“Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл долдугаар сарын 22-ны өдрөөс эхлэхтэй холбогдуулан “Нийслэлийн Орон сууцны корпораци”-иас өчигдөр /2019.07.19/ нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийсэн юм.
ЦАХИМ БҮРТГЭЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
Энэ үеэр нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар мэдээлэл өгөхдөө “Түрээсийн орон сууцны 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр үлдсэн 40 хувийг газар чөлөөлөлтөд орсон иргэдийг орон сууцжуулахаар нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан. Үүнтэй холбоотойгоор “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг шинээр батлуулсан. Бид энэ сарын 22-наас түрээсийн орон сууцын цахим бүртгэлийг эхлүүлэхээр бэлэн болоод байна.
Цахим бүртгэлийг нийт 14 хоногийн хугацаанд 24 цагийн турш амралтын өдрүүдээр нээлттэй явуулна. Иргэд хамгийн түрүүнд бүртгүүлснээрээ хамрагдах уу гэж их асууж байна. Хамгийн гол нь гэр бүлээрээ сайн ярилцаж, судалсаны үр дүнд бүртгүүлэхийг зөвлөж байна. Иргэд бүртгэлийн 14 хоногийн хугацаандаа багтан наймдугаар сарын 5-ны дотор хэзээ ч бүртгүүлэх боломжтой.
Түрээсийн орон сууцны цахим бүртгэлийг http://nosk.ub.gov.mn/#/ вэб сайтаар нэвтрэн орж бүртгүүлнэ. Сошиалд цахим бүртгэлтэй холбоотой худал мэдээллүүд ихээр цацагдаж байна. Өнөөдрийн байдлаар “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцанд нэг ч айл эрхээ аваагүй, байрандаа ороогүй байгааг албан ёсоор мэдэгдье. Манай байгууллагын хувьд зөвхөн бүртгэлийн ажлыг зохион байгуулна. Үүний дараагаар Орон сууцны комисс болон нийслэлийн Засаг даргын дэргэд Орон сууцны зөвлөл гэж бий. Эдгээр байгууллагууд сонгон шалгаруулалтыг хариуцан ажиллаж, давхар хуулийн байгууллага хяналт тавьж ажиллана” гэв.
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ БАЙРНЫ НЭГ АМ.МЕТРИЙН ҮНЭ 1.450.000 ТӨГРӨГ
Тэрбээр "Иргэдэд таван жилээр түрээсийн орон сууцны түрээслээд өмчлүүлэх хэлбэрийн байрны нэг ам.метрийн үнэ 1.450. мянган төгрөг. Энэ бол бол Хөгжлийн банкнаас нийслэлийн Орон сууцны корпорациас шилжиж ирж байгаа үнэ. Бид энэ үнэ дээр ямар ч мөнгө нэмээгүй. Харин энгийн түрээсийн хамгийн доод үнэ бол 137.550-411 мянган төгрөгийн үнэтэй. Энэ үнэ нь байрныхаа ам.метрээс шалтгаалж байгаа. Байраа түрээслээд өмчлөх хүсэлтэй иргэдийн урьдчилгаа төлбөрөөсөө хамаарч, 30 хувиа төлсөн иргэд хамгийн багадаа 284 мянган төгрөг төлөх бол хамгийн ихдээ 1.600 мянган төгрөг хүртэл хэлбэлзэж байна. Тэгэхээр өөрсдийн амьдрах хүсэлтэй байрныхаа ам.метрийн хэмжээнээс хамаарч, сард төлөх түрээсийн төлбөрөө гаргаж, байраа сонгох боломжтой” гэсэн юм.
ХОЁР, ГУРВАН ӨРӨӨ БАЙРАНД ЗӨВХӨН ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭД ХАМРАГДАНА
Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд 68.56 ам.метртэй гурван өрөө, 39.30 ам.метртэй хоёр өрөө, 49.23 ам.метртэй хоёр өрөө байрнаас сонголтоо хийх гэнэ. Ингэхдээ журамд заасны дагуу найман төрлийн ангилал нэгд нь хамрагдан цахим бүртгэлд бүртгүүлнэ гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. Нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар нь “Хүмүүс багш, эмч, сэтгүүлчдэд квот өгөх үү гэж их асууж байгаа. Ямар ч байгууллага, мэргэжилтэнүүдэд квот өгнө гэсэн асуудал байхгүй. Зөвхөн нийслэл хотын гэр хороололд амьдарч байгаа иргэд хамрагдах боломжтой” гэдгийг санууллаа.
ЗЭЭЛТЭЙ Ч ТҮРЭЭСЭЭ ТӨЛӨХ ЧАДВАРТАЙ БАЙХ ЁСТОЙ
“Олон жилийн өмнө ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүртгүүлсэн бүртгэлүүд одоо хүртэл байж байгаа. Эдгээр иргэдийн хувьд дахин цахим бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай юу гэж асууж байна. Манай байгууллагаас бүх иргэдийг тэгш эрхтэйгээр цахим бүртгэлд хамруулахаар төлөвлөсөн. Мөн нийслэлийн Захирагчийн ажлын албанд нийтдээ 5700 гаруй иргэдийн бүртгэлийн мэдээллийг нийслэлийн Орон сууцны корпораци руу шилжүүлсэн. Тэгэхээр өмнө нь бүртгүүлсэн иргэд цахим бүртгэлд бүртгүүлж тэнцсэн тохиолдолд дахин материал бүрдүүлж өгөх шаардлагагүй. Харин тухайн иргэний материал хуучирсан бол шаардлагатай тохиолдолд холбогдох материалуудыг шинээр бүрдүүлж, авах болно” гэдгийг мэргэжилтэн танилцуулсан юм. Мөн ахмад настан тэтгэврийн зээлтэй ч түрээсийн төлбөр төлөх боломжтой бол түрээсийн орон сууцанд хамрагдана. Хэрвээ зээлтэй, үлдсэн тэтгэврийн мөнгө нь түрээсийн төлбөр төлж хүрэхгүй бол хамрагдах боломжгүй гэдгийг албаныхан тайлбарлалаа.
ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ БҮРТГҮҮЛВЭЛ ХАР ЖАГСААЛТАД ОРНО
“Нийслэлийн Орон сууцны корпорацийн нэрийг барьж, иргэд нэлээдгүй залилан хийсэн гэдэг мэдээллийг хүлээн авсан. Хэрвээ манай ажилтан тийм үйлдэл гаргасан нь хуулийн байгууллагаар тогтоовол хариуцлага тооцно. Иргэдийн хувьд түрээсийн төлбөрөө төлж чадахгүй, банкны болон бусад зээлтэй асуудал үүсгэдэг. Иргэдийн хувьд зээлтэй байж болох ч түрээсээ төлөх чадамжтай байх ёстой.
Цахимаар бүртгүүлж буй иргэд худал, хуурамч мэдээлэл бүртгүүлбэл нийслэлийн Орон сууцны корпорацийн хар жагсаалтад орно. Тийм болохоор иргэд журмаа сайн уншиж, ярилцсаны үр дүнд бүртгэлээ хийх нь зүйтэй. Мөн орон байргүй түрээсийн байранд амьдардаг иргэд түрээсийн орон сууцанд хамрагдах боломжтой. Таны үл хөдлөхийн лавлагаагаар үл хөдлөх хөрөнгөгүй, хорооны тодорхойлолтоор орон гэргүй гэдгээ тогтоовол хамрагдана” гэдгийг тус корпорацийн дэд захирал С.Дорждэрэм яриандаа онцлов.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ