа алдсан хүн ч байлаа.

Тэгвэл Тээврийн цагдаагийн албанаас /ТЦА/албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэдний үйл хэргийг нь мөнхжүүлэх, гэр бүл, төрөл төрөгсдөд нь хүндэтгэл үзүүлэх зорилгоор “Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.  Уг арга хэмжээнд ТЦА-аас гадна албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдын гэр бүл, төрөл төрөгсөд иржээ. С.Уранчимэгийн хувьд  уг өдөрлөгт арав дахь жилдээ оролцож байна.

Тэрбээр "Миний хань Д.Ганбат Хан-уул дүүргийн замын цагдаа, зохицуулагчаар 21 дэх жилдээ ажиллаж байгаад 2001 онд 40-хөн насандаа бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан. Тухайн үед 2000 онд хууль бусаар орж ирсэн спиртний хэргийг илрүүлээд сарынхаа цалин болох 54 мянган төгрөгөөр шагнуулаад маш их сэтгэл өндөр байсан боловч зургаан сарын дараа бусдын гарт амь насаа алдаж, бидэнд нөхөж болшгүй гарз учирсан юм. Хууль бусаар орж ирсэн спиртний хэргийг илрүүлснийхээ төлөө нөхөр маань харгис алуурчдын гарт амиа алдсан. Тухайн үед аав нь ажилдаа яваад ирнээ гээд гарсан хүн маргааш өглөө нь хэзээ ч ирэхгүй болно гэж хэзээ ч төсөөлөөгүй. Бага хүүхэд маань одоо 22  нас хүрч байна. Улсаас нөхөн олговор болгож нэг удаа гурван сая төгрөг өгч, охиныг маань Цагдаагийн академид урилгаар суралцуулсан”  хэмээн ярилаа.

Түүний хувьд нөхөртэйгөө 20 жил хамт амьдрах хугацаандаа найман хүүхдийн эцэг эх болцгоожээ. Нөхөр нь өнгөрдөг жил хамгийн бага хүүхэд нь дөрөв, том нь 20 настай найман өнчин хүүхэдтэй үлдсэн ч С.Уранчимэг хүүхдүүдээ хэнээс ч дутахааргүй өсгөсөн гэдгээ нүүр бардам хэлж байсан юм. Одоо найман хүүхдийнх нь таван хүүхэд нь тусдаа гарч, 12 ач зээтэй болжээ. Нөхөр нь амьд сэрүүндээ түүнийг цагдаагийн байгууллагад ажиллуулах хүсэлтэй байсан учраас нөхрийнхөө хүслийг биелүүлэхийн тулд С.Уранчимэг цагдаагийн байгууллагад ажиллаад хоёр жилийн өмнө тэтгэвэртээ гарчээ. Гэхдээ Д.Ганбатын амь насыг хэн хохироосон болохыг өнөөдрийг хүртэл ямар ч гэрчгүй гэх шалтгаанаар илрээгүй яваа.

Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан ирсэн хүмүүст хүндэтгэл үзүүлж, үг хэлэхдээ “Монголын цагдаагийн байгууллага жил бүр “Бид мартахгүй” өдөрлөгийг зохион байгуулж, төр ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг сахиулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах ариун үүргээ биелүүлж яваад алтан амиа алдсан алдартнуудынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн дурсаж, ар гэрийнхэн та бүхэнтэй уулздаг. Албан үүргээ нэр төртэй биелүүлж, мөр зэрэгцэн алхаж явсан мэргэжил нэгтэй анд нөхөд маань алтан амиа алдсан дайчин гавьяат үйлстнүүдээ дурсан санах энэ өдөрт мэхийн ёсолж байна. Замын цагдаагийн албаны хамт олон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар төр түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, албаныхаа төлөө алтан амиа зориулсан алдартнуудынхаа ажил, үйлс, хүсэл, мөрөөдлийг нь үргэлжлүүлэн авч яваа гэдгээ илэрхийлж байна” гэв.

Э.СОСОРБУРАМ


АЛТАН АЯГАНААС ЭЭЖДЭЭ ЦАЙ АМСУУЛЖ, АЧИЙГ НЬ ХАРИУЛСАН ТҮҮХ

“Амьд явбал алтан аяганаас ус ууна”… Эртний сайхан ерөөлт энэ үг урт насалж, удаан жаргах гэсэн утгатай. Тиймдээ ч хүн хэчнээн ядруу байсан ч амаараа билэгддэг сайхан уламжлал өнөөдөр ч бидний дунд бий. Энэ утгаараа хүндээр өвдөж шаналсан эхийгээ хүү нь өнөө маргаашгүй болсон гэдгийг зөн совингоороо мэдэрсэн үү, ээждээ алтан аяганаас цай амсуулж, ачийг нь өчүүхэн ч болов хариулъя гэж боджээ.

Алтан аяга урлахаар шийдсэн хүн бол Б.Хүрэлбаатар дархан билээ. Тэрбээр шүүдрийн дуслыг цуглуулж, эхдээ цай бариагүй ч алтан аяга хийх гэж зургаан сар ур ухаан, хөлс хүчээ шавхсаны эцэст ээжийнхээ үргэлж цай оочилдог шаазан аягыг “алтан аяга” болгон урласан түүхтэй.

Нийт 10 орчим нарийн хээнээс бүрдэж, ёроолд нь шүр шигтгэсэн энэ аяганд матар, шоргоолж, эвэр угалз, үүлэн хээ зэрэг дарьганга хийцийг маш сайн шигтгэж өгсөн энэхүү алтан аяганы ёроолыг нарийн ажиглавал шүрний дор хорол хээг алтаар сүлжсэн болох нь харагдана.

Нарийн чимхлүүр ажлаас бүтсэн гоёмсог атлаа энгийн энэхүү алтан аяганаас эх нь тав хоног цай амсаад тэнгэрт хальсан бол ээждээ зориулсан энэ аяга Б.Хүрэлбаатар дарханы сүүлчийн хийц байжээ. Тэрбээр ээждээ зориулж алтан аяга урласныхаа дараа тархиндаа цус харваж, өвджээ.

Эх хүү хоёрын энэ түүхийг сонссон хүний өр өвдөж, сэтгэл уярахаар их үүх түүхтэй уг алтан аяга Монголын үндэсний музейд заларч, үзэгчдийн хүртээл болоод байна. Энэхүү алтан аяганаас гадна мөнгөн урлалаараа алдартай дарьганга дархадуудын  ур ухаан, сэтгэл оюун шингэсэн дахин давтагдашгүй хосгүй үнэт 200 гаруй ур хийцийг олонд толилуулж буй. Өнөөдрөөс үүдээ нээсэн “Нандин өв” нэртэй дарьганга дархадуудын эрдэм ухаан, ур чадварыг “гайхуулсан” эл үзэсгэлэнд XIX зуунаас өнөөдрийг хүртэлх 100 жил дамнасан гайхамшигт ур хийц ч бий.

Тухайлбал, Монголын Үндэсний музейн сан хөмрөгийн үнэт бүтээлийн нэг XIX зууны эхэн үед бүтсэн их гарын мөнгөн аяга. Ёроолд нь металлаар пааланг суулгаж өнгө ялгаруулан хангарьд шувууг дүрсэлсэн нэг литрийн багтаамжтай хос мөнгөн аягыг Дарьганга дархадуудын томоохон төлөөлөл М.Балдан-Осор дархан гар аргаар урлажээ. Мөн Дарьгангын алдарт дархан Моломын урласан туургандаа найман тахил, ёроолд нь лууг хөдөлгөөнтэйгөөр урласнаас гадна лууны цаадах дэвсгэрийг түмэн наст хээгээр дүрсэлснээрээ онцлог.

Молом дарханаас өөр ямар ч хүн, хаана ч аяганы ёроолын цаадах дэвсгэрийг ийм нарийн урлаж байгаагүй аж. Эдгээр нь үзэсгэлэнгийн онцлох үзмэрүүдийн нэгээхэн хэсэг аж.

ДАРЬГАНГА ДАРХАДУУД ӨӨРСДИЙН УРЛАСАН ХИЙЦИЙГ ХАРААД Л ТАНИНА

Монголын Үндэсний Музейн Бүртгэл мэдээллийн санч О.ГАНДИГМАА: 

-Үзэсгэлэнгийн онцлох үзмэрүүдийн нэг хэсэг бол М.Балдан-Осор дарханы урласан металл дээр паалан суулгасан их гарын мөнгөн аяга болон Молом дарханы мөнгө аяга, хэт хутга юм. Металл дээр паалан суулгах арга 40 гаруй жил тасарч 2017 онд дахин сэргэсэн. Ер нь дарьганга дархадууд харааны бяд шалгасан хийцийг илүүд үздэг төдийгүй багажаа өөрсдөө урладаг, өөр өөрсдийн хийцийг хараад таньж, ялгадаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, дархан бүр өөр өөрийн гэсэн урлах арга барилтай. Сүхбаатар аймагт Дарьгангын 170 орчим дархан байсан гэж үздэг. Тэднээс 10 гаруй дархадуудын бүтээлийг үзэсгэлэнд толилуулж байна. Аяганы ёроолд ямарваа нэгэн цэцэг ургамал амьтад дүрсэлдэг нь гүн утга агуулгыг илэрхийлдэг төдийгүй аяганы хүрээгээр давхар ухалтуудыг хийдгээрээ онцлогтой” гэлээ.

Эмэгтэй хүн эрдэнийн чулуу хоёр жижигхэн байх тусмаа үнэ цэнтэй гэдгийн адилаар Дарьганга дархадууд мөнгөн эдлэлээс илүү хийц, нарийн жижиг чимхлүүр ажлыг илүүд чухалчилдгаараа бусдаас ялгарах онцлогтой.

Жишээ нь ёроолдоо хос хун дүрсэлсэн жижиг гарын мөнгөн аяга болон төрдөг аяга буюу аяганы ёроолдоо дахин жижиг аяга, тагш агуулсан болон хэт хутга, дарьганга эмэгтэйн толгойн гоёл чимэглэл зэргээс тодхон харж болно. Монголын үндэсний музейд үүдээ нээсэн “Нандин өв” үзэсгэлэн ирэх наймдугаар сарын 2-н хүртэл үргэлжлэх юм байна.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж