Аминишики зодог тайлна

Хуучирсан мэдээ: 2019.07.20-нд нийтлэгдсэн

Аминишики зодог тайлна

Аминишики зодог тайлна

Японы мэргэжлийн сумо бөхийн Исэгахама дэвжээний сумоч Аминишики буюу Рюүжи Сугиномори зодог тайлахаар болжээ. Тэрбээр “Зодог тайлах нь хамгийн ухаалаг шийдвэр байлаа. Ээлжилсэн олон гэмтэл бэртлийг давж гарсаар ирсэн ч энэ удаагийн гэмтлийн дараагаар дахин барилдах утгагүй гэж бодлоо. Шийдвэртээ би харамсахгүй байна” хэмээн өгүүлсэн байна.

Аминишики Харумафүжи Д.Бямбадорж, Тэрүнофүжи Н.Ган-Эрдэнэ нартай нэгэн дэвжээнд бэлтгэл сургуулилтаа базаадаг байсан билээ. Кёкүшюзан Д.Батбаяр, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Кёкүтэнзан Д.Энхбат нартай зэрэгцэн гарч ирсэн Аминишики нэг хэсэг ёкозүна, озэки нарын "эрлэг" гэгддэг байсан ч хоёр өвдөгний бэртлийн улмаас амжилт нь огцом уруудан, сүүлийн гурван жил жюүрёо зиндаанд барилдсан юм.

Энэ сарын башёд 50-иас дээш хувийн амжилт үзүүлж чадахгүй бол макүшита зиндаа руу буух эрсдэлд орсон тэрээр хоёр дахь өдрийн барилдаанд Рюүкотой барилдахдаа баруун өвдөгний гэмтлээ сэдрээж, тэмцээнийг орхисон билээ.

Өдгөө 40 настай Аминишики дээд зиндаанд нийт 117 башё барилдсан нь агуу озэки Кайотай зэрэгцэх бөгөөд нийт 12 удаа уран, дайчин, гарамгай барилдааны шагналууд хүртсэн байна.

1997 оны нэгдүгээр сард анх мэргэжлийн сумод хөл тавьж, дэвжээнээ 22 жил гаруй барилдаж, секивакэ цол хүртэж үзсэн Аминишики долоон настайгаасаа сумогоор барилдсан гэдэг.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж