“Монгол, Казахстан жюү жицүгийн спортоор улам ойртож буй нь сайхан байна”

Хуучирсан мэдээ: 2019.07.20-нд нийтлэгдсэн

“Монгол, Казахстан жюү жицүгийн спортоор улам ойртож буй нь сайхан байна”

“Ньюс” агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.

МОЛДИР МЕКЕНБАЕВА: МОНГОЛД АНХ УДАА ИРЭЭД, САНДАРЧ БАЙНА

Жюү жицүгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад анх удаа болж байна. Бөхийн өргөөнд эдгээр өдрүүдэд болж буй тэмцээнд 24 орны баг тамирчид оролцож, шилдгүүдээ тодруулж эхлэв.

Энэ удаа Казахстаны багийн бүрэлдэхүүнд 2016 онд 49 кг-ын жинд дэлхийн аварга цолыг хүртэж байсан Молдир Мекенбаева багтсан юм. Тэрбээр өнөө өглөө Нурсултан-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр буулаа. Түүнтэй Монголд ирсэн даруйд нь ярилцсанаа хүргэе.

-Монголд тавтай морил. Анх удаа манай улсад ирж байгаа гэж сонслоо. Таны сэтгэгдлийг сонсмоор байна?

-Онгоцноос буугаад удаагүй ч агаар нь цэвэрхэн сайхан санагдлаа. Монголд анх удаа ирж байгаа болоод ч тэр үү сандарч байна шүү. Гэхдээ уулзсан эхний хүмүүсээс эхлээд сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Та бүхэнд баярлалаа. Миний хувьд гэнэтийн зүйл болж байна.

-Яагаад Жюү жицү бөхийн төрөл сонгох болсон бэ. Энэ талаар сонирхмоор байна?

-Энэ спортыг сонгоход манай гэр бүлийнхэн нөлөөлсөн. Миний эгчийн нөхөр жюү жицүгээр барилддаг байсан. Тиймээс надад энэ төрлийг сонгоход ойр байлаа.

-Монголд болж байгаа тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ хэрхэн авсан бэ?

-Дотоодын өрсөлдөөн их. Гэхдээ мэдээж жиндээ нэг, хоёрдугаар байранд орсон нь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд явдаг. Энэ шалгуурын дагуу өнөөдөр Монголд ирлээ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Н.БОЛОРЧУЛУУН


МОНГОЛ ЦООЖ ТҮҮХИЙН ДУРСГАЛ БОЛЖ ҮЛДЖЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурван жил тутамд нэг удаа зохион байгуулдаг “Монгол дархны урлал, түүх орчин үе” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг наадмын өмнөхөн  /2019.07.05/ Шинжлэх ухааны академийн хурлын танхимд зохион байгуулсан талаар бид мэдээлсэн.

Уг олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын үеэр нэгэн сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн нь Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Отгонбаатарын илтгэл юм. Монголчуудын дунд төмөр цоож нь түгжиж хамгаалахаас гадна балчир хүүхдийн сахиус хамгаалалтын бэлгэдлийн шинжтэй байжээ.

Жижиг цоожийг хүүхдийн бариувч дээл, өлгийд зүүж өгснөөр тухайн хүүхдийн амь нас, эрүүл мэнд цул төмөр шиг бат бөх байхыг бэлгэдсэн байдаг тухай түүний яриа сонирхол татаж байв. Олон жилийн турш монгол дарханы ур ухаан шингэсэн, ховор, содон монгол цоож цуглуулж байгаа Р.Отгонбаатартай цуглуулгынх нь талаар ярилцсанаа хүргэе.

-Та сайхан наадав уу?

-Сайхан. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

-Та хэзээнээс монгол цоож цуглуулж эхэлсэн бэ? Энэ талаар яриагаа үргэлжлүүлэх үү?

-За тэгье. Миний бие 1955 онд Хөвсгөл аймагт төрсөн хүн. Би 1963-1973 онд дунд сургуульд сурч байхдаа нутгийн дархчуудыг дагаж монгол цоож хийлцэж, төмрөөр юм хийх дуртай хүүхэд байлаа. Тухайн үедээ нутгийнхаа хүмүүст хаясан, гээсэн түлхүүр нэлээд олныг хийж өгч, тусалж байхдаа цөөхөн цоож, түлхүүрийн цуглуулгатай болсон. Улмаар 1978 онд Монгол Улсын их сургуулийн оюутан болж ирээд, тэр үеийн хар зах дээгүүр сониучлан явахад цоожгүй түлхүүр нэлээд элбэг, бас түлхүүргүй цоож цөөнгүй зардаг байлаа. Түүнээс шилж сонгон аль адармаатай, эрт цагийн бололтой хийцийн цоож түлхүүр бололцооны хэрээр цуглуулж эхэлсэн юм. Цуглуулга маань миний хүүхэд наснаас сонирхон оролдож байсан зүйл, хоёрт монгол ур ухааны чухал дурсгал гэж бодоод идэрхэн үедээ арай эрч хүчтэй анхаарал хандуулж, нэгэнт цуглуулсан учир мянга орчим нэгжтэй иж бүрэн цуглуулга болгоё гэж хичээсээр өдийг хүрлээ. Ер нь бидний ярьж хэлдгээр “Дархан хүн бурхан ухаантай” гэдэг мэргэн үгийн чухам бурхан ухаан нь оньс цоожны элдэв адармаатай өргөс түлхүүрүүдэд тусгалаа олсон байдаг.

-Таны олон жил цуглуулсан цуглуулгад одоо хэчнээн төрлийн цоож байна вэ?

-Миний хувьд өнгөрсөн хагас зуу орчим жилийн хугацаанд өөрийн цуглуулгадаа 400 гаруй цоож, 500 гаруй түлхүүртэй болжээ. Бас цөөн тооны даруулга, цүү, цуурга зэрэг дагалдах хэрэгсэл ч бий. Миний энэхүү цуглуулга нь дан ганц монгол нутгийн, монгол урчуудын хийцийн цоож гэдгээрээ онцлог юм. Одоо ч сонин цоож тааралдахгүй л бол худалдаж авахаа больсон. Хүн нас ахихаар сонирхол ч буурдаг юм байна. Миний хувьд зөвхөн монгол цоожоо л цуглуулдаг.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
А.ЦЭЭСҮРЭН

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж