Өмнөд Солонгосын иргэн, 78 настай эрэгтэй Сөүл хот дахь Япон улсын Элчин сайдын яамны өмнө өөрийгөө шатаажээ. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч хүнд түлэгдсэний улмаас хэдэн цагийн дараа нас барсан байна. Ким овогт эрэгтэй Японы Элчин сайдын яамны урд байрлах авто зогсоолд автомашинаа байршуулчихаад гал тавьжээ. Хэргийн газраас гэрээслэл олоогүй боловч гал тавихад ашигласан шатамхай материал олджээ. Тэрбээр автомашиныг танилаасаа түр гуйж авсан байсан аж.
Ким нь Японыг эсэргүүцэн, өөрийгөө шатаасан болохыг танил нь цагдаагийн газар руу утасдаж мэдэгджээ. Гэр бүлийнхнийх нь мэдээллээр, Ким нь 1910-1945 онд Солонгосын хойг Японы түрэмгийлэлд байхад албадан хөдөлмөр эрхэлж байсан хохирогч аж. Гэхдээ цагдаа нар энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулна гэж мэдэгджээ.
Хэрэв тэрбээр Японыг эсэргүүцэн, өөрийг шатаасан нь батлагдвал хоёр орны хооронд худалдааны зөрчил үүссэнээс хойших анхны тохиолдол болох аж. Япон нь өндөр технологиор гарган авсан материалаа Өмнөд Солонгос руу экспортлох нөхцөлөө чангатгаснаар хоёр орны хоорондын зөрчил сэдэрчээ.
Эх сурвалж: LOS ANGELES TIMES