Монгол Улсад анх удаа жюү жицүгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Бөхийн өргөөнд болж буй тэмцээнд 24 орны 400 гаруй тамирчид жюү жицүгийн Ne Waza, Fighting JiuJitsu, Contact JiuJitsu, Duo System гэсэн дөрвөн төрлүүдэд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав.
Өчигдөр үндсэн төрөл болох Ne Waza төрлийн жингийн барилдаан болж, медальтнууд тодорсон. Тэмцээний өмнө олны анхаарлыг татаад байсан үзэсгэлэнт бүсгүй Казахстаны тамирчин Молдир Мекенбаева мөнгөн медальт хүртжээ. Тэрбээр 52 кг-ын жинд өрсөлдөж, аваргын төлөөх барилдаанд нутгийн тамирчинд ялагдан Ази тивийн дэд аварга боллоо.
Молдир Мекенбаева 2016 онд 49 кг-ын жинд барилдаж, дэлхийн аварга болсон бол дараа жил нь дэд аварга болж байжээ. Өнгөрсөн жил Филиппинд болсон Азийн наадамд эхний барилдааны Монголын М.Баярмаатай хийж, ялагдал хүлээсэн түүний хувьд энэ жилээс эхлэн 52 кг-ын жинд барилдаж байна. Азийн наадамд гоо үзэсгэлэнгээрээ чимэж байсан Молдир Мекенбаева энэ жил анх удаа Улаанбаатарт саатлаа. Хэдийгээр аварга болохоор зорьж ирсэн ч түүний хувьд мөнгөн медальтай буцах болов.
Казахстаны жюү жицүгийн шигшээ багт багтаж, математикийн чиглэлээр суралцаж байгаа авьяаслаг бүсгүй хэд хэдэн кинонд тоглоод амжжээ. Мекенбаева одоогоор оюутан бас тамирчин учир бусад ямар зүйлд анхаарлаа хандуулахгүй байгаагаа хэлж байв. Түүний хувьд чөлөөт цагаараа найзуудтайгаа жюү жицүгийн бэлтгэл хийдэг шигшээ шатар тоглодог аж.
Монголд болж буй тэмцээний онцлох тамирчны нэг болсон Молдир Мекенбаева өнгөрсөн онд Азийн наадамд М.Баярмаад ялагдаж их зүйлийг ойлгожээ. Монголын бөхчүүд жүдо, самбо зэрэг бөхийн олон төрлөөр хичээллэдэг нь гартаа их бяртай гэдгийг онцолж, Азийн наадамд том зорилготой очсон ч ялагдсандаа багагүй сандарсан гэдэг.
Өчигдөр манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ОУХМ М.Сугар алтан медаль хүртсэн бөгөөд түүний хувьд энэ жиндээ ДАШТ-ий анхны алтан медалийг эх орондоо авчирч байсан юм.
Мөн контакт жюү жицүгийн төрөлд эрэгтэйчүүдийн 56 кг-д Б.Алтансүх мөнгөн медалийн эзэн болсон бол Файтинг төрлийн эрэгтэйчүүдийн -77 кг-д Т.Мөнх аваргын алтан медалийг хүртжээ.
Бөхийн өргөөнд болж жюү жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр, маргааш өсвөрийн тэмцээнээр үргэлжлэн өндөрлөнө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй “Азийн хүүхдүүд 2020” наадмын Тest event өсвөр үеийн тэмцээний медальтнууд өнөөдрөөс эхлэн тодорно.
Холбоотой мэдээ