Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 10 дугаар хуралдаан болж, тус аймгийн Сайхан-Овоо сумын Төгрөг багийн нутагт байрлах Харганын шугуй, Төгрөг хайрхан уул орчмын нийт 1743,83 га талбайг аймгийн тусгай хамгаалалтад авчээ.
Энэхүү уул нь далайн түвшнээс дээш 1320 м өндөрт Сайхан-Овоо сумын төвөөс зүүн хойш 30 км зайд оршдог. Уртаараа 0,5 км, өргөн нь 0,3 км, нийт 572,03 га талбайг эзлэн оршдог.
Тогтоцын хувьд тэмээний бөх шиг хэлбэртэй шүтээн хайрхнаа нутгийн ард иргэд эртнээс шүтэж, шинийн 3-нд гарч сүлд хийморь, эд хөрөнгө, мал сүрэг, заяа буянаа даатгаж цай сүүнийхээ дээжийг өргөж тахиж шүтдэг заншилтай.
Төгрөг хайрхан уул нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутаг бөгөөд эрт дээр үеэс нутгийн иргэд тахиж, баян хангай гэж шүтэж хамгаалж ирсэн уламжлалтай. Тиймээс Сайхан-Овоо сум есөн гайхамшгийнхаа нэгээр тодруулсан аж.
Харин Харганы шугуй нь Сайхан-Овоо сумын төвөөс баруун хойш 30 км зайд Онги голын баруун эрэг дээр оршдог. Нийт 1171,8 га талбайг хамардаг, түүх соёлын дурсгалыг хадгалсан байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутаг. Эрт үеэс нутгийн иргэд мөн хамгаалж ирсэн уламжлалтай юм байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ