Хогийг мөнгө болгох боломж

Хуучирсан мэдээ: 2015.07.03-нд нийтлэгдсэн

Хогийг мөнгө болгох боломж

Одоогоос хоёр жилийн өмнө гурван тэрбум төгрөгийг хөрөнгө зарцуулж, ашиглалтад орсон Нарангийн энгэр дахь хог боловсруулах үйлдвэр одоогоор хоногт 65-75 тонн хогийг ангилан ялгаж, үйлдвэрүүдэд түүхий эдийг нь нийлүүлэн ажиллаж байна. Гэхдээ энэ үйлдвэр зөвхөн ахуйн хог буюу цаас, ундааны сав, шил, лааз, цаас зэргийг ялган авч, бусдад борлуулдаг. Уг нь энэхүү үйлдвэр  гялгар уут, цаасаар хатуу түлш үйлдвэрлэх тоног төхөөрөмжтэй. Харамсалтай нь гялгар уут, цаасыг шатаахад хорт утаа их ялгаруулдаг. Иймээс утаа ялгаруулагч, ууршуулагч туслах төхөөрөмж нэмэлтээр шаардлагатай болжээ. Мөн үйлдвэрийн дулааны асуудлыг орхигдуулсанаас хүйтний улиралд ажиллах боломжгүй. Улмаар өнгөрсөн өвлийн дөрвөн сард түр зогсолт хийж, тавдугаар сараас хог боловсруулах үйлдвэр ажиллаж эхэлжээ.

Үйлдвэрийн гадна хашаа намхан учир салхитай үед хог хийсч, орчноо бохирдуулдаг. Хэрэв хоёр метрийн өндөртэй хашаа барьчихвал хог хийсэхээс хамгаална. Мөн хоосон зогсолт хийхгүйн тулд үйлдвэрийн дулааныг шийдэх хэрэгтэй. Өвлийн улиралд хасах нэгээс нэмэх таван граудсын дулаантай байхад л ажиллах боломжтой гэж үйлдвэрийнхэн хэллээ. Одоогоор тэд хогноос ангилан, ялгаж авсан цаасаа нэг килограммыг нь 4-5 төгрөг, цагаан цаасыг 30-40 төгрөгөөр, гялгар уутаа 200-450 төгрөг, хуванцар  савыг 400 төгрөгөөр, нэг килограмм лаазыг мянган төгрөгөөр бусдад борлуулдаг байна. Орон сууцны хог ачдаг машинууд ч энэ үйлдвэрийн гадаа хогоо асгах дуртай аж.

Нийслэлийнхэн хогийг мөнгө болгохоор хог боловсруулах компаниудыг дэмжин Нарангийн энгэр, Улаанчулуутын хогийн цэгийг түшиглэн "Эко парк"-ийг байгуулахаар болжээ. Улмаар нийслэлээс аж ахуйн нэгжүүдэд газрыг нь үнэгүй гаргаж өгөн, компаниуд өөрсдийн хөрөнгөөр үйлдвэрээ барих нөхцөлтэйгээр хамтран ажиллах юм. Одоогоор Улаанбаатар хотод хогийг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 30 орчим компани байна. Үүнээс хоёр компани л үйлдвэр барих ажлаа эхлүүлжээ.

Хогийг хог гэж харахаас илүү мөнгө гэж харах хэрэгтэй гэж мэргэжлийнхэн санууллаа. Тухайлбал цагаан цаас 00-ийн цаас болдог бол үнс, барилгын хогоор түлш үйлдвэрлэж болно. Харин хуванцар сав, лаазаар сандал траншейны тагийг хийж болно. Иймээс хогийг хог гэж харан хоёр түүхий эдээ Хятад улс руу гаргах биш хог боловсруулах дотоодын үйлдвэрүүдийг бий болгон, улсдаа хөрөнгөө эргэлдүүлцгээе.

Д.УЛАМБАЯР

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж